1000 донор чууллаа
2019.06.14

1000 донор чууллаа

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон.

Манай улс ч дэлхийн хүмүүнлэгийн үйлстэнүүдийн түүчээ болсон доноруудыг алдаршуулах өдрийг 15 дахь жилдээ “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, хаана ч” гэсэн уриатайгаар анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд “Цусны 1000 донор”-ын Үндэсний чуулганы хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа уншиж танилцуулсан юм.

Үндэсний чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес, МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын албаны хүмүүс оролцлоо.

ЦССҮТ ЦДДӨ-ийг угтаж тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа доноруудыг алдаршуулах, тэдний буянт үйл хэргийг нийгэмд сурталчлан таниулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд жил бүрийн 6 дугаар сарын 14-нд  35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог уламжлалтай. 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлд 65, аймаг орон нутагт 15 донор “Хүндэт донор” цолны болзол хангасан байна. Хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдгээр 19 настай Баасандорж овогтой Өсөхбаяр тодорсныг чуулганы хөтөлбөрийн дагуу гардуулсан юм. Мөн МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалиар Э.Ганбат, “Нигүүлсэл” медалиар Ц.Өрнөхбаяр, Г.Анхцэцэг нарыг шагнаж урамшуулав.

Харин “Алтан донор”-оор Ц.Энхтөгс, “Мөнгөн донор”-оор Т.Алимаа, “Хүрэл донор”-оор Б.Бадрал нарыг тус тус өргөмжиллөө. “Алтан донор” Ц.Энхтөгсийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Шударга журам” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, баяр хүргэсэн.

ЦССҮТ, МУЗН жил бүр нийслэл, дүүргийн хэмжээнд ажлын үр дүнгээр нь донор элсүүлэгчдийн ажлыг дүгнэдэг уламжлалын дагуу Монголын донорын холбоо тэргүүн байр, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмай хороо дэд байр, Баянзүрх дүүргийн Улаан загалмай хороо гуравдугаар байранд тус тус шалгарсныг Үндэсний чуулганы үеэр зарлаж, шагналыг нь гардуулсан юм. Мөн байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Зэвсэгт хүчний 120-р анги, Макс групп “Шилдэг донор хамт олон”-оор тус тус шалгарлаа. Мөн донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, www.gogo.mn сайтыг тодруулж, алдаршуулав.

ЦССҮТ ISO 9001-Чанарын менежментийн тогтолцоо, ISO 15189-Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага, OHSAS 18001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага болсоноос гадна 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт АХБ-ны ЭМСХХ-5 төслийн дэмжлэгтэйгээр ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг гадаадын байгууллагаар хийлгэх зорилт дэвшүүлж, улмаар Англи улсын “LIoyd Register” компанийн төлөөлөгч Монгол улсад хүрэлцэн ирж ЦССҮТ-д 2 удаагийн үнэлгээ хийж “ЦССҮТ нь Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж чадаж байна” хэмээн үнэлсэн юм. Тэрхүү нэр хүндийн илэрхийлэл болсон магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Төрийн ордны их танхимын индэр дээр ЦССҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөлөлд гардуулж, улам их амжилт хүсэн ерөөлөө.

Дашрамд дурдахад 2018 онд Монгол Улсын хэмжээнд нийт 34296 орчим донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 26053, аймаг орон нутагт 8243 донор цусаа бэлэглэж, 30 нэр төрлийн 98037 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна.  Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт хүн амын дунд донорын эзлэх хувь 1,14%, 1000 хүн амд ногдох цус өгөлтийн тоо Улаанбаатарт 18.1, орон нутагт 4.7 болж тус тус өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Мөн улаан эсийн бүтээгдэхүүнийг глицеринжүүлэн хөлдөөж удаан хугацаагаар хадгалах, цус цусан бүтээгдэхүүний эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх, рентген туяагаар шарах зэрэг шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Эдгээр шинэ технологийг нэвтрүүлснээр хөлдөөж угаасан улаан эс, эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн хөлдөөсөн шинэ сийвэн, ялтаст эсийн өтгөрүүлэг, туяагаар шарсан улаан эсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нэр төрлийг нэмэгдүүлж аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна.