"Эрдэнэс-Тавантолгой”-н "өгөөж" Монголын бизнесийн салбарыг өнгөлөв
2019.05.16

"Эрдэнэс-Тавантолгой”-н "өгөөж" Монголын бизнесийн салбарыг өнгөлөв

"Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент” номинацид "Анд глобал” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс "Эрдэнэс Тавантолгой” ХК "Шилдэг менежмент”-ийн эзэн боллоо.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан. Aмжилттай ажиллахад нэгдүгээрт, олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, хоёрдугаарт, үндсэн бүтээгдэхүүн борлуулах бодлогоо өсгөх, тогтвортой байлгах боломж бүрдүүлсэн, гуравдугаарт, менежментийн зөв бодлого баримталсан нь голлон нөлөөлсөн хэмээн шалгаруулагчид үзсэн байна. 

"Шилдэг менежмент” номинацид нэр дэвшсэн "Анд глобал” компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа аж. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 30.4 сая ам.доллар хүрээд байна. Хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаат компани болж, бичил санхүүгийн зах зээлд өндөр өсөлт үзүүлээд байгаа "ЛэндМН”-ийн загварыг Зүүн Өмнөд Ази Филиппин, Индонез, Япон Улсад нэвтрүүлэхээр "Анд глобал” ажиллаж байна. "ЛэндМН ББСБ” ХК 2018 онд хөрөнгийн зах зээлд IPO гаргаж нээлтэй хувьцаат компани болсон юм. Тайлант жилд зээлийн гэрээтэй харилцагчдын тоогоо дөрөв дахин өсгөж, олгосон зээлийн хэмжээгээ ес дахин өсгөөд байна. Мөн цэвэр ашгийн хэмжээгээ 107 дахин өсгөжээ.

Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд хүдрийн олборлолт сүүлийн хоёр жилд өсч, 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүрчээ. Мөн 31.4 сая тонн хүдэр боловсруулдаг болоод байна. ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын хувийн хэвшил авснаас хойш буюу 2017 оноос тендерийг ил тод зарладаг болж, бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулж байгаа зардлаа бууруулжээ. 

Харин энэ хоёр компанитай өрсөлдөн ялсан "Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа аж. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж эхэлсэн байна. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс байгаа юм. 2018 онд "Chalco”-д нийлүүлж байгаа нүүрсний үнээ шинэчлэн, тонныг нь 61 ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Энэ нь 2016 оны I улиралтай харьцуулахад 2.5 дахин өссөн үнэ болж байгаа юм. Мөн есөн удаа зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар Баруун Цанхийн нүүрсний үнийг нэг тонн нь 71.2 ам.доллар болгон тогтоогоод байна. 2018 онд уурхайн нөөцийн нэгдсэн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбум тонн гэж тогтоожээ. 

