Чингис хот-Бэрх чиглэлийн автозамыг энэ онд барьж дуусгана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс Хэнтий аймагт албан томилолтоор хоёрдахь өдрөө ажиллаж байна.
Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Эхний ээлжинд Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ. Санхүүжилтэд бэрхшээл учрахгүй бол энэ оны 11 дүгээр сарын нэгэнд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж гүйцэтгэгч компаний удирдлагуудад хэлэв. Зам барилгын ажлын чанарт анхаарч, товлосон хугацаандаа ашиглалтад оруулах нь чухал гэдгийг тодотгосон юм. Тэрээр хэлэхдээ, энэ зам “Түүхэн аялал жуулчлал”-ын үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” нисэх буудлууд, хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолбор байгууламжийг тус тус ашиглалтад оруулна. Иймд гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал нэмэгдэхийн хирээр Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их болно гэлээ.
Чанарын шаардлагад нийцээгүй автозам хоёр жилийн ч насжилтгүй, борооны усанд урссан жишээ Монголд цөөнгүй байдаг. Энэ нь монголчууд чанаргүй, гадныхан сайн хийдэг гэх ойлголтыг хүмүүст төрүүлэх гол шалтгаан болдог учраас замын чанарт онцгой анхаараарай. “Түүхэн аялал жуулчлал” нь Хэнтий аймгийн сумдаас гадна ОХУ-ын зарим бүс нутагтай холбогдох учраас зөвхөн Монгол Улсын асуудал биш, Монгол туургатнаа даллан дуудах өргөн хүрээг хамарсан асуудал юм. Ийм түүхэн, чухал бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаагаараа Та бүхэн бахархах хэрэгтэй. Товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулаарай. Та бүхэнд би итгэж байна” гэлээ.