Ж.Сандагсүрэн: Шилжилт хөдөлгөөнийг захиргааны аргаар хориглоод үр дүн гарахгүй
Улаанбаатар хотын захирагч асан С.Батболд нийслэл рүү ирэх шилжилт хөдөлгөөнийг 2017 онд хориглосон. Гэвч энэ хориг хэрэгжихгүй байгаа бөгөөд, харин ч бүртгэлгүй иргэд, зөвшөөрөлгүй хашааны тоо нэмэгдэж байна. Энэ талаар болон бусад асуудлаар СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.
-Дулааны улирал эхэлсэн энэ үед хөрсний бохирдлын асуудал санаа зовоож эхэллээ. СХД-т энэ талаар нөхцөл байдал ямар байна?
-Бид агаарын бохирдол яриад байгаа боловч хөрсний бохирдол бас их хүнд байна. СХД-т иргэд суурьшиж эхэлсэн 1980-аад оноос хойш 40 гаруй жил болчихлоо. Хашааны нэг өрх таван жилд нэг удаа модон жорлон буюу 00-оо шинээр ухдаг гээд бодъё. Тэгэхээр нэг хашаан дотор арав орчим булсан жорлон байна гэсэн үг. Тиймээс бид эхний ээлжинд айл, өрхүүд бохирын зөөвөрлөж болдог 00-той байхын ач холбогдлыг иргэдэд их сурталчилж байна.
-Тэгэхээр бохирыг нь соруулж, зөөвөрлөх чиглэлд анхаарч байна гэсэн үг үү?
-СХД-т бохир соруулах үйлчилгээ үзүүлдэг жижиг компани байгуулагдсан. Энэ компанийн иргэдээс авах үйлчилгээний төлбөр нь ч бага. Мөн дүүргийн хэмжээнд 00-ийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, гэрээ яаж дулаалах талаар аян өрнүүлж байгаа.
-СХД-ийн хэмжээнд ундны усны худгийн хүрэлцээ хэр байдаг вэ?
-Худгийн хүрэлцээ боломжийн. Сүүлийн жилүүдэд зөөврийн устай худаг гэж байхаа больсон. Бүгдийг нь гүний худаг болгож, шугам сүлжээгээр холболоо.
-Жилд дунджаар 30-40 мянган хүн нийслэл хот руу нүүж ирж байна. Баруун аймгаас нүүж ирж байгаа хүмүүс дийлэнхдээ танай дүүрэгт буучихаад байгаа. Хотын дарга асан Су.Батболд 2017 оноос нийслэл рүү ирэх шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан. Энэ хориг хэр хэрэгжиж байна. Зөвшөөрөлгүй бууж байгаа айлууд их байна уу?
-Байна. Нийслэлээс албан ёсоор шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Гэтэл бүртгэлгүй иргэд маш олон. СХД 320 гаруй мянган иргэнтэй гэж албан ёсоор бүртгүүлж байгаа ч, үнэн чанартаа 340 гаруй мянган хүн байгаа. Тэгэхээр үлдсэн хэсэг нь дандаа бүртгэлгүй иргэд гэсэн үг.
-Бүртгэлгүй иргэд юунд найдаж нүүж ирдэг вэ. Бүртгэлгүй учраас наад захын төрийн үйлчилгээг авч чадахгүй биз дээ. Гэтэл хашааны зөвшөөрлийг яаж олоод байгаа юм бол?
-Янз янзаар л бууж байна. Юун түрүүнд гэрээ ачиж ирээд хамаатныхаа хашаанд бууж байна. Нэг хашаанд нэг айл байна гэсэн ойлголт байхгүй. Дунджаар гурван айл бий. Түүнээс гадна зөвшөөрөлгүй газар очоод буучихдаг. Дүүргийн зүгээс нүүлгэх гэж янз бүрээр л үзнэ.
