IPCC: Дэлхийн дулаарлыг зогсооход хүн төрөлхтөнд 12 жил үлдсэн байж болзошгүй
Хүн төрөлхтний гараар бүтэж буй аж үйлдвэржилт, уул уурхайн олборлолт зэрэг олон хүний буруутай үйл ажиллагааны улмаас гарч буй хүлэмжийн хийн хэт ялгарлаас болж сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий эрчимтэй халж, дэлхийн улсуудад янз бүрийн байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, өөрчлөлтүүд ажиглагдах болсныг та бүхэн мэдэж байгаа байх.
Тэгвэл үүнтэй холбогдуулан НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Засгийн газар хоорондын олон улсын мэргэжилтнүүдийн хороо буюу IPCC байгууллагаас өнгөрсөн оны сүүлээр дэлхий нийтэд танилцуулсан “1.5 C-ын дулаарал” хэмээх тусгай тайланд дэлхийн дулаарлыг зогсооход хүн төрөлхтөнд 12 жил үлдсэн ба түүнээс хойш бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх боломж бага болохыг зарлаж, хэр их хэмжээний хор хөнөөл авчрах боломжтойг танилцуулсан нь дэлхийн улсуудыг цочроосон үйл явдал болоод буй.
Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо буюу IPCC-тэй хамтран төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой “1.5C-Бидэнд хугацаа байна уу?” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр “1.5C-ын дэлхийн дулаарал” тусгай тайланг бэлтгэн гаргасан олон улсын шинжээч, мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар сүүлийн үеийн баримт мэдээ, бүсийн хэмжээнд нөлөөлж буй нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын хандлагын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм.
Монгол Улсын хувьд Парисын гэрээг 2016 онд соёрхон баталсан ба үүний хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах, 2020 он гэхэд энэ зорилтоо ахиулан, шинэчлэн тодорхойлохоор ажиллаж буйг дуулгаж байна.
СҮҮЛИЙН АРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД АГААРЫН ХЭМ ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДСЭН БҮС НУТГААР АЗИ ТОДОРЧ БАЙНА
Олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн илтгэлд дурдагдсан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгааны онцлох баримтыг танилцуулж байна:
IPCC судалгааны багийн гишүүн Лоурдес Тибиг “Азийн бүс нутаг болон Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт”-ийн талаар:
- “Сүүлийн арван жилийн хугацаанд агаарын хэм хамгийн ихээр нэмэгдсэн бүс нутгаар Ази тодорч байна. Үүнд тус бүс нутгийн өндөр өргөрөгт байрлах, аж үйлдвэржилт, үйлдвэржилт зэрэг эрчимтэй явагдаж буй гэх хүчин зүйлүүд хамгийн их нөлөөлж байна.
- Түүнчлэн Азийн ихэнх улсуудад сүүлийн үед орж буй хур тунадас огцом нэмэгдсэн ба улирал, байршил хамааралгүйгээр байгалийн хурц, гамшигт үзэгдлүүд ихэд ажиглагдах болсон нь судалгаагаар нотлогдсон.
- Мөн судалгааны явцад Азийн бүсэд сүүлийн таван зууны турш ажиглагдаагүй их үер усны гамшиг XX зуунаас эхлэн ажиглагдаж байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох нэгэнт ямар ч аргагүй болсон. Хэрэв бид одооноос уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ахицтай хүчин чармайлт гаргаж чадвал XXI зууны дунд болон сүүл үед дэлхийн хэм 2-3 хэмээр нэмэгдэх болно. Хэрэв тэгж чадахгүй бол XXI зууны сүүл гэхэд дэлхий 6 хэмээр дулаарах тооцоотой байна” хэмээн онцлон танилцуулсан юм.
ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ 1.5 ХЭМД ТОГТООН БАРИХ БОЛОМЖТОЙ ХЭДИЙ Ч НИЙГМИЙН БҮХ ТАЛЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ШААРДАХ БОЛНО
Азийн Технологийн Институтийн судлаач, IPCC судалгааны багийн гишүүн Жойшири Рой “Дэлхийн дулаарал 1.5 хэмд хүрэхэд хэр их хэмжээний өөрчлөлт дагуулах” талаар:
“Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс эхлэн хүний санаатай болон санаатай бус үйлдлүүд нь дэлхийн хэмийг нэг хэмээр дулааруулаад байгаа.
- Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хүн ам, экосистем, хоол тэжээл зэрэгт аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн.
- Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих боломжтой хэдий ч нийгмийн бүх талын хүчин чармайлтыг шаардах болно. Түүнчлэн энэ хэмийг нэмэгдүүлэхгүй, тогтоон барьснаар бусад Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтыг биелүүлэх үндэс суурийг тавих болно гэдгийг санах хэрэгтэй.
- Дэлхийн дулаарлыг хоёр хэмээр нэмэгдүүлэх болон 1.5 хэмд тогтоон барих нь маш их хэмжээний өөрчлөлт, үр дагаврыг авчрах болно.
- 2100 он гэхэд дэлхийн далайн түвшин арван сантиметрээр багасах бөгөөд энэ түвшин цаашид ч мөн багассаар байх төлөвтэй байна.
- Энэхүү амьсгалын өөрчлөлт, дэлхийн хэмийг удаашруулахын тулд эрчим хүчийг үр ашигтайгаар хэрэглэж, эдийн засгийн эргэлтийг байгаль орчин ээлтэй болгож, аж үйлдвэржилтийн орчныг өөрчлөх зэрэг шаардлагатай болно” хэмээн танилцууллаа.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улсуудын үзэглэсэн “Парисын гэрээ”-ний хүрээнд улс орнууд дор бүрнээ дунд болон урт хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг тавьж, нийгэм эдийн засгийн тогтолцоог ялгарал багатай, ногоон болгох эрс тэс өөрчлөлтийг нэн яаралтай хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон улс болон манай улс ямар бодлого баримталж шийдвэртэй алхам хийж байгаа, цаашид анхаарах асуудлын талаарх “1.5C-Бидэнд хугацаа байна уу?” уулзалт семинар хоёр өдөр үргэлжлэх юм.