Ж.Ганбаатар: 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуй нэгжид нэг хувийн татвар төлөх боломж олгож байна
2019.04.02

Ж.Ганбаатар: 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуй нэгжид нэг хувийн татвар төлөх боломж олгож байна

Өдрийн сонин, Сэтгүүлч О.АРИУНБИЛЭГ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Татварын багц хууль батлагдлаа. Гадны жишгийг тусгасан гэдгийг Сангийн сайд онцолж байгаа. Манай хөрсөнд буухаар хууль болж чадсан уу?

-Татварын багц хууль олон парламент дамжсан, хүлээлт үүсгээд байсан хуулийн нэг. Татварын багц хууль батлагдах ёстой юу гэвэл тийм гэж хэлнэ. Учир нь энэ хуулийг нийгэм өөрөө хүлээж байгаа. Тэр дундаа бизнесийн салбарынхан энэ хуулийг их хүлээж байсан. Ойлгомжгүй зүйлүүдийг ойлгомжтой болгож чадснаараа давуу талтай гэж харж байна. Яахав миний хувьд хуулийн 80 гаруй хувьтай санал нийлж байсан. Харин санал нийлэхгүй байгаа зүйлүүд дээрээ өөрөө ажлын хэсэгт орж ажиллан өөрчлөлт оруулсан.

Миний хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсныг та бүхэн мэдэж байгаа байх. Харин нийгмийг донсолгосон ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаас болоод уг хууль гацчихсан байгаа. Хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдчихсэн, эцсийн хэлэлцүүлэгтээ орох ёстой. Эцсийн хэлэлцүүлэг дээр аливаа санал гарвал гишүүдийн гуравны хоёроор шийдэгддэг. Хэлэлцэх эсэх болоод эхний хэлэлцүүлэг дээр гишүүдийн 50 хувийн саналаар явдаг. Эцсийн хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэх байх гэдэгт итгэлтэй байна.

Татварын хууль Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуультай нийцэх асуудал дээр маш сул байсан. Анх боловсруулахдаа Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хууль бусад хуулиас дээр гэсэн өнгө аястай байсан. Өмнө нь гарсан хуулиуд Татварын багц хуулинд нийцэх ёстой гэсэн зарчмыг барьж боловсруулсан байсан гэсэн үг. Үүн дээр нь би тодорхой саналууд гаргаж өөрчлөлт оруулсан юм.

-Та ямар өөрчлөлтүүдийг тусгасан юм бэ. Тэдгээр нь татвар төлөгчдөд ямар давуу талыг бий болгоно гэж харж байгаа вэ?

-Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ нэг удаа тайлан гаргаж, нэг хувиар орлогын татвар төлөхөөр болж байгаа. Хувь хүн бус аж ахуйн нэгж шүү. Ер нь аж ахуйн нэгж байгуулах нь хувь хүнд маш их давуу тал үүсгэдэг, олон хаалга нээж өгдөг. Зээл авах, тендерт оролцох, бараа бүтээгдэхүүнээ импортлох, төртэй харьцах гэх мэт боломжийг олгодог гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Түүнчлэн шинэ Татварын багц хуулиар жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хоёр удаа тайлан гаргахаар болж байна. Нэг хувийн татвар төлнө. Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргана. 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна. Зургаан тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгж жилд дөрвөн удаа тайлан гаргаж өгөхөөр хуульд туссан. Эдгээр зохицуулалт нь маш их давуу талтай. Жижиг аж ахуйн нэгж жилд дөрвөн тайлан гаргана гэдэг тун бэрхшээлтэй байдаг. Тайлан гаргахын тулд нягтлан бодогч долоо хоног сууж л таарна. Улирал бүхэн тайлан гаргахаас гадна цалингаа тавих шаардлага тулгарна. Энэ нь жижиг аж ахуй нэгжийг нягтлан бодогчтой байхаас аргагүйд хүргэж таарна. Хууль батлагдснаар нягтлан бодогчийн цалин хөлсөөс авхуулаад олон зүйл хөнгөрч байгаа. Эдгээр өөрчлөлтийг миний зүгээс оруулсан. Өөрөөр хэлбэл, тайлан, нэг хувийн татвартай холбоотой асуудлуудаар санал гарган өөрийн албан бланкдаа тусгаж Сангийн сайдад өгсөн юм. Мөн миний санаачилсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулинд энэ талаар заачихсан байгаа.

