Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд эрчимтэй явна
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
2019.04.26

Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд эрчимтэй явна

Өдрийн сонин, Сэтгүүлч ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Цөм хөтөлбөрийг шинэчлэхээр болсон. Энэ ажил ямар түвшинд явж байгаа вэ. Юуг илүүтэй анхаарч үзэхээр болов?

-2013 онд БСШУСЯ-ны тушаалаар цөм хөтөлбөрт өөрчлөлт орсон. Энэ цөм хөтөлбөрөөр зургаан жил явчихлаа. 2018 онд Боловсролын хүрээлэнгээс цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд дүгнэлт хийсэн байна лээ. Энэ дүгнэлтээр цөм хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэж гарсан. Одооны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлага, оюутан болж буй хүүхдүүдийн чанар муу байна гэж яригдах болсон. 2000 оноос хойш гурав, дөрвөн удаагийн цөм хөтөлбөрийн өөрчлөлт явагджээ. Хөтөлбөрийн өөрчлөлт бүрт хичээлийн тоо нэмэгдээд явчихсан байгаа юм. Одоо зарим ангид 19 төрлийн хичээл орж байна. Хөтөлбөр шинэчлэх бүртээ хичээлийн агуулга, тоог нэмсээр байгаад багш, сурагчдын ачаалал нэмэгдчихсэн. Заадаг агуулга нь цагтаа багтахаа больчихсон. Цагтаа багтахгүй болохоор үлдсэн хичээлээ гэрийн даалгаварт өгчихдөг. Нэг зүйлийг гойд сайн сураад гарах ёстой байтал хагас дутуу ойлголттой хичээлээ дуусгаад яваад байна. Тиймээс энэ цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харахаас өөр аргагүй. Иймд сайдын тушаалаар Боловсролын хүрээлэн дээр баг гараад ажиллаж байна. Цөм хөтөлбөрт онцгойлон иргэний боловсрол хичээлийг цогцоор нь эргэж харъя, өөрчилье гэж байгаа. Монгол хүн болгон төлөвшүүлэх гол хичээл бол иргэний боловсрол юм. Бага ангиас нь эхлэн хүүхдийг монгол хүн болгож төлөвшүүлэх ёстой. Нэг, хоёрдугаар ангийн хүүхэд нийгэмт, төрт ёсыг яаж ойлгох билээ. Харин тэдэнд хүнтэй яаж зөв мэндэх, ахас ихэсээ хэрхэн хүндлэх, байгаль дэлхийгээ яаж хайрлах вэ гэдгийг заах нь зөв. Голын усанд цагаан идээ дусааж бохирдуулж болохгүй гэдэг юм уу амьдрал ахуйд ойр монгол ёс уламжлалыг багаас нь суулгах хэрэгтэй. Энэ зүйлүүд орхигдсон байна.

Иргэний боловсрол хичээлийг иргэний ёс зүйн боловсролын хичээл болгож өөрчлөн, сургалтын агуулга, ном зэргийг нь ч бүрэн шинэчилж гаргана. Ийм ажлууд хийгдэнэ. Мөн бусад хичээлүүдийн агуулгын давхацлыг арилгана. Бага ангийн хичээлийн цагийг багасгах талаар судална. Энэ мэтчилэн шинэчлэлийн ажлууд ид явагдаж байна.

-Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм билээ. энэ яг ямар ач холбогдолтой хуулийн төсөл вэ?

