Д.Сарангэрэл: Ж.Амарсанаа Эрүүл мэндийн даатгалын сангаас 785 сая төгрөг хуурамчаар авсан байж болзошгүй
Сүүлийн өдрүүдэд Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн салбар, Эрүүл мэндийн сайд руу дайрч, доромжлон жагсаал, цуглаан хийж байгаатай холбогдуулан энэхүү албан мэдэгдлийг хийж байна.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тархалтын анхны судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Үүний үр дүнд сүрьеэгийн халдвар, өвчлөлийг эрт илрүүлэн эмчилж байна. Хэрэв энэ үзлэгийг цаг алдалгүй зохион байгуулаагүй бол сургуулийн сурагчдын эрүүл мэндэд ямар эрсдэл учрах байсныг төсөөлөхөд ч бэрх юм. 1990 оноос дахин сэргэсэн халдварт сүрьеэ өвчин дэлхий нийтийн асуудал болсон учраас 2017 онд сүрьеэгийн асуудлаар Москва хотод эрүүл мэндийн сайд нарын хурал, 2018 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг авч хэлэлцсэн.
ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жилд 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь нь Энэтхэг, Орос, Хятад улсад бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газар ч энэ асуудалд анхаарал хандуулж “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр” баталсан бөгөөд сүрьеэгийн талаар авах хэмжээ онцгойлон тусгасан.
2018 оны 10 сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн орон даяар анх удаа 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд дөрвөн багцаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа бөгөөд энэ үзлэгт сүрьеэгийн тохиолдол түлхүү бүртгэгдэж байгаа 18-34 насны иргэдийг хамруулж байна. Ерөнхий боловролын сургууль дээр сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг хийж байна. Өнөөдрийн байдлаар тандалтад үндэслэн 90 сургуульд хийхээс 25-ыг хамруулж, сүрьеэгийн өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.
Эрт илрүүлэг, эмчилгээ, эмч, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд сүрьеэгийн тохиолдол жил бүр буурч байна. 2013 онд 4111, 2014 онд 4172, 2015 онд 4270, 2016 онд 4045, 2017 онд 3779, 2018 онд 3498 боллоо. Цаашид ч бодлогын үйл ажиллагааны хүрээнд сүрьеэгийн тохиолдлыг эрчимтэй бууруулах зорилттой ажиллаж байна. Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн онцлогийг үндэслэн цалинг 30 хувиар нэмэгдүүлсний дээр үлдсэн бусад чиг үүргийн ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байна.
Одоогийн байдлаар сүрьеэгийн илрүүлэг, оношилгоонд 16 зөөврийн дижитал рентген аппарат ашиглаж байгаа бол Засгийн газар энэ онд дахин 5 аппаратын зардлыг шийдээд байна. 2015, 2016 онд сүрьеэгийн тоног төхөөрөмжид 1.1 тэрбум төгрөг зарцуулсан бол сүүлийн 2 жилд улсын төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг зарцуулаад байна. Сүрьеэгийн чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэх үүднээс Глобаль сангаас санхүүжүүлэн эмч мэргэжилтнүүдийг тэтгэлэгтэй сургалтанд хамруулж, эхний ээлжинд 36 эмч, мэргэжилтэн сургаж байна.
Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, иргэддээ эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх нь эрүүл мэндийн салбарын үндсэн бодлого юм. Тиймээс энэ асуудалд онцгойлон анхаарч бодлого төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд таван жил тасалдсан эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт албан ёсоор орууллаа.
Эдгээр ажлын үр дүнд хүүхэд залуучуудын дунд мэдэгдэхгүйгээр тархаж байсан олон өвчин түүний дотор Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, арга хэмжээ авч байна.
Ж. АМАРСАНАА таны сүрьеэ өвчний талаар ярьж буйг огтхон ч буруутгахгүй байгаа бөгөөд харин энэ өвчинтэй тэмцэж, эрт илрүүлж оношлох, голомтыг нь устгах, өвдсөнийг эмчлэх хүнд хүчир хөдөлмөрийг багахан цалинтай хийж байгаа эмч ажилтнуудын зүтгэлийг үгүйсгэж цээжээ дэлдэн хашгирч буйг эрс эсэргүүцэж байна. Таныг эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улс төр хийхээ зогсоохыг шаардаж байна.
