Онон голын гүүрийн барилгын ажлыг эхлүүллээ
2019.05.13

Онон голын гүүрийн барилгын ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Хэнтий аймагт ажиллах үеэр Баян-Адарга сумын нутаг дахь Онон голын 150 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлын нээлтийг хийлээ.

Улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зарласан. Үүний дагуу “Гангүүр” ХХК шалгарч, техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байна. Инженерийн нарийвчилсан зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр улаан шугам хүлээлцэж, барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

Засгийн газраас дээрх бүс нутгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбогдуулан хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү гүүр юм. Онон гол дээгүүр гүүр барих асуудал олон жил яригдсаны эцэст бодит ажил болж байгаад нутгийн иргэдийн зүгээс талархаж буйгаа илэрхийллээ.

Б.Энх-Амгалан сайд, Хэнтий аймгийн Баян-Адарга сум нь байгалийн үзэсгэлэн бүрдэхээс гадна их хатдын өлгий нутаг болохыг дурдаад, Онон голын гүүр баригдсанаар аялал жуулчлалын томоохон урсгал бий болохыг онцоллоо. Түүнчлэн энэхүү гүүрийн барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэж, гэрээнд заасан хугацаанд багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.