С.Эрдэнэ: Татварын багц хууль шударга бус хууль болсон
2019.03.27

С.Эрдэнэ: Татварын багц хууль шударга бус хууль болсон

ИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуулийг баталсан билээ. Харин энэхүү багц хуульд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн байр суурийг сонирхлоо. 


-Татварын багц хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Та хувь гишүүнийхээ зүгээс хэр сайн хууль болсон гэж үзэж байна вэ?

-Би сэтгэл дундуур байна. 

-Яагаад тэр вэ. Шалтгаан нь?

-Учир нь, Татварын багц хуулийг өнгөцхөн харахад жижиг аж ахуйн нэгжийг дэмжиж байгаа мэт боловч цаанаа төсвийг бүрдүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай гол аж ахуйн нэгжийн татварыг бууруулсан хууль баталсан. Харин үндэсний гэх гол аж ахуйн нэгжүүдийн татварыг маш өндөр хэмжээнд үлдээсэн гэж ойлгож болно. Энэ мэт алдаатай зүйл их бий. 

-Одоо тэгэхээр яана гэсэн үг үү?

-Бид ачааллаа харж байх хэрэгтэй. Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа томоохон ямар аж ахуйн нэгжүүд бий билээ. Тэд улсын төсвийн хэдэн хувийг бүрдүүлдэг билээ. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, бага орлоготой гэгддэг аж ахуйн нэгжүүд төсвийн хэдэн хувийг бүрдүүлдэг билээ. Энэ мэтчилэн ачааллаа харах ёстой. 

-Өөрөөр хэлбэл, жижиг аж ахуйн нэгжид олгох татварын хэмжээг бууруулсан нь буруу гэж үү?

-Үгүй, буруу биш. Гэхдээ аливаа асуудалд шударга хандах хэрэгтэй. Үндсэн хуульд ч заасан байдаг. Хүнийг нийгмийн гарал байдал, хөрөнгө мөнгө, мэдлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж. Гэтэл өнөөдөр их баялаг бүтээсэн, өндөр ашиг орлоготой аж ахуйн нэгжийн буруу юм биш шүү дээ. Ингэж болохгүй л дээ. Тэгэхээр аливаа зүйлийн тэнцвэрийг харах шаардлагатай.

Энэ улс, оронд эдийн засгийн салбарт гүйцэтгэж байгаа үүргийг нь харж, аливаа асуудалд бодитойгоор хандах нь зөв байх л гэж бодож байна. Тиймээс Татварын багц хуулийг шударга бус хууль баталсан л гэж хэлнэ. Хуульд 20 сая төгрөгийн өртэй бол хил гарахыг хориглоно ч гэх шиг. Шууд хүний эрхэд халдаж байна шүү дээ, болохгүй л дээ.