2019.04.18

Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжив

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчөөс А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчоор томилох саналг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн байгаа билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Бид нэг хүнийг нөгөө хүнээр бус үзэл баримтлал, үйл ажиллагааг сольж байгаа гэж ойлгож байгаа. Нэр дэвшигчид шүүх, прокурорын байгууллагын шударга бус тогтолцооны асуудалтай ямар байр суурьтай байна вэ? Та бүгдийг эрс шинэчлэнэ гэж найдаж байгаа. Хууль эрх зүйн орчинд баримталдаг хуучин арга зүйтэй эвлэрэхгүй, чадахгүй бол дахиад солино. Үйл ажиллагааны шинэчлэл шаардаж байгаа гэдгийг ойлгоорой. Шүүх, прокурорын байгууллагад ямар шинэлчлэл хийнэ гэж бодож байна. Эдийн засгийн гэмт хэргүүд маш их гарч байна. Хуулийг дордуулж хэрэглэх асуудал байна. Жишээ нь, Хөрөнгө оруулалтын хуульд 500 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийчихсэн ААН-үүдээ гааль, НӨАТ-ын татвараас тоног төхөөрөмжийг чөлөөлнө гээд заачихсан. Гэтэл бусад хуультай уялдаа алга гээд хэрэглэхгүй байна.

Нэр дэвшигч А.Чинбат: Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хуулийн байгууллагын өөрчлөх, шинэчлэх уур амьсгалыг мэдэрч ажиллах ёстой. Өмнө нь гажуудаж ирсэн асуудлыг прокурорын байгууллага анхаарлынхаа төвд авч, шинэ орчинд ажиллах, арга барил бий болгох нөхцөл байдалд тулсан байна. Хуулийг зөв хэрэглэж, шийдүүлэх тал дээр онцгой анхаарч хууль тогтоох байгууллагатай ойр дотно ажиллах ёстой.

Нэр дэвшигч С.Алиманцэцэг: Прокурорын байгууллага олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шударга хуулийн хүрээнд шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно. Манай прокурорын байгууллага эдийн засаг, авилгын, компьютер програмын эсрэг гэмт хэргээр мэргэшсэн прокурорын бэлтгэх ёстой. Энэ чиглэлд прокуроруудын мэдлэг чадвар дутагдаж байгаатай санал нэг байна.