Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
2019.05.17

Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Засгийн газрын хуралдаанаар махны хангамж, нийлүүлэлт, үнийн талаар мэдээлэл сонсов. Үүнтэй холбогдуулан энэ сарын 18-наас 06 дугаар сарын 15-ны хооронд нөөцийн махыг худалдан борлуулах чиглэлээр ажиллахыг  сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав.

Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжид гэрчилгээ олгохдоо хүсэлт гаргасан тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо нөөцийн махны үнээр худалдах гэрээ байгуулж байхыг үүрэг болголоо.

Хонь, ямааны мах болон дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортод квот тогтоох, мал төллөх үе буюу 4, 5 дугаар сад мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байх болон шаардлагатай бусад арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагуудын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгав.

Нөөцийн мах бэлтгэх, үнийн савлагаа, хангамж тасалдахаас сэргийлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөөд байна.

Цаашид мах, гурил, үр тариа, төмс, хүнсний ногооны үнийг тогтвортой байлгах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Мөн хуралдаанаар валютын ханш, зээлийн хүү, шатахуун, түлшний үнийн талаар мэдээлэл сонсов.