Д.Сумъяабазар: Нүүрсээ зарах урьдчилсан гэрээ хийгээд төмөр замаа барьж болно.
2019.04.17

Д.Сумъяабазар: Нүүрсээ зарах урьдчилсан гэрээ хийгээд төмөр замаа барьж болно.

Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг барихаар болсон билээ. Ирэх сард төмөр замын ажил эхлэх юм байна. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замаа барьж дуусаагүй байж яагаад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих шийдвэрийг Засгийн газар гаргасан юм бэ. Ирэх үр өгөөжөө бодвол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа дуусах ёстой юм биш үү?

-Хоёр төмөр зам хоёулаа явна. Зүүн төмөр замыг барихдаа Тавантолгойгоос идсэн юм байхгүй, олон улсаас зээл аваад улсаа өрөнд оруулж байгаа юм байхгүй. 2018 онд уул уурхайн салбарт ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсны үр дүнд түүхэндээ анх удаа Тавантолгой компани 807 тэрбум төгрөгийн татварын дараах ашиг гарлаа. Үүнийгээ хөндлөн төмөр замдаа буюу Зүүнбаянгийн төмөр замд оруулаад, дотоодын цэрэг, батлан хамгаалах хүчийг ашиглаад барих юм. Гашуунсухайтын төмөр замыг бид төслийн санхүүжилтээр эхлүүлж болно.

Нүүрсээ зарах урьдчилсан гэрээ хийгээд хөрөнгө босгох ажлыг эхлүүлж болно. Дотоодын үндэсний аж ахуйн нэгжүүд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд оролцохоо илэрхийлж байна. Тиймээс эд нартайгаа яриа хэлэлцээр хийгээд, хөрөнгө босгоод, хувь эзэмшүүлээд хэрэгжүүлж болно. Мөн зээл авч болно.  Энэ мэт олон аргаар хөрөнгө босгох боломжтой.

-Санхүүжилт нь ч тодорхойгүй байхад хоёр төмөр замын ажлыг зэрэг хийгээд явах боломж байхгүй юм биш үү?

-Үгүй ээ, яалаа гэж. Далангийн ажил гээд хүмүүс янз бүрийн байдлаар л хэлж байгаа. Энэ тухайн үедээ мэргэжлийн хүмүүсээр ажлаа хийлгээд тухайн үеийн Засгийн газрын хүмүүс энэ ажлыг хийсэн. Үүн дээр мэргэжлийн хүмүүс ирээд үнэлэлт дүгнэлт хийсэн. Энэ далан дээр 5-10 сая ам.долларын засвар хийгээд үүнийг цааш нь төмөр зам бариад явахад болно гэсэн.

-Тост тосон бумбын орд дээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг өөрчлөөд газар шорооны ажил эхэлсэн гээд байх юм. Энэ үнэн үү. Засгийн газрын шийдвэрийг ингэж өөрчилж болдог юм уу?

-Засгийн газар дээр ерөөсөө юм зүйл яригдаагүй. Тост тосон бумбын ордыг тусгай хамгаалалтад авсан хэвээрээ байгаа. Тиймээс энэ талаар сайн судалж байж ярьсан дээр. Түүнээс хэн нэгний ярьсан зүйлээр сэтгэлийн хөөрөлтэй хандаж тусгай хамгаалалттай мөн эсэх талаар ингэж ярьж болохгүй байх гэж бодож байна.

-Тэгэхээр тухайн үеийн Засгийн газрын тогтоол хэвээрээ байгаа гэсэн үг үү?

-Угаасаа цуцласан байгаа. Үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байгаа.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлсэн байсан. Та сайдын хувьд энэ төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Уул уурхайн салбар маш эмзэг салбар. Бүхий л хүмүүсийн сонирхол янз бүрийн байдлаар ордог. Сайн муу хэлүүлж байгаа ч уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийг авч яваа. Салбарын сайдын хувьд энэ том бүтээн байгуулалтын ажлыг зогсоох ч гэдэг юм уу тийм соёлгүй асуудал байж болохгүй гэж бодож байна. 2010 оноос хойш Оюутолгойн бүтээн байгуулалт 8.7 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүнээс 2.3 тэрбум ам.долларыг татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. 700 гаруй аж ахуй нэгж энд үйл ажиллагаагаа явуулж байгаа. шууд болон шууд бусаар 45 мянган хүний аж амьдралыг шийдэж яваа том төсөл. Би Оюунтолгой гэрээ, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гээд байгаа Дубайн гэрээг сайн гэрээ хийж хэлэхгүй.

Гэхдээ сайжруулаад, ширээний ард суугаад соёлтой байдлаар  хөрөнгө оруулагчтай ярилцаад засч залруулах зүйлээ засаад явах боломж бий. Харин үүнийг зогсоох, цуцлах асуудал байж болохгүй. Оюутолгойн төслийн явцыг харж байж дараа дараагийн төслийн хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулах эсэхийг шийдэх учраас бид энэ асуудалд ухаантай, соёлтой байдлаар хандаж гуравдагч хүчний орон зай, гаднын хөрөнгө оруулагчдаа бодлогоор дэмжиж төсвийн орлогоо тэлэх, эдийн засгаа тэлэх бодлого барих хэрэгтэй.

Хэрвээ энэ бодлого алдагдвал цаашид юу болох вэ гэдэг болгоомжлол сайдын хувьд төрж байгаа. Мэдээж сайдын хувьд салбараа хамгаалах бодлого барьж ажиллахаас өөр арга байхгүй. 26 мянган монгол хүн ажиллаж байгаа. Энэ олон хүний ирээдүйг нэг мөр баллаж болохгүй.