Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд М. Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд М. Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн орчны судалгаа, сургалтын хөтөлбөр боловсруулах, баталгаажуулах үйл явцын талаар туршлага судлах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах тусгайлсан хөтөлбөртэй сургалтад багш нарыг оролцуулах, ижил төрлийн цэцэрлэг, сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоох, туршлага солилцох талаар санал солилцлоо.
Мөн Хоёр улсын их сургуулиудын туршлага солилцох зорилгоор хамтарсан археологи, этнографийн хээрийн судалгаа, миграци судлал, хот судлал, үндэсний шашин, хэл, соёл, түүхийг танилцуулах үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал, семинар хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцлаа.
Турк Улсын чөлөөт бөх, хүндийн өргөлт, хөлбөмбөгийн спортын төрлийн дасгалжуулагчдыг Монгол Улсад 2019-2021 онд гэрээгээр ажиллуулахад хамтран ажиллах уулзалтын хүрээнд мөн яригдлаа.
Монгол Турк хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулж ирсэн түүхэн замналтай. Үүнийг улам бүр өргөжүүлэх талаар хоёр тал харилцан санал солилцлоо.