Ц.Цогзолмаа: Орост сургуульд элсээд хичээлийн анхны өдөр ээждээ захидал бичсэн
-Захидал бичих соёл олон зууныг дамжиж ирсэн. Гэлээ ч цахим хэрэгсэл олширсон өнөө үед хүмүүс хоорондоо и-мэйл, мессэж бичдэг болсон. Түүнчлэн мэндчилгээ дэвшүүлэхдээ хүртэл энэ төрлийн хэрэгсэл ашиглаж байна?
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй болох гэж байна. Тиймээс нийт уншигчдыг цаг зав гаргаад МҮОНРТ, НАМЭХ хамтран зохион байгуулж буй уралдаанд оролцож, ээждээ захидал бичээрэй гэж хэлэхийг хүсч байна. НАМЭХ-ны орон нутаг дахь салбарын удирдлагууд саяхан чуулж, Улаанбаатар хотод семинар, сургалтанд хамрагдсан. Хүмүүс нийгмийн, гэр бүлийн амьдралд ээжийн болон эмэгтэй хүний үүрэг маш чухал гэдгийг мэддэг, байнга ярьдаг. Гэлээ ч бодит амьдрал дээр ээждээ яаж тусалж, хэрхэн баярлуулдаг вэ. Ээж хүн үр хүүхдийнхээ төлөө цаг, минут, мөч бүрийг зарцуулдаг. Тэр их хичээл зүтгэл, нойр, хоолоо умартсан сэтгэлийг хүүхдүүд нь хэр сайн мэдэрдэг гэдгийг дээрх уралдааныг хамтарч зохион байгуулахдаа, ирсэн захидлуудыг уншихдаа мэдсэн. Мөн энэ чиглэлд илүү их анхаарах ёстой юм байна гэж бодсон.
Аливаа асуудлыг цаг хугацааны үнэлэмжтэй нь хамт хүнд ойлгуулах нь маш чухал ач холбогдолтой гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ээждээ нэг цэцэг бэлэглэснээр тэр хүний сэтгэлийн илэрхийлэл бүрэн гүйцэд бий болохгүй юм байна. Тиймээс олон жилийн дараа ч хадгалагдах, сэргээн харж болох чин сэтгэлийн бэлгээ ээждээ захидлаар дамжуулж хүргэх юм бол ижийтэйгээ байсан бүх цаг мөчөө эргүүлж бодох, алдаа оноогоо олж харах боломж олддог. Тийм учраас бидний хамтарч зохион байгуулж буй уралдаан маш олон хүнд хүрч, ирж буй захидлын тоо жилээс жилд нэмэгдэж байгаад маш их талархаж байна. Монголын мянга мянган ээжид хүүгээс нь, охиноос нь, үр хүүхдээс нь хүргэж буй мэндчилгээ мартагдахгүй дурсамжийг үлдээж байгаа. Энэ түүхийг НАМЭХ хамтран бичилцэж байгаадаа талархаж байгаагаа уламжилж байна.
-МҮОНРТ “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдааныг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Манай захидлын уралдаанд уржнан жил 2300, өнгөрсөн онд 2500 орчим, нийтдээ ойролцоогоор 25000 захидал ирсэн.
-Нийгэм өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологийн дэвшил хүний ажил амьдралыг хөнгөвчлөх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр сайн нөлөө үзүүлж байна. Гэвч гэр бүлийн гишүүд бүгд гар утастайгаа “ноцолдоод” өөр хоорондоо ярилцах нь багассан. Нөгөөтэйгүүр компьютер, гар утасны цаанаас мэндчилгээ хүргэдэг амьд бус харилцаа бий болсон.
Том зургаар нь харвал бид байгуулж буй нийгмээ яаж амьд болгох вэ гэдгийг эргэж бодох цаг болсон байна. НАМЭХ эмэгтэйчүүдийн дунд хэд хэдэн судалгаа явуулдаг. Эмэгтэйчүүдийн дунд явуулсан амьдралын чанарын судалгаагаар гэр бүл салалтын дүн сүүлийн арван жил өссөн үзүүлэлт ажиглагдсан. Тэгэхээр гэр бүлийн дулаан уур амьсгал алга болж, хүүхэд ээж, аавтайгаа хамт байх, эцэг эх нь үр хүүхдээ хүмүүжүүлэх үнэт зүйлээсээ холдож байна гэсэн дүгнэлт хийхээс аргагүйд хүрч байна.