-Хуульд 20 сая төгрөгөөс дээш татварын өртэй гадаадын иргэнд өрөө барагдуулах хөрөнгө, бусдаас авах авлага байхгүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байхаар заасан. Энэ заалт дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Аж ахуй нэгж дээр хяналт ороод акт тавиад, түүнийг нь өнөөх хүн төлөх боломжгүй гэдэг нь тогтоогдчихсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй болж байгаа юм. Түүнээс зүгээр л нэг гадны хөрөнгө оруулагч зээл авсан эсвэл аж ахуйн нэгжид өгөх өглөг нь 20 сая төгрөгөөр дутуу тохиолдолд хил гаалиар нэвтрүүлэхгүй гэсэн үг биш. 20 сая төгрөгөөс дээш татварын өртэй хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх эрх бүхий байгууллагад нь хандаж болох тухай хуулинд заасан юм. Татварын өр гэдэг нь маш олон процессын дараа бий болдог зүйл. Шалгалт хийнгүүт шууд акт тавьчихдаг юм биш шүү дээ. Би бол нэг их эмзэглэхээр заалт болсон гэж бодохгүй байгаа. Гадны хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд энэ заалтыг байх ёстой зүйл л гэж бодож байгаа байх. Гадныхан ирээд манай улсын хуулинд үл хүндэтгэсэн байдлаар хандах вий гэдэг асуудлаас л сэргийлсэн заалт.

-Найдваргүй гэсэн татварын өрийн хэмжээ 265 тэрбумд хүрсний 45 хувийг гадаадын иргэд үүсгэчихээд гараад явчихжээ гэдгийг Сангийн сайд хэлж байсан. Тэгэхээр өмнө нь энэ мэт асуудлыг шийдэх заалт байгаагүй хэрэг үү?

-Байсан гэж надад тайлбарласан. Дахиж илүү өргөн хүрээтэйгээр хөндөж гаргаж ирж байгаа байх гэж ойлгосон. Түүнчлэн Татварын багц хуульд 25 хувийн татвар төлөх босго гурван тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлэн зургаан тэрбум төгрөг болгосон. Энэ нь дунд хэмжээний компаниудад эерэг сонсогдож байгаа байх гэж бодож байна. Хүмүүс над руу “Та хэт жижиг, дунд руугаа анхаарчихжээ. Дунд болон дундаас дээшхи аж ахуйн нэгжээ орхичихоод байна” гэсэн шүүмжлэлийг ирүүлээд байдаг. Жижиг аж ахуйн нэгжүүд хэдэн тэрбумын ашигтай ажиллахгүй. Тиймдээ ч энэхүү заалт нь дунд болон дундаас дээш аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлтийг бий болгож чадсан гэж үзэж байгаа.

Мөн Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр болж байгаа. Гэхдээ энэ нь миний оруулсан санал биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Болорчулуун нарын саналыг оруулж баталсан. Энэ заалт нь алслагдсан аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид хэрэгтэй, сайн зохицуулалт болсон. Мөн илүү төлсөн татварыг буцааж олгох, гаргасан тайландаа засвар хийх боломж нь энэ хуулиар нэмэгдсэн. Энэ мэт сайн заалтууд их орж ирсэн.

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцэслэн баталсан. Энэ хуулийн төслийг та дэмжиж байгаа юу?

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Энэхүү хууль нь шүүх засаглал халдаж, Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шүүмжлэл дагуулсаар байна. Хувь гишүүнийхээ зүгээс та юу гэж харж байгаа вэ?

-Би байнгын хорооны хуралд ороогүй. Эцсийн хэлэлцүүлэгт нь л орсон. Ерөнхийд нь би дэмжиж байгаа гэсэн байр суурь илэрхийлсэн. Миний хувьд татвар, эдийн засаг, төсөв, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийн асуудлуудаар голлож дуугардаг. Харин хууль хяналтын байгууллага, уул уурхай гэх мэт асуудлуудын талаар маш олон хүн ярьдаг учраас би сонсдог. Зөв гэж бодож байгаа зүйлээ дэмжиж, бурууг нь эсэргүүцдэг. Ер нь бүх зүйлийг мэддэг УИХ-ын гишүүн байтугай бурхан ч байхгүй болов уу.