Гадаадад гаргах ажиллах хүчийг 20 хувиар бууруулна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өчигдөр эхэлсэн юм. Зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж өнөөгийн болон цаашдын зорилтын талаар хэлэлцэж тэдний саналыг сонслоо. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль, Авлигатай тэмцэх хууль, салбарын үйл ажиллагаа, хөрөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм.
Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 320-420 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоож 2019-2020 онуудад мөрдөхөөр болов.
Зөвлөгөөний эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлийн эсрэг хүчирхийллийг буруулах зэрэг нь манай салбарын гол зорилго.
Энэ хүрээнд 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан төрийн албан хаагчдын цалинг 2018 оны есдүгээр сарын 1 болон 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмэгдүүллээ.
Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 320-420 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоож 2019-2020 онуудад мөрдөхөөр болов. Мөн тэтгэврийг дунджаар 59.6 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, шинэ хуулиар 6800 малчин тэтгэврээ тогтоолгож, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулсан. Тэтгэврийн насыг зургаа биш гурван сараар нэмэгдүүлэхээр болсон зэргээр салбартаа хийсэн ажлаа танилцуулсан юм.
2019 онд Хөдөлмөр эрхэлтийг дэмжих хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас мэргэжилтэн авах, Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох аргачлалыг шинэчлэн сайжруулна гэсэн юм. 2019 онд 40 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болгож гадаадад ажиллагсдын тоог 20 хувиар бууруулахаар ажиллана гэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан гарах хуулиудад орох өөрчлөлтийг УИХ-аар батлуулах юм байна. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөнд 250 гаруй удирдах ажилтан оролцож байна. Авлигатай тэмцэх газраас төрийн албанханд зайлшгүй мэдэх шаардлагатай хууль эрх зүйн талаар мэдээлэл өгч буй нь онцлог байлаа.