Та дэд сайд байхдаа ХӨСҮТөвийн ажилтнуудтай хийсэн уулзалт дээр :” - Та нар сүрьеэ л яриад байх юм. Элэгний С вирус цаана чинь их байна” гээд асуудал шийдэлгүй хаяад явсан тухай протоколд үлдсэн байна. Сүрьеэгийн асуудлаар дэд сайд байхдаа хуруугаа ч хөдөлгөөгүйд салбарын нөхөд маань тун гомдолтой байдгийг Танд дуулгая. Таны улс төрийн үйл ажиллагааны цаана хувийн ашиг сонирхол тань нуугдаж байдгийг баримтаар хэлье. Таны хувийн “ Хаппи веритас” лаборатори Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа билээ. Ингэхдээ та элэгний вирусын шинжилгээ сөрөг гарсан 1882 хүн, эмчилгээнд огт ороогүй 4442 нийт 6324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх хуурамч баримтаар 758 сая төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх магадлалтай байна.
Хуулийн хяналтын байгууллага таны энэ үйлдлийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэйг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт мэдэгдсэн байна. Энэ мэт олон асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно. АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр эрх ашгийн зөрчилтэй, иргэдийн өвчнөөр бах таваа хангадаг, бодит байдлыг гуйвуулан улс төрийн ашиг хонжоо хайдаг хүн ажилладагт нэн харамсаж байна.
Ялангуяа улс төрийн намын харъяаллаас түдгэлзэж, ард иргэд, улс орныхоо эв нэгдлийг чанд сахих хуулийн өмнө хүлээсэн үүрэгтэй Ерөнхийлөгчийн зөвлөх ийм бусармаг үйл ажиллагаа явуулж буйг анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтан ажиллагсдын урам зоригийг мохоосон энэхүү увайгүй үйлдлийг таслан зогсоохыг та бүхэнд уриалж байна. Эрүүл мэндийн салбар сүрьеэ төдийгүй тандалт судалгаанд үндэслэн хүн амын дунд зонхилж байгаа өвчний чиглэлээр бодлого, зорилтоо чиглүүлэн Монгол хүнийхээ дундаж наслалтыг уртасгах, эрүүл саруул амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн өнөөгийн байдал болон үүнтэй холбоотойгоор үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвчилсөн асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарасанаа Эрүүл мэндийн яамны гадна жагсаал зохион байгуулсан билээ.
Тэрээр "сүрьеэгийн тархалтын урьдчилан сэргийлэх үзлэг хийж, цаг алдалгүй эмчилгээ хийж байна. Хэрэв энэ үзлэгийг хийгээгүй бол сурагчдад ямар эрсдэл үүсэх байсныг төсөөлөхөд бэрх. 1990 оноос хойш дахин сэргэсэн срьеэгийн өвчлөл дэлхий дахинд нэмэгдэж, дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Сүрьеэ өвчнөөр дэлхий дээр жилд 10.4 сая хүн өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь Энэтхэг, Хятад улсад бүртгэгджээ. Монголын Засгийн газар ч энэ асуудалд анхаарч, сүрьеэгийн талаар авах арга хэмжээг авч, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. 2018 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд сүрьеэгийн бүртгэл хийж байна. Ерөнхий боловсролын сургуульд газар дээр нь очиж хийж байна. Өнөөдрийн байдлаар 25 сургуулийн сурагчдыг шинжилгээнд хамруулж, өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж, эмчиллээ.
Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө ч сайжруулж, улсын төсөв, олон улсын байгууллагаас 5.8 тэрбум төгрөгийг сүрьеэгийн чиглэлээр зарцуулаад байна. Ж.Амарсанаа таныг сүрьеэ өвчинтэй тэмцэж байгааг буруутгахгүй байгаа ч эмч, ажилтнуудын ажилчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгэж, цээжээ дэлдэж байгааг эсэргүүцэж байна. Өвчнөөр улс төр хийхээ зогсоохыг хүсч байна. Ж.Амарсанаа нь өөрийн эзэмшлийн “Хаппи веритас” эмнэлгээр дамжуулан хуурамч мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангаас 785 сая авсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнийг ч холбогдох байгууллагууд шалгаж байгаа" гэв.
Сүрьеэгийн тохиолдол:
- 2013 онд -4111
2014 онд-4172
2015 онд-4270
2016 онд-4045
2017 онд-3779
2018 онд -3498 тохиолдол бүртгэгджээ.