БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2019.02.28

БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

БОАЖ-ын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр/ 2019,02,28/-нд эхэллээ. Зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат,  БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл,  яамны газар хэлтсийн дарга нар болон 21 аймгийн БОАЖ-ын газрын дарга нар, Сав газрын захиргаа, Тусгай хамгаалалттай газрын удирдлага болох нийт 140 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөний үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын онцолж байсан асуудал нь байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн удирдлагууд байгаль хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар нь ашиглахгүй байгааг БОАЖ-ын газрын дарга нарт анхааруулж, уг төлбөрийг зориулалтын дагуу ашиглуулах тал дээр анхаарлаа хандуулахыг захисан юм. 

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд УБ-СӨҮЛ-УБ чиглэлд гуравдагч агаарийн тээврийн компани үйл ажиллагаа явуулах эрх авсан нь энэхүү хүчин чармайлтын үр дүн гарч байгаа хэмээн онцолсон.

Энэ үеэр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нар Эрүүгийн тухай хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа  илэрхийлж байлаа. Тодруулбал “Хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан түймэр улсад 50 сая төгрөгөөс доош хэмжээний хохирол учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгож байгаа нь шударга бус” гэдэг шүүмжлэлийг гаргаж байв.

Мөн бугын эврээс жилд ердөө 30 сая төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрдөг бол бугын эвэр түүж байгаад гал алдсанаас болж улсад 34 тэрбум төгрөгийн хохирол учруулж байгаа асуудал гарсан явдалд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тиймээс  иргэд дуртай үедээ бугын эвэр түүдэг түүнээс болж байгаль орчин сүйтэж байгаа уг  асуудлыг цэгцлэх нэн  шаардлагатай  гэв.

Түүнчлэн ойжуулалтын асуудалд  анхаарал хандуулж 1га ойд зарцуулж буй 650 төгрөгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг санууллаа. Ойжуулалтад зарцуулж буй  хөрөнгө мөнгө бага учир үр дүн төдийлөн гарахгүй байгааг ч мөн хэлж байсан юм.

БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр нэгдсэн хуралдаанаа хийж салбарын хамаарал бүхий 10 гаруй илтгэлийг холбогдох газар хэлтсийн дарга нар тавьж хэлэлцлээ.  Маргааш /2019.03.01/-нд  салбар хуралдаанаар үргэлжлэх юм.