Л.Оюун-Эрдэнэ: “Хөтөл”, “МАК цемент” зэрэг компаниуд зээлээ огт төлөөгүй
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Шалгалтаар илэрсэн гол зөрчлүүд юу байна вэ?
-Шалгалтын явцад хэд хэдэн томоохон зөрчил илэрсэн. Зарим нь хууль хяналтын байгууллага зайлшгүй шалгах ёстой зөрчлүүд ч байна. Тухайлбал, Хөгжлийн банк нь арилжааны банк санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд 34.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Уг нь тус банк Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төслүүдийг санхүүжүүлэх чиг үүрэгтэй. Гэтэл арилжааны банктай адилхан жижиг хэмжээний төслүүдэд бага хүүтэй зээл олгосон байна.
Үүнээс болж, арилжааны банкуудтай өрсөлдөж, бага хүү авахын тулд тодорхой хэмжээний лобид автдаг байна гэсэн дүгнэлтийг хийлээ. Мөн зээлийн бүцтийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгасан зөрчил их байна. Бүр найман удаа бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгасан зөрчил илэрсэн. Түүнээс гадна, гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулж, түүнийгээ буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн зөрчил тус банк анх байгуулагдсан цагаас давтагдаж ирсэн байна. Худалдаа хөгжлийн банкин дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан байна. Үүнийг хууль, хяналтын байгууллага шалгах шаардлагатай.
Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал гарч ирж байна. Мөн олгосон зээлүүд дотор нэг эзэнтэй компаниуд их хэмжээний зээл авсан зөрчил илэрсэн.
Тухайлбал, “Хөтөл”, “Кью эс си” компаниуд нь нэг эзэнтэй мөртлөө хоёулаа их хэмжээний зээл авсан байгаа юм. Өөр өөр чиглэлтэй зээл өгөөд, эргэн төлөлт огт хийгдээгүй байна. Хамгийн ноцтой зөрчилтэй зээлдэгчид нь “Хөтөл” ХХК, “Мон лаа” ХХК, “ТОСК” ТӨҮГ, “Мак цемент” ХХК, “Кью эс си” ХХК, “Бэрэн грүпп”, “Эрэл” ХХК, “Монгема” ХХК зэрэг компаниуд байгаа юм. Эдгээр компаниуд 9.9-355.5 тэрбум төгрөгийн зээл авсан боловч эргэн төлөлт нэг ч удаа хийгдээгүй байх жишээтэй. Тиймээс “Чингис”, “Самурай”, Евро бонд бусад эх үүсвэрээс 2012-2016 онуудад Хөгжлийн банкаар дамжуулан нэр бүхий эдгээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан шалгах шаардлагатай юм. Тиймээс өнөөдөр шалгалтын дүнг АТГ-т өгч байгаа.
-Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-т шалгуулах юм байна гэж ойлголоо. Хэн хэнийг шалгуулах вэ?
-Миний мэдэж байгаагаар бондын зарцуулалттай холбоотой асуудлууд хоёр жилийн хугацаанд яригдсан. Гэтэл хууль хяналтын байгууллагууд яагаад шалгадаггүй байсныг мэдэхгүй. Хариуцлагагүй алхам мөн үү гэвэл мөн. Хөгжлийн банк сонгодог утгаараа явж чадаагүй. Зарим чухал төслийг санхүүжүүлснийг үгүйсгэхгүй. Арилжааны банкинд бол хугацаа хэтрүүлээд яваад байх боломжгүй. Тэгэхээр энд нөлөөлөл орсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийг шалгах ёстой.
Эдгээр хүмүүсээс гадна зээл олгосон төслүүдийг ч шалгах ёстой. Энэ төслүүдийг дагасан маш замбараагүй асуудлууд их байгаа. Бондын мөнгийг цаашид ингэж зарцуулж болохгүй. Энэ янзаараа явбал бид бонд босгох боломжгүй болохоос гадна Монгол Улс туйлын хүнд байдалд орох юм. Хамгийн ноцтой зөрчилтэй дээрх есөн компанийн удирдлагуудтай нь уулзаж, ярилцах шаардлага үүсч байгаа.
-Хөгжлийн банкны шалгалтын тайланг нэлээд удаж гаргалаа гэх шүүмжлэл байгаа. Ямар шалтгаантай хугацааг хойшлуулаад байсан юм бэ?