"Шилдэг менежмент” номинацийн шагналыг гардаж авах үеэрээ Эрдэнэс-тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэдэг "Bloomberg” телевизийн хамгийн бодитой шалгаруулалтын эзэн болж, амжилтыг амжилтаар бататгаж, дэлхийд танигдсан нь бидний хамтын зүтгэл юм. Манай компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа” гэж онцлон хэллээ. Мөн "Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хэрэгжүүлж 2018 онд төрийн алтан санд 391 тэрбум 979 сая төгрөг төвлөрүүлж, татвар төлөлтөөрөө улсад хоёрдугаарт, ААНОТ-ын төлөлт болон хамгийн өндөр ашигтай ажилласан байдлаараа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн талархлын батламжийг гардан авлаа. Бидний амжилтад Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өгсөн оновчтой бодлого, дэмжлэг ихээхэн нөлөөлснийг онцолж байна” хэмээн хэллээ. 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд Монголын аж ахуйн нэгжүүдээс хамгийн их ашигтай ажилласны зэрэгцээ Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж буй. Энэ ажил нэлээд өндөр хувьтай явж байгаа юм байна. Цаашид төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж гэх мэт том төслүүдээ хэрэгжүүлснээр тус компани нүүрснээс гадна дээрх салбаруудаасаа ашиг олдог болно. Тэр хэрээр хувьцаа эзэмшигчдэд өгөх өгөөж нэмэгдэнэ, тухайлбал 1072 хувьцаа эзэмшдэг иргэнд жилд 26 мянган төгрөг биш үүнийг 5-10 дахин өсгөсөн хэмжээний ногдол ашиг хуваарилдаг компани болох боломжтой гэж Б.Ганхуяг захирал хэлсэн юм. Улмаар Тавантолгой ордыг түшиглэн 100 мянган хүнтэй хот байгуулах төлөвлөгөө гаргаад байгаа. Тавантолгойн бүлэг ордыг хөгжүүлэх ТЭЗҮ-ийг 1983-1985 онд ОХУ-ын институт боловсруулжээ. Уг ТЭЗҮ-ээр 50 мянган хүн амд зориулсан хот байгуулах төлөвлөгөө бий. Гэхдээ одоогийн шинэчилс эн ТЭЗҮ-ээр 100 мянган хүн амын суурьшлын бүс болгохоор болсон. Учир нь, зөвхөн Цогтцэций сум л гэхэд 20 мянган хүнтэй, төмөр зам, цахилгаан станц гэх мэт байгууламжид ажиллах хүн нь 15-21 мянгад хүрч байгаа. Үүнийг тооцвол 100 мянган хүнтэй суурьшлын бүс байх шаардлага гарч ирж байгааг Б.Ганхуяг Тавантолгой уурхайг анх 30 залуутай, хэдэн техниктэй хоосон талд эхлүүлж байсан төслийнх нь удирдагч байсны хувьд онцолсон удаатай. Тэрбээр 2007 оноос хойш, бүр "Эрдэнэс Монгол” анх бaйгуулагдахаас эхлээд компанидаа доoроос өгсөж дээшээ гарч ирсэн учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн биржид IPO ажлыг сайн удирдан зохион байгуулж байгааг "Bloomberg Awards 2018”- ын оролцогчид хэлж байсан юм. Энэ онд олон улсын зах зээлд дээр компанийн 30 хувийг IPO болгон гаргах аж.

"Эрдэнэс-Тавантолгой” цаашид таван голлох чиглэлээр бүтээн байгуулалт хийх юм. Нэгдүгээрт, уурхайн олборлолтын хүчин чадлыг бүрэн ашиглана. Одоо жилд 15 сая тонн нүүрс олборлож байгаа бол үүнийгээ 35 сая тоннд хүргэх аж. Хоёрдугаарт, нүүрс боловсруулах үйлдвэр барина. Энэ нь усан хангамжтайгаа уялдан явна. Жилд 30 сая тонн нүүрс боловсруулна. Гуравдугаарт, төмөр зам, авто замтай болно. Одоогоор 18 сая тоннын хүчин чадалтай Гашуунсухайт хүртэл авто замаар тээвэрлэж байгаа. Үүнийгээ 60 сая тонн болгон нэмэгдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, ТавантолгойЗүүнбаян, ТавантолгойГашуунсухайт, Тавантолгой-Ханги мандал, гэсэн чиглэлүүдээр жилд 60 сая тонн нүүрс тээвэрлэха аж. Дөрөвдүгээрт, хими технологийн үйлдвэр. Энэ үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Манай эрчим хүчний нүүрс 2019 оноос их хэмжээгээр гарч байгаа. 1.3 сая тонн эрчим хүчний нүүрс агуулахад байгаа. Эрчим хүчний нүүрсийг боловсруулахад 70 гаруй төрлийн эцсийн болон завсрын бүтээгдэхүүн гардаг. Цахилгаан станцын асуудал мөн бий. Энэ таван төслийн хүрээнд ажлаа хийснээр борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.доллар хүрнэ. Ногдол ашигт 800 сая ам.доллар төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөө гарсан гэдгийг танилцуулж байсан юм. Мөн тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэргэдээ "Тавантолгой түлш” компанийг санхүүжүүлж ажиллаж байгаа. Тус үйлдвэр жилдээ 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Тавантолгой ордоос сайн чанарын нүүрс нийлүүлдэг. Тавантолгойн нүүрс маш өндөр зэрэглэлийн хатуу коксжих чанартай нүүрс. Утаа маш бага. Эхний 10-15 минутад утаа гарна. Түүнээс хойш ямар ч утаа гарахгүй. Мөн хүний биед хоргүй. Үүнийг 24 төрлийн шинжилгээгээр тогтоосон юм билээ. Өндөр чанарын шаардлага хангасан түлш. Улаанбаатарын айл өрхийг бүрэн хангаж чадна. Ийнхүү нийслэлийг бүрэн сайжруулсан түлшээр хангаснаар Улаанбаатар хотын утаа ирэх өвөл 50-60 хувь багасна гэдгийг Б.Ганхуяг мэдээллэх болсон.