“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаанд ирсэн зарим захидлаас харахад ээжийгээ алдчихсан, байхгүй болсон хойно нь маш их харуусал, нулимстай бичсэн захидал байсан. Тэгэхээр хожим хойно ийм захиа бичих бус ээжийгээ байхад нь яаж урт наслуулах, эрүүл эсэн мэнд байлгах, ээжтэйгээ хамт удаан амьдрах орчныг бүрдүүлэх тал дээр бодоосой гэж бодож байна.
-Уралдааны зар нийтлэгдсэнээс хойш нийслэлээс болон Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгаас захидал ирсээр байна. Та Зөвлөлт холбоот улсад оюутан байсан. Тухайн үед голдуу захидлаар харилцдаг байсан. Та ээждээ захидал бичиж л байсан байх. Энэ талаараа дурсаач?
-Маш гоё асуулт асуусанд баярлалаа. Би 1986-1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуульд элсэж суралцсан. Анх гадны оронд очоод тухайн орны хэл мэдэхгүй байсан учир анхны лекцэндээ сууж байхдаа хамгийн түрүүнд ээждээ захидал бичсэн. Захидалдаа “Ээжээ охин нь хичээлдээ сууж байна. Орос хэл мэдэхгүй болохоор багшийн заасныг бүрэн ойлгохгүй байна. Гэхдээ та минь битгий санаа зовоорой. Удахгүй хэлээ сайн сураад багш нарынхаа лекцийг эх хэлээрээ сонсож байгаа юм шиг ойлгодог болно. Маш сайхан оронд ирлээ” хэмээн бичиж байсан. Тухайн үед Оросоос бичсэн захидал 14-21 хоногийн хугацаанд Монголд ирдэг. Бичсэн захианыхаа хариуг нэг сар гаруй хугацааны дараа авдаг учир тэр хугацаанд миний захиаг ээж минь, гэрийнхэн минь авсан болов уу гэсэн маш их хүлээлт үүсдэг байсан.
Захидал бичнэ гэдэг нь нэг талаараа маш том сорилт. Би захидалдаа ээжийгээ гомдоох үг оруулчихсан биш байгаа гэж бодоод ахиж бичиж байсан үе бий. Би хоёрдугаар курсийнхаа амралтаар Монголд ирээд аавынхаа ажлаар орсон. Тэгсэн байгууллагынх нь хүндэт самбарт миний аавдаа гурван жилийн өмнө бичсэн захидал байсан. Тэр захидлаа гуйгаад эргүүлж авсан. Аав минь тэр захидлыг тэгж удаан хадгалсан юм билээ. Захидал гэдэг ийм л үнэ цэнэтэй, амьд харилцаа. Захидал хүмүүсийн хоорондын харилцааг үгээр хэлэхийн аргагүй утга учиртай амьд болгодог байжээ.
Би сүүлийн үед чуулганы хуралдаан болон хэвлэлийнхэнд цахим ертөнцийг хуулиар цэгцлэхгүй бол тэнд бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг орчин болсон талаар дурдсан. Монголчууд хэл соёл, утга зохиол, уран яруу найруулгын маш өндөр чадамжтай ард түмэн хэрнээ соёлынхоо биет бус өвөөс холдож байна. Цөөн хэдхэн үг ашиглаж мессэж бичдэг, ингэхдээ байнга үгээ товчилдог болсон.
Монголчууд монгол хэлээ хадгалж чадсан үедээ л хүчирхэг хэвээр байна. Тиймээс энэ захидлын уралдаан анзаарагдахгүй алдаж, холдож буй үнэ цэнэтэй зүйлийг сэргээн сануулж өгөх болов уу.
-Манай захидлын уралдаанд орон нутгийн оролцогч нар идэвхтэй оролцдог. Өнгөрсөн онд хамгийн өндөр настай оролцогч 74 настай хүн байсан. Мөн 5-6 настнууд болон ЕБС-ийн сурагчид ангиараа “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд оролцдог. Эмэгтэйчүүд, ээжүүд үр хүүхдээ өсгөхөөс гадна ямар олон үүрэг хүлээдэг нь тэдгээр захидлаас харагддаг. НАМЭХ уралдаанд ирсэн захидлуудыг уншаад хэрэгтэй бодлого, ажлыг амьдралд хэрэгжүүлж байгаад баяртай байна?
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ихэнхдээ чадалтай бололцоотой хүмүүсийн талаар л ярьдаг. Гэтэл “хөшигний цаана” үнэхээр хүнд амьдралтай байгаа эмэгтэйчүүд, ижийгээ алдаад өнчирч хоцорсон хүүхдүүд, ижий нь хэвтэрт орсон хүмүүс ч бий. Чадалтай боломжтой нэг нь чадалгүй, боломжгүй байгаа нэгэндээ туслахыг л хүмүүнлэг нийгмийн гол амин сүнс гэж ойлгодог. Тиймээс эмэгтэйчүүдийн байгууллагын нэн чухал үүрэг бол хүмүүнлэгийн ажил зохион байгуулах. Манай холбоо Сар шинийн баяраар туслах хүнгүй хүмүүст түлээ модыг нь бэлдэж өгөх, аль болох халамжлах хүнтэй болгох, хамаатан садан, хороотой нь холбож өгөх ажлыг зохион байгуулсан.
-Монгол хэлээрээ үг үсгийн алдаагүй бичих дадал хэвшил сурагчдын дунд буурч байна. Хүүхдүүд захидал бичсэнээр монгол хэлээрээ зөв бичих дадал сууна гэж боддог. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Сошиал орчинд олон тооны эерэг, сөрөг коммент бичиж, лайк, шэйр цуглуулдаг “мэргэжил” бий болжээ. Ийм хиймэл бүлэг бий болвол хожим залуусынхаа оюун санаа, сэтгэлзүйг яаж буцааж эргүүлэх вэ. Үнэт зүйлийг нь хэрхэн бий болгох вэ. Монгол хэл бол монгол хүн байхын хамгийн том суурь. Тийм учраас төр болон боловсролын байгууллагууд монгол хэлний хичээлийн цагийг багасгахгүй байх хэрэгтэй. Мөн Монголын түүхийн хичээлийн цагаас хасахгүй байх ёстой. Цаашлаад их, дээд сургуульд элсэгчид монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтанд өндөр оноо авсан байх шаардлагатай. Ингэснээр өнөөдөр гуравхан сая монголчууд энэ даяарчлалын цаг үед монголоороо үлдэх үнэт зүйлээ хадгалж чадна. Хүүхдүүд спорт болон өөр бусад зүйлээр хичээллэх, өөрийгөө хөгжүүлэхийг буруутгах аргагүй.
Гэхдээ монгол хэлээрээ сайн ярьдаг, өөрийгөө илэрхийлдэг тэр чадамжийг бий болгосны дараа хоёр, гурав дахь хэл, авьяасаа хөгжүүлдэг болгохын төлөө бид ажиллах ёстой. Энэ өвийг түүчээлдэг, тархаадаг хүмүүс бол эмэгтэйчүүд. Яагаад гэвэл хүүхэд ээжээсээ бүх зүйлийг өвлөж авдаг. Хүүхэд ирээдүйд хэн болох толь нь ээж, аав хоёр нь байдаг гэдэг шүү дээ.
Судалгаанаас харахад хүүхэдтэйгээ ярьдаг, хэлд орох хөшүүргийг нь хийж өгдөг ээжтэй хүүхдүүд маш хурдан хэлд ордог. Эсрэгээрээ хүүхэдтэйгээ ярьдаггүй, ярилцдаггүй ээжүүд байдаг. Ийм ээжтэй хүүхдүүд оройтож хэлд ордог. Ирээдүйд хүүхэд нь хэн болох вэ гэдэг ээжээс нь шалтгаалдаг. Тийм учраас ээжийгээ хайрласан, ойлгосон хүн муу явахгүй.
Хэдий бид зөвхөн захидлын тухай ярьж байгаа ч гэсэн ээжийн тухай сэдэв гэдэг бол нийгмийг тойрсон асар том агуулгатай сэдэв юм. “Ээждээ захидал бичээрэй” уралдааныг зохион байгуулагчид ирсэн захидлуудыг архивлаж байгаа.
Тэгвэл ирсэн захидлуудыг нэгтгээд ном болгож хэвлүүлвэл арван жилийн дараа монгол хэлний үгийн сан хомстож байна уу, нэмэгдсэн үү гэдгийг тогтоох хэлзүйн асар том судалгааны материал, лавлах болно гэж бодогдож байна. Тиймээс уралдаанаа өргөжүүлээд ирсэн захидлаа нэгтгэж, ном гаргавал хэлзүйн шинжлэх ухаанд том судалгааны ажил болох байх.
-Ярилцсанд баярлалаа.
-Маш их баярлалаа. Амжилт хүсье.