Эрүүлээр сэтгэгч
2019.03.11

Эрүүлээр сэтгэгч

НИТХ-д олонхи болсон МАН-ынхан өнгөрсөн гурван жилд хийсэн ганц гялтаах, олныг хамарсан ажил нь “Гэрэлтэй гудамж” хэмээх архидалтын үүр уурхай байлаа.

Сөүлийн гудамж буюу бидний ярьж сурсанаар Хүүхдийн 100-гийн гудамжинд дээр нь хэдэн гэрэл татаж, 60 гаруй жил ургасан модыг нь тайрч хаяж байгаад залуус шөнөжин архидах талбарын албан ёсоор нээж, түүнийгээ ажил хийсэн хэмээн аархаж байлаа.

Гэтэл саяхан сонгогдсон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан

“Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж, хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” хэмээн энэ сарын 5-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна.

Энэ шийдвэр эрх баригчдын заримд нь таалагдахгүй байгаа бололтой. С.Батболдын хийсэн ажлыг үгүйсгэж байна гэх мессеж их явах болов. Харин “Гэрэлтэй гудамж”-ны ойролцоох оршин суугчдын магнай тэнийж, архидалтаас ангижирсандаа баяртай байна. Арга ч үгүй биз. Шөнөжин чанга дуутай хөгжмийн дуунд хүүхэд нь унтаж чадахгүй хар дарж, өглөө нь шивтэр үнэртсэн тоглоомын талбайд тоглох нь хэнд сайхан санагдахгүй шүү дээ. Хотын нэгэн цэгт цуглан шар айраг, зуун грамм эргүүлэх нь хэнд хэрэгтэй юм. Үүнийг шинэхэн хотын дарга соргог мэдэрч, хэл ам дагуулсан ч эрүүл шийдвэр гаргалаа. Ядуу ч гэсэн эрүүлээр сэтгэвэл монгол хүний амьдрал ахуй дээшилнэ гэдэгтэй харин хэн ч маргахгүй байх аа.