Мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэлийн асуудлаар чуулж зөвлөмж гаргалаа
2019.04.09

Мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэлийн асуудлаар чуулж зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын төв, Монгол улсын ЮНЕВОК төвүүд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой  хамтран “Мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэл” үндэсний чуулганыг Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.

Үндэсний чуулганд НҮБ-ын Суурин төлөөлөгч Биата Транкман, ЮНЕСКО-гийн Насан туршид суралцахуйн тогтолцоо, бодлогын газрын дарга ноён Борхен Чакроун, ЮНЕСКО-гийн Парис дахь төвийн Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга Хиромичи Катаяама, ЮНЕВОК олон улсын төвийн дарга Шамал Мажумдар, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга Мариелза Оливера болон ХБНГУ, Англи, Япон, БНСУ, Хятад зэрэг орны ЮНЕСКО-ЮНЕВОК төвийн төлөөлөгчид, олон улсын түнш байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судлаач экспертүүд, сургуулийн захирал удирдлага, ажил олгогчийн төлөөлөл оролцсон юм.

Хоёр өдөр үргэлжилсэн уг чуулганыг мэргэжлийн боловсрол сургалтын салбарын өнөөгийн хөгжлийн чиг хандлага, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж,  олон улсын мэргэжлийн боловсролын салбарын сайн туршлагаас суралцах, түгээн дэлгэрүүлэхэд үр дүнгээ өгсөн ажил хэрэгч үйл ажиллагаа болсныг оролцогч талууд үнэлсэн бөгөөд Монголын Мэргэжлийн боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд түгээн дэлгэрүүлэх боломжтой олон улсын стратеги, бодлогыг хэлэлцэж, зөвлөмж гаргасан билээ.

С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын шинэчлэлд ЮНЕСКО-той хамтарч хийх зүйл их байна

“Мэргэжлийн боловсролын салбарын шинэчлэл” үндэсний чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын талаар олон тодорхой зорилтууд дэвшүүлснийг дурдаад  манай улс 1961 онд НҮБ-ын 101 дэх гишүүн орноор, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-д гишүүнээр элсээд 57 жил болж буй бөгөөд элссэн цагаасаа ЮНЕСКО-гийн дүрмийн заалтад нийцүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө дэвшүүлсэн үзэл санаа, санал санаачлагыг дэмжин төрийн бодлого чиглэлдээ тусган боломжийнхоо хэрээр хэрэгжүүлж  ирсэн  нь манай улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр “ЮНЕСКО манай улсын нийгмийн байгууллын хэв шинжээс үл хамааран хамтран ажиллаж, манай оронд орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёл, урлаг, түүх соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, техник, технологийн дэвшилт ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр монголчуудыг нийгмийн хөгжил, дэвшлийн замд үргэлж дэмжин зоригжуулж ирснийг зүй ёсоор тэмдэглэхийг хүсч байна.НҮБ-ын гишүүн орны хувьд бид Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт бодлогын дүн шинжилгээ хийлгэх хүсэлтээ ЮНЕСКО-д гаргаснаар бид доорх хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улс ЮНЕВОК-ийн хоёр шинэ төвтэй боллоо

Чуулганы үеэр ЮНЕСКО-ЮНЕВОК төв болохоор сонгогдон эрхээ авсан Монгол улсын хоёр шинэ төв болох  Мэргэжлийн боловсрол, сургалт үнэлгээний төв, Мэргэжлийн боловсрол сургалт түншлэл зэрэг байгууллагуудын албан ёсны нээлтийг хийж, тууз хайчлах ёслол болсон.

ЮНЕВОК-нь ЮНЕСКО-ийн Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын төв бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болон “Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэл” төрийн бус байгууллага ЮНЕВОК төвийн үйл ажиллагааг  явуулах эрхтэй болсон. Ингэснээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн олон улсын сүлжээ буюу ЮНЕВОК Нэтворк /UNЕVOC Network/-ийн бүрэн гишүүн байгууллагатай болж буй юм.