Д.Сумъяабазар: Хэн, хаанаас худал мэдээлэл гаргаж байгааг мэдэхгүй байна
2019.05.17

Д.Сумъяабазар: Хэн, хаанаас худал мэдээлэл гаргаж байгааг мэдэхгүй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Таныг 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гарах боллоо. Та энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Би өмнө нь мэдээлэл хийх үеэрээ тодорхой хэлсэн. Гэтэл өнөөдөр (өчигдөр) дахиад л холбож ярьж байна. Нүүрс баяжуулах үйлдвэр минийх л гэнэ. “Страто” компанийн удирдлагуудыг дуудаж уулзлаа. Нэгдүгээрт, асуудлын ард нь байгаа улстөрчийнхөө нэрийг гарга гэдгийг хэллээ. Хоёрдугаарт, орон нутгийн иргэдэд зөв мэдээлэл хүргэхгүй бол болохгүй байна. Чойрын нүүрс баяжуулах үйлдвэрийг дотоодын үйлдвэрлэл гэдгээр нь дэмжиж гаргасан. Гэтэл энэ үйлдвэр эцэстээ сайдынх болж гэнэ. Ийм хөгийн зүйл ярих юм. Ингэж болохгүй шүү дээ. Мөн Оюутолгойн асуудалтай холбогдуулж, 10 сая ам.долларын асуудал яриад л байна. Хаанаас, хэн ингэж худлаа мэдээлэл гаргаад байгааг мэдэхгүй. Ойлгох ч юм алга. Гэхдээ би хийдэг ажлаа хийгээд л явна.

-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Цаашдаа оюутолгойд ямар чиг шугамаар ажиллах вэ?

-Оюутолгой Монголын эдийн засаг болсон. Дэлхийд нэр хүндтэй 20 гаруй компани санхүүжүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийж байна. Харин Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө л асуудал дагуулаад байгаа юм. Энэ төлөвлөгөөг зөвтгөсөн зүйл огт байхгүй. Өмнө нь ч хэлсэн. Мэдээж шаардлагатай бол бид нэмэлт бичиг баримт гаргаж, Монголдоо үр өгөөж нь их байх талаас нь өөрчлөх шаардлагатай. Ингэхдээ үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд биелүүлэхийг шаардах ёстой. Харин алсаас шидсэн тоглоомд улсаараа орж болохгүй. Нэгэнт хийнэ гэж амласан бол Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хугацааг шахаж, товлосон хугацаанд нь бүтээн байгуулалтыг хийх ёстой. Товлосон хугацаандаа цахилгаан станцуудыг барихыг шаардана. Ингэж шахаж шаардаж байгаа барьцыг огт сулруулж болохгүй. Барьцаа сулруулж, зогсвол дараа нь хэн хариуцлага хүлээх вэ. Тэнд ажиллаж байгаа 17 мянган ажлын байр, 700 гаруй ажлын аж ахуйн нэгжээ яах вэ. Шууд болон шууд бусаар 45 мянган ажлын байр бий болж байгаа. 10 тэрбум гаруй ам.доллар орж, дэлхийд нэр хүндтэй 20 гаруй банк оролцож байгаа. Тиймээс асуудал үүсвэл улсын нэр хүнд унах асар өндөр эрсдэл байгаа. Оюутолгой манай улсын эдийн засаг болсон нь үнэн.

-Улстөрчид Оюутолгойгоос ашиг хонжоо харах, хувийн нэр хүндээ өсгөх, сонгуульд зарцуулах мөнгөө босгох зэрэг шалтгаанаар улс төр хийдэг гэсэн хардлага их байдаг л даа. Таныхаар тэд ямар шалтгаанаар оюутолгойгоор улс төр хийж байна гэж харж байгаа вэ?

-Оюутолгойгоор улс төр хийхээ больчих хэрэгтэй. Попорсон мэдээлэл хийхдээ эх орноо бодож байгаа юм шиг ярьдаг. Энэ нь цаад утгаараа эх орноо сүйрүүлэх гээд байгаа юм. Үүнийг эдийн засгийн форумын үеэр бүгд хэлсэн. Бүгд мэдэж байгаа. Хувь хүний улс төрийн оноогоо нэмэх л гэж ингэж байгаа хэрэг. Түүнээс биш Оюутолгойгоор улс төр хийснээр ямар ч эдийн засгийн өсөлт гарахгүй. Ажлын байр нэмэгдэхгүй шүү дээ. Тэд асуудал хүндрэхээр хаяад л зугтаана.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудыг өөрчилнө гэсэн үү?

-“Эрдэнэс-Тавантолгой” компани IPO хийхдээ нэгдэл дотроо бүтцийн өөрчлөлт хийх ёстой. Охин компаниараа дамжуулж, хөрөнгө оруулалт татах ёстой. Үүгээрээ төмөр зам, авто зам тавих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр олон эерэг үр дүн гарна.

-“Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны үнэ унасан нь улс төр хийсэнтэй холбоотой юу?

-Улстөрчид ингэж тоглож байхад хувьцааны үнэ унах нь ойлгомжтой шүү дээ. Одоо “ЭрдэнэсТавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд гаргахад иргэдийн 1072 хувьцаанд савлагаа үүсгэнэ. Тиймээс улс төр хийж байгаа хүмүүс бодолтой, хариуцлагатай хандмаар байна.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оюутолгойтой холбоотой 4-5 хүнийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Үүнийг мэдэхгүй. УИХ-аас асуу.