М.Билэгт: Хавдрын эмнэлэг барих төслөө арав гаруй жилийн өмнөөс эхлүүлж олон ч бэрхшээлийг тууллаа даа
- “ЭНЭРМЕД” ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРСНООР ӨДӨРТ500, ЖИЛД 150 МЯНГАН ХҮН АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛНЭ-
“Энэрмед” ХХК-ийн япон стандартын дагуу барьсан хавдрын эмнэлгийн барилгыг 2019 оны тавдугаар сарын сарын 17-ны өдөр улсын комисс хүлээн авч, барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн зөвшөөрлийг нь олгосон. Ингэснээр Монгол Улсад ганцхан байгаа 1982 оноос хойш 36 жил үйл ажиллагаа явуулж буй Хавдар судлалын үндэсний төв улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах хүчин чадал бүхий шинэ хавдрын эмнэлгийн барилга ашиглалтад орох боломж бүрдсэн.
Барилгыг улсын комисс хүлээж авснаар хавдрын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах оношлогоо, эмчилгээний бүх төрлийн тоног төхөөрөмж, тавилга суурилуулж үйл ажиллагаа явуулах, мэргэжилтнүүдийн багуудтай хамтран ажиллах яриа хэлэлцээний захиалга авах боломж нээгдсэн. “Энэрмед” ХХК-ийн шинэ эмнэлгийн барилга нь нийт 11 мянган метр квадрат талбайтай бөгөөд өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаториор хүлээн авч, оношлогоо, эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж. Шинээр баригдаж буй хавдрын эмнэлэг нь нийтдээ 300 ортой хоёр барилгаас бүтэх бөгөөд энэ сард 120 ортой эхний барилга эмнэлэг нь ашиглалтад орно. Харин 180 ортой эмнэлгийг нь ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжид ашиглалтад орох 120 ортой хавдрын эмнэлгийн бүх систем нь ухаалаг программчлалтай. Тухайлбал, агааржуулалт, халаалт, хөргүүр, гэрэлтүүлэг, камер, галын систем зэргийг нэгдсэн удирдлагын төвд хянана. Ингэснээр өрөө болон ор болгоны дээр тавьсан агааржуулалтын систем нь орчны агаарыг автоматаар мэдэрч, бохирдсон үед агаарын солилцоо явуулж, халсан үед хөргөж, хөрсөн нөхцөлд халаах горимд шилжих юм байна. Мөн агааржуулалтын систем нь гадна агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүх тул өвлийн улиралд утаатай холбоотой асуудал үүсэхгүй. Үүнээс гадна улсын эмнэлэгт хоёрхон байдаг хийн шугамыг хавдрын шинэ эмнэлэгт тав байхаар шийдсэн байна. Агаар, вакум, хүчилтөрөгч, азотын исэл, нүүрсхүчлийн хийн шугамыг холбожээ. Хийн шугам нэмэгдэх тусам