- Шинжлэх ухааны паркийн тухай хуультай болох ёстой. Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл байнгын хороогоор хэлэлцэгдэх эсэх нь дэмжигдээд явлаа. УИХ-аар орно. Мөн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг гишүүдээс шинэчилж өргөн барихаар ажиллаж байгаа юм билээ. Энэ мэтчилэн Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд энэ жил эрчимтэй явах болно. Дээрээс нь хүрээлэнгүүдийн бие даасан байдал, эрдэмтдийн эрдмийг ажлыг үнэлдэг байх, шинжлэх ухааны гарааны буюу “start up” компаниудыг дэмжих хэрэгтэй байгаа юм. “Start up” компаниудаас инноваци шингэсэн, шинжлэх ухааны үр дүнг харуулсан бүтээгдэхүүнүүдийг авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах зэрэг маш олон ажлууд хүлээж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Ман-ын бүлэг 50 хувьтай байна гэж үзсэн. таны зүгээс газар төдийгүй бсшусЯ салбар цаашид юун дээр гол анхаарлаа хандуулах ёстой гэж харж байна вэ?

-Манай боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хийх ёстой зүйл маш их байна. Хуримтлагдсан ажлууд их байна. Боловсролын тухай хуулийг багцаар нь ирэх намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна. Энэ нь сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын тухай хууль байх юм. Мэргэжлийн боловсролын асуудал ч хөндөгдөнө байх гэж харж байгаа. Шаталсан сургалтын бүтэц тогтолцоон дээрээ өөрчлөлтүүд оруулахгүй бол болохгүй байна. Салбар доторх өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлууд ч маш олон бий. Үдийн цайны хоолын мөнгө 2012 оноос хойш нэг ч удаа нэмэгдээгүй байна. Үүнээс болж чанаргүй хоол хүнсээр хүүхдүүдийг хангаж байна гэх асуудлууд яригддаг. Үдийн цайны мөнгийг нэмэх чиглэлээр ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэх мэт салбарын хөрөнгө оруулалтын ажлууд ч явж байгаа.

Соёлын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил явуулахаар болж байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндсэн чиглэл хэлэлцсэн. Үүнд Үндэсний соёл урлагийн томоохон театр, музейтэй болоход зориулагдсан томоохон мөнгөн дүнгүүд тавигдлаа. Сүүлийн 20, 30 жил соёл урлагийн салбарт хийгдээгүй хөрөнгө оруулалтын дүн Үндсэн чиглэлд тавигдаж байна. Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын энэ ондоо багтаах үүргийг Ерөнхий сайд өглөө. Мөн соёлын салбарын ажилтнуудын нийгмийг асуудлыг шийдэж цалинг нь 8-30 хүртэлх хувиар нэмсэн. Хамгийн өндөр хувиар цалин нь нэмэгдсэн нь соёлын салбарынхан. Нийгмийн ажлыг шийдэхийн сацуу салбарт тулгамдаж байгаа хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдэхээр Засгийн газар дорвитой арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Спортын тухайд 2020 оны Токиогийн олимп, мөн онд Улаанбаатарт зохион байгуулагдах Азийн хүүхдүүд спортын наадам хүлээж байна. Үүнийг угтсан томоохон бүтээн байгуулалтын ажлууд явна. Буянт-Ухаад өвлийн спортын ордон, олон улсын стандартад нийцсэн усан бассейн, цэнгэлдэх хүрээлэн, хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбай байгуулах ажлууд эхлэхээр байна. Олимпийн эрх авах тэмцээнүүдэд тамирчдаа амжилттай оролцуулах ёстой. Үндэсний шигшээ баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож амжилт гаргах чиглэл бүхий Олимпод бэлдэх үндэсний хороог Ерөнхий сайд ахалж ажиллаж байгаа. Энэ хүрээнд чиглэлүүд өгөгдчихсөн, спортын салбарт тодорхой хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын ажлууд идэвхжээд явна. БСШУСЯ бол өөрөө нийгмийн зүрх, тархи болсон маш том салбар юм. Тиймдээ ч энэ салбарт хүлээгдэж байгаа тун олон ажлууд байна.

-Монголын багш нарын VII их хурал саяхан болж өнгөрлөө. энэ хурлаар яг ямар асуудлууд шийдлээ олов?

-Багш нарын нийгмийн асуудалтай холбоотой асуудлуудаар Засгийн газар тогтоол гаргасан. Ингэснээр олон жил хүлээгдсэн томоохон ажлуудыг шийдэхээр боллоо. Ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын практик ажлын хөлсийг өгдөг болох гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар мөн нэмэлт хөлс, урамшуулал олгох асуудлыг шийдлээ. Багш нарыг эрүүл мэндийн багц үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг Эрүүл мэндийн болон БСШУС сайд нарт үүрэг болгосон. Цэцэрлэг, МСҮТ-ийн багш нарыг компьютержүүлэх асуудлыг цогцоор нь шийдэхээр Засгийн газрын тогтоол орж ирсэн. Энэ мэтчилэн боловсролын салбарт тулгамдсан олон удаагийн асуудлуудыг нэг удаагийн тогтоол, Багш нарын их хурлаар гаргаж ирж шийдлээ. Энэ нь өмнөх Багш нарын их хурлууд дээр байгаагүй үзэгдэл болчихож байгаа юм. Салбарт хөрөнгөгүй гэж хуримтлагдсан маш олон асуудлуудыг эрчимтэйгээр урагшлуулахаар Засгийн газар ажиллаж байна.

Ирэх онд салбарын сайдын барьж буй бодлого бол хэдэн жил засаагүй, нурах гэж байгаа мэргэжлийн хяналтын акт, дүгнэлт нь гарчихсан сургууль, цэцэрлэгүүдийг засахад чиглэнэ. Шинэ сургууль, цэцэрлэг барья гэсээр байтал хуучнууд нь нурах нь. Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд ч энэ асуудал ноцтойгоор яригдаж байгаа. Тэгэхээр нэг удаагийн далайцтай арга хэмжээ аван, төсөвт томоохон мөнгөн дүн тавьж өгөөч гэдэг асуудлыг Үндсэн чиглэлд суулгаж байна.

-Их, дээд сургуулийн багш нарыг мэргэшүүлэх асуудал орхигдсон тухай та өмнөх хэвлэлийн хурал дээрээ онцолж байсан. Мэргэшүүлэх ямар боломжууд байгаа бол?

-Их, дээд сургуулийн багш нарын асуудлыг бүр орхигдуулжээ. Бид багшийн мэргэжлийг дээшлүүлэх институцээр зөвхөн сургуулийн өмнөх, сургуулийн багш нараа давтан сургалтанд хамруулж, мэргэжил дээшлүүлдэг. Харин одоо багш бэлддэг багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Давтан сургалтанд суулгадаг, сертификат олгодог болгох ёстой. Манай яамнаас энэ ажлыг эхлүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвийг байгуулах болно.

Нөгөө талдаа дээд сургуулиудын чанарын асуудал яригдаж байгаа. Эдгээрийг мөн шийднэ. Дээд боловсрол дээр бүтцийн томоохон өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн. Удахгүй шийдвэрүүд гарах болно.

-Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийн хүртээмжийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сурах бичгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Азийн хөгжлийн банктай хамтарч найман тэрбум төгрөгийг сурах бичигт зориулахаар болсон. Гэрээ хэлцэл нь хийгдчихсэн гэж болно.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологи нэвтрүүлэхээр болжээ. энэ хаврын эЕш-д уг технологи хэрэгжих үү?

-Өмнөх сайд нарын үед яригдаж эхэлсэн ажил юм. “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс шалгалтын хариултын хуудас уншдаг 50 скайн машин нийлүүлсэн. Тэдгээрийг аймгуудад хүргэж байгаа. ЭЕШ улсын хэмжээнд нэг цаг хугацаанд болно. Түүнийгээ маш богино хугацаанд үнэн зөв, ил тод шалгах боломж нээгдэж байна гэсэн үг. Энэ жилийн ЭЕШ-ыг энэ технологиор шалгах юм. Одоо бэлтгэл ажил хийгдэж байна.