Гэхдээ үр дүнд гарахгүй байна. Харин хүүхэд нь сургууль, цэцэрлэгт орох үеэр бүртгэлгүй иргэдийг цэгцлэх боломж гардаг. Хөдөөний хүн гээд хүүхдийг нь сургуульд авахгүй байх эрх бидэнд байхгүй. Бүх хүн бүрэн дунд боловсролыг заавал эзэмших эрхтэй. Үүн дээр тулгуурлаж хаяггүй, бүртгэлгүй иргэдээ илрүүлэх боломж байна.
-Илрүүлээд яах уу? Жишээлбэл, Москвад хэн дуртай нь нүүж ирээд байшин бариад, өөрийгөө тэр хотын иргэн гэж хэлэх боломж хэзээ ч байдаггүй. Гэтэл Улаанбаатарт байгаад байна…
-Бид асуудлыг захиргааны аргаар яриад нэмэргүй. Бүртгэлгүй төрөх насны эмэгтэй байлаа гэж бодъё. Гарцаагүй тэр хүн эсэн мэнд амаржих эрхтэй. Тэр боломжийг нь хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэг нь бидэнд бий. Тийм болохоор асуудлыг захиргааны аргаар шийдэж, төрийн төмөр нүүр үзүүлэхээсээ илүү орлоготой нь уялдуулж, шийдэх хэрэгтэй байна.
-Энэ талаар дүүргээс ямар арга хэмжээ авч байна?
-Энэ чиглэлийн төрийн зарим үйлчилгээ бий. СХД жилд 2000 орчим хүнийг ажилд зуучилдаг гэсэн статистик гарсан. Түүнээс гадна миний хувьд өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдээ дэмжихэд нэлээн анхаарч ажиллаж байна. Тухайлбал, эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төв болон аравдугаар хорооллын Outlet төвд СХД-ийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулдаг дэлгүүрүүд ажиллаж байгаа.
-Дүүргийн хэмжээнд томоохон аж ахуйн нэгжүүдээс ямар татваруудыг цуглуулж авдаг юм бэ?
-Томоохон татварууд бүгд нийслэл рүү татагддаг. Харин дүүргийн хувьд жижиг ТҮЦ, лангуунаас авсан татвар үлдэж байна. Түүнээс гадна төрийн байгууллагуудын тэмдэгтийн хураамжуудаа татаж авдаг. Гэхдээ СХД-ийн хувьд тэр төрлийн татвар нь тун бага. Жишээлбэл Хан-Уул дүүрэгт Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар буюу immigration гэж бий. Монголд ажиллаж буй гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлсний мөнгө нь тус дүүрэгт үлддэг. Бууны болон нохойны татвар гэж бий. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татвар гээд цөөн төрлийн хэдэн татвар л дүүрэгт үлдэнэ.
-Үл хөдлөх хөрөнгийн татвар үлдэх үү?
-Тэр бол шууд дүүрэг рүү татагдана. Харин худалдан борлуулсны татвар нь дүүргүүдэд үлддэг.
Олон хүн оршин сууж амьдрахын суурь агуулга нь үндсэн хөрөнгө тэр нутаг дэвсгэр дээр байхыг хэлдэг. Гэтэл үндсэн хөрөнгийн жил бүрийн хураамжийн ядаж тал нь тэндээ үлдэхгүй юм бол тухайн газарт хүн байтугай нохой ч тогтохгүй. Яагаад гэвэл хамтран суугаад зохицуулах асуудлыг хурааж авсан мөнгөөрөө шийдэхгүй юм бол хэн тэр үйлчилгээг бидэнд үзүүлэх вэ?
-Яг зөв. Гэвч өнөөдрийн системээр хот бүгдийг нь хурааж авчихаад нийтийн эзэмшлийн талбай дээр төр үйлчилгээ үзүүлнэ гэдэг байдлаар явж байна. Тухайлбал, Улаанбаатар хот дотор шал өөр түвшний ялгаатай байдал хэдийнэ бий болчихсон. Түвшин гэдэг нь чанарын гэсэн үг. Гэтэл Улаанбаатарын иргэд ижил стандарттай үйлчилгээг авч байх ёстой. Санамсаргүй, анзааргагүйгээр байж болох ч төр төсвийн бодлогоороо ийм байдалд хүргэсэн.