2019.06.06

О.Баасанхүү: Шударга хүн МАН-д зохихгүй байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг саналыг Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаан болон өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн тул өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Ийм эгзэгтэй үед үндсэн хуулийн цэцэд туршлагатай хүн очиж байна гэж би харж байна. ҮХЦ бол иргэн өргөдөл гаргаснаар бус өргөдөл нь үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлтэй байвал маргаан үүсгэдэг. Гэтэл ҮХЦ томилсон хүнийхээ үгээр ажилдаг болсон байдал харагдаж байна. Тиймээс таныг тийм зүйлд битгийн оролцоосой гэж хүсч байна.

Б.Чимид багшийн удирдлагад хамт байсан хүний хувьд, би бид 2 Удирдлагын хөгжлийн институтид хамт байсан хүний хувьд энэ багшийн үгийг мартаагүй байх аа гэж итгэж байна. Ажил тань бол их чухал ажил шүү.

Таныг ЗГХЭГ-аас явж байгаад баяртай байгаа хүмүүс байна. Г.Занданшатарын гар хөл ажил хийлгэхгүй байна гэж сонсогдсон. Тиймээс энэ томилгоогоор явуулж байгаа бололтой. Гэхдээ та хаана ч очсон үүргээ сайн биелүүлдэг учраас газардахгүй байх. Харин ЗГХЭГ орны хүнийг нь сайн хүнээр томилоорой. ЖДҮ-гүй хүн тавиарай, чадалтай, хуульч, 60 тэрбумаас хол хүн тавиарай. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга нь компанийн захиралаа зэрэг хийж явж байгаад ЖДҮ-д холбогдсон Б.Бат-Эрдэнэ байсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд их аятайхан хүн байсныг шударга хүнд дургүй зангиагаар нь боож унагадаг ах хөөгөөд явуулчихсан гэх мэт шударга хүн танай МАН болон У.Хүрэлсүхийн засгийн газарт зохихгүй байна шүү. Харин энэ хүнээ зөв газарт нь явуулж байгаад баяртай байна."