1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн зарцуулах нь зөв бэ?
2019.04.30

1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн зарцуулах нь зөв бэ?

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх үү, эсвэл эдийн засагт тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр хандивлах уу гэдэг дээр иргэдийн байр суурь харилцан адилгүй байна.

Иймд иргэдийн саналд тулгуурласан бодитой хариултыг авахаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2019 оны 2 дугаар сараас “Иргэн та “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах хөрөнгийг хэрхэн зарцуулах нь зөв гэж бодож байна вэ?” санал асуулгыг “erdenestt.mn” сайтаар явуулж байна.

Уг санал асуулга нь хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулах, баялгийн сан бий болгож ирээдүйд өв үлдээх гэсэн 4 асуулгатайгаар явагдаж байгаа юм.

Санал асуулгад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өглөөний байдлаар 30967 иргэн оролцсоноос бэлэн мөнгө хэлбэрээр 4536, бүтээн байгуулалтад 9508, хөрөнгө оруулалтад 14294, баялгийн санд 2334 иргэн тус тус 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах нь зүйтэй гэсэн хариултыг өгөөд байна. Эндээс харахад, иргэдэд бэлэн мөнгө тараахын оронд төмөр зам болон бусад томоохон төслүүдээ санхүүжүүлэх, эсвэл сургууль цэцэрлэг байгуулах гэх мэт нийгмийн арга хэмжээнд зориулах нь зүйтэй гэсэн байр суурийг судалгаанд оролцогчдын 80 шахам хувь нь илэрхийлжээ.