-Асар их ажил ордог юм билээ. Энд ажилласан залуучууд ажлаасаа чөлөөлөгдөн өдөр, шөнөгүй сууж ажилласан. Хоёр удаа хугацаа сунгасан. Нэлээд үндэслэлтэй материал гаргахын тулд цаг хугацаа их орсон. Хөгжлийн банк байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааны шалгалтын үр дүн шүү дээ.
-Найман удаа бүтцийн өөрчлөлт оруулж хугацаа сунгасан зээл байгаа гэж байна. Энэ нь ямар компанийн зээл вэ?
-Бүтцийн өөрчлөлт гэдэгт зөвхөн хугацаа сунгах асуудал орохгүй. Энд төслийг өөрчлөх, зарим зүйл заалтыг өөрчлөх зэрэг гэрээнд орж байгаа бүх өөрчлөлтийг хэлнэ. Найман удаа бүтцийн өөрчлөлт хийсэн зээл “Мак цемент” ХХК–ийн 166.5 турбум төгрөгийн зээл байгаа. Зээлийн төлөх ёстой хугацаа нь 2017 оны арванхоёрдугаар сард дууссан юм билээ.
-2015-2016 онд Хөгжлийн банкны удирдлагуудаас болж их хэмжээний алдагдал хүлээсэн гэж байна. Хэр хэмжээний алдагдал хүлээсэн бэ?
-Нэр бүхий эх үүсвэрээр татахтай холбоотой гарсан алдагдлууд юм. Эх үүсвэр татахдаа гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, зарим нэг эх үүсвэрийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Энэ нь хөгжлийн банкны удирдлагуудаас гадна зарим нэг компанитай холбоотой асуудал. Эдний хариуцлагагүй үйлдлээс болж эх үүсвэр талдаа алдагдал хүлээсэн.
-1990-ээд оноос хойшхи өмч хувьчлалыг нэг бүрчлэн шалгана гэж мэдээлсэн. Энэ асуудал юу болсон бэ. Одоогоор бодитой гарсан үр дүн бий юу?
-Нийгэмд анхаарал татаж яригдаад, шийдэлгүй байгаа асуудлуудыг л мухарлаж цааш явах тодорхой байдал руу орж ажиллах нь чухал гэж үзсэн юм. Өмч хувьчлалтай холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирдэг. Ягаан, цэнхэр тасалбараар өмчийг нь хувьчилчихсан учраас ноогдол ашиг авахгүй байна гэх асуудал байдаг. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хоёр удаа хуралдсан.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эхний үр дүн гарсан байгаа. Засгийн газраас УИХ-аар 11 объектыг хувьчлах асуудалд оруулаад хэлэлцэх гэж байсан. Үүнд “МИАТ” ХХК, “Монгол шуудан” ХХК, “Хөрөнгийн бирж” тэргүүтэй төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал гарсан. Зарим нь бүр эзэн нь тодроод явж байсан. Үүнийг засгийн газар авч хэлэлцэн, төрийн өмчит компанийг хувьчлах нь цаашид сайн болно гэсэн баталгаа алга гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Энэ бол ажлын хэсгийн эхний үр дүн байсан гэж ойлгож болно. Үнэхээр хувьцаа болон ногдол ашиг гэж байгаа бол үүнийг ямар нэг байдлаар нуун дарагдуулж явж болохгүй.
Стратегийн гол салбарын хувьчлалд болгоомжтой хандах ёстой. Эдгээр байгууллагуудыг хувьчиллаа гэхэд өмнөх хувьчлал шиг маргаантай асуудал дагуулах бол яах вэ гэдэг эрсдэлийг ажлын хэсэг танилцуулсан. Эхний үр дүн нь гарсан гэж харж байгаа.
-Хөгжлийн банкийг удирдах гэж байгаа Г.Амартүвшин өмнө нь “Хас” банкны захирал байсан. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил гарахгүй байх баталгаа бий юу?
-Асуудлуудад мэргэжлийн талаас хандаагүй зөрчил их гарсан. Хэн нэг дарга ойр дотны хүнээ томилж, тэр хүндээ чиглэл өгч байгаад банкаа ч, тухайн хүнээ ч хүнд байдалд оруулдаг байдал ажиглагдсан. Тиймээс энэ ажлыг хэн олон улсын хөгжлийн банкны стандартад аваачиж чадах вэ гэдэг нь хамгийн гол асуудал. Маш сайн гадаад харилцаатай хүн байх хэрэгтэй. Мэргэжлийн туйлын ёс зүйтэй хүн байх ёстой. Мөн улс төрд байгаагүй хүн байх ёстой. Г.Амартүвшин энэ шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж харж байна.
Сэтгүүлч Х.Болор