Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж байна
2019.05.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж байна

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү ёслолд оролцож, улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. 

Ерөнхий сайд,

-Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан макро эдийн засгийн зорилтууд, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилтуудаа бизнес эрхлэгчид та бүхэнтэйгээ хамтран амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Манай орны зээлжих зэрэглэл сайжирч 2018 оны эхэнд В3 зэрэглэлд хүрснээр арилжааны банкууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зээлжих зэрэглэл сайжрах нэн таатай суурь нөхцөлийг бүрдүүлж өгснийг онцлон тэмдэглэе.

 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 8,6 хувьд хүрч сүүлийн 5 жилийн дээд түвшинд хүрлээ. Засгийн газрын тэргүүний хувиар Монгол Улсын нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг зориуд цохон тэмдэглэж, Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн орлогын нийт хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад  96 хувьтай байгаа нь 2015 оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. ТОП-100 аж ахуйн нэгжүүд 2018 онд төлсөн татварын хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилээс 29 хувиар өсч, Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувь болж байна. Эдгээр ТОП аж ахуйн нэгжүүдийн олгосон ажлын байрны тоо нийт ажил олголтын 6,6 хувийг эзэлж байгаа нь өмнөх оныхоос өсчээ.

Энэ мэт өсөн нэмэгдэж байгаа үзүүлэлтүүдийг ирэх жилүүдэд улам бүр бататган, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөг хадгалсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын 2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан бизнес эрхлэгчид, гүйцэтгэх захирлууд, нийт ажилтан, албан хаагчид  Та бүхний ажил үйлсэд улам өндөр амжилт хүсэн ерөөе гэлээ.