2019.02.20
Монгол-Франц улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн ирэх онд тохионо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
1996 оноос хойш Монголоос 150 гаруй оюутан, багш Францад боловсрол эзэмшиж, мэргэжил дээшлүүлж, 50 орчим хүн мэргэжлийн тодорхой чиглэлээр туршлага судалж, богино хугацааны сургалтад хамрагдсан байна. Жил бүр 10 оюутанд тус яамны мэргэжлийн захиалгын дагуу тэтгэлэг олгодог.
Шинжлэх ухааны салбарт Монгол, Францын археологийн экспедици 1993 оноос байгуулагдсан бөгөөд 2003 онд Францын болон Монголын Ерөнхийлөгч нарын ивээл дор Хүннүгийн эзэнт гүрэн буюу “Тал нутгийн анхны эзэнт гүрэн” археологийн ажил эхлүүлсэн. Улмаар 1996-2014 оны хооронд Монголын түүхийн бараг бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага судалгааг 55 дурсгалт газарт хийж, нийтдээ 200 гаруй олдворыг Францын хамтрагчид 200,000 гаруй евро зарцуулж сэргээн засварлаж Монголын талд хүлээлгэн өгсөн зэрэг боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өргөн хүрээнд явагдаж ирсэн болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ.
Ирэх 2020 онд Монгол-Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хамтран зохион байгуулах боловсрол, соёлын арга хэмжээний талаар өнөөдрийн уулзалтаар санал солилцлоо.