Д.Сарангэрэл: Монгол хүний дундаж насыг 78-д хүргэх зорилттой байна
2019.06.05

Д.Сарангэрэл: Монгол хүний дундаж насыг 78-д хүргэх зорилттой байна

"Монголын үнэн" сонин, Д.Мөнхжаргал
Эрүүл мэндийн яам болон холбогдох газраас зохион байгуулсан “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг өчигдөр “Новотел” зочид буудалд болов. Энэ үеэр Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛТЭЙ дээрх сэдвээр ярилцлаа.
-Одоогоор монгол хүний дундаж наслалт хэд байна вэ. Тэдэнд эрүүл мэндийн хэчнээн төв үйлчилж байгаа вэ? 
-Монгол Улсын хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар гурван сая 178 мянгад хүрч, дундаж наслалт 69.89 болсон. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.44, эрэгтэйчүүдийнх 65.88 байна. Монгол Улсын хэмжээнд 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 549 сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв хүн амд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Монгол Улсын хэмжээнд 218 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, нийт хүн амын 68.8 хувь буюу 2.2 сая иргэнд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаагийн 142 нь нийслэлд бий. УИХ-аас 2016 онд баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх” зорилт дэвшүүлсэн. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, анхан шатлалын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, алслагдсан орон нутагт явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтыг тусгасан.

Алма-Атагийн тунхаглалыг баталснаас хойш 40 жилийн дараа буюу 2018 оны аравдугаар сарын 25-26-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод тус улсын Засгийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдвийн дор олон улсын хурал зохион байгуулсан. Астанагийн тунхаглалд Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын суурь нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ гэдгийг санал нэгтэйгээр баталгаажуулсан юм.
2019 онд  Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг онцлох жил” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Энэ нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрт хэрэгцээт эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хаана байгаагаас нь үл хамааран санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр авах боломжийг бий болгох явдалд чиглэж байгаа юм. 
-Хүн амд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, хамгийн ойр байдаг нь өрхийн эмнэлэг. Тэдгээрийг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах талаар ямар бодлого барьж байна вэ? 
-Манай улсын хүн амын 32 хувь нь хөдөө орон нутагт оршин сууж байна. Хөдөөгийн хүн ам нь эрхэлж байгаа аж ахуй, гэр бүлийн байдал, төлбөрийн чадвар зэргээс хамаарч эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд аймгийн төв, нийслэлд ирж хамрагдах нөхцөл боломж хязгаарлагдмал байдгаас анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх явдал чухал байгаа юм. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг бий бол гох гурав дахь тулгуур нь эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээнд хүн амыг бүрэн хамруулах явдал гэж үзэж байна. 
Монгол Улсад иргэн бүр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хуульчилж, эрүүл мэндийн даатгалын хамралт 95.4 хувь байгаа хэдий ч бага орлоготой иргэд, албан бус салбарт ажиллагсад, хөдөлгөөнт хүн ам, даатгалгүй, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэд тусламж, үйлчилгээний гадуур орхигдож эрүүл мэндийн тэгш бус байдалд орох магадлалтай байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төвөөс алслагдсан болон эмзэг бүлгийн хүн ам тэр бүр авч чадахгүй байгаа явдал ч бий 
Тиймээс Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна. ЭМЯ, ДЭМБ хамтран нийт 82 нэгжид мобайл технологи нэвтрүүлж, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сан үүнд 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.
Санхүүжилтэд Австралийн Элчин сайдын яам, Японы Хүүхдийг ивээх сангийн хувь нэмэр их байна. Хөдөө орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн анхан шатны 61 байгууллагад мобайл технологи хэрэгжиж, орон нутгийн санхүүжилтээр эрүүл мэндийн 42 байгууллагад мобайл технологийг нэвтрүүлээд байна. 2019 онд эрүүл мэндийн анхан шатны 20 байгууллагаар 70 гаруй мянган иргэнийг нэмж эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд төлөвлөсөн GeneXpert тоног төхөөрөмжийг Увс, Завхан, Сүхбаатар аймаг болон Баянгол дүүрэгт хуваарилан ашиглаж байна. GeneXpert-ийн хуваарилалт сүрьеэгийн өвчлөл болон бусад судалгаанд үндэслэсэн. Уг төхөөрөмжөөр сүрьеэгийн төгс оношилгоо, мөн орон нутагтаа С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх боломж бүрдэж байна. Мобайл технологийн хүрээнд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх хүүхдийн тусламж, үйлчилгээнд зориулж мобайл ЭХО, мобайл ЭКГ, Оmron даралтын аппарат, сахар, холестрин хэмжигчийг түргэвчилсэн тестийн хамт, БЗХӨ, Хепатит В,С-гийн түргэвчилсэн оношлуур, өндөр жин хэмжигч, зөөврийн компьютер, IPAD, SAMSUNG tablet, зөөврийн хард диск зэрэг мобайл болон мэдээллийн технологийн багаж, тоног төхөөрөмж, эмнэлзүйн гарын авлага, мэдээлэл, сурталчилгааны материал, төсөл хэрэгжүүлэх гарын авлага зэргээр хангаад байна. Мөн үзлэгийн мэдээллээ бүртгэх, VHS программыг нэвтрүүлэн мэдээний сан үүсгэн ашиглаж байна.
 
-Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хөрөнгө санхүүжилт ямар түвшинд байгаа гэж бодож байна вэ?
 
-Анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж байна. Нэг иргэнээр тооцсон зардал дунджаар 14 мянга гаруй байсныг энэ онд 17 мянга болгож нэмэгдүүллээ. 2020 оны төсөвт дахин нэмэгдүүлж 20 мянгад хүргэх саналыг хүргүүлээд байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэний тарифыг нэмэгдүүлж анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад Байнгын хорооноосоо бид дэмжлэг хүсч байна. 
-Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн гэсэн. Энэ талаар тайлбар өгнө үү? 
-Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр 5.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. 
Эрүүл мэндийн даатгалд хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэлээ өөрсдөө төлдөг малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдийн даатгалын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай  тэнцүү байсныг 2018 оноос нэг хувь болгон бууруулсан. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулахад ихээхэн чухал алхам болно гэж үзэж байна. 
-Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийн чадвар, боловсрол мэдлэгийг дээшлүүлэх талаар хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байна вэ? 
-Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийн дотоод гадаад сургалт, туршлага судлах чиглэлд ЭМЯ-наас тасралтгүй анхаарсаар ирсэн. 2018 онд 54 эмч, сувилагч гадаад дотоод сургалтад хамрагдсан бол энэ онд эхний гурван эмч БНСУ-д суралцаад байна. 2018, 2019 онд 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Өрхийн эрүүл мэндийн төвд хийгээд явж байгаа бөгөөд Сонгииохайрхан дүүргийн II хороо, Чингэлтэй дүүргийн XIV хороо, Хан-Уул дүүргийн XII хороонд шинэ өрхийн эмнэлэг, Чингэлтэйн XIII хорооны “Мэнд-Арвижих” эмнэлэг, Дархан-Уул аймгийн Дархан сум, III багийн “Түвшин холбоо” эмнэлэг, Баянзүрх дүүрэг, XVI хорооны өрхийн эмнэлгүүдийн өргөтгөлийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 27 өрхийн эмнэлэгт нийт 150 гаруй сая төгрөгийн өртөг бүхий нярайн шарлалт хэмжих аппарат, ургийн доплер, хэт өндөр давтамжийн аппаратыг нийлүүлсэн бол 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн Багануур, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хорооны өрхийн эмнэлгийн их засавр, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 1.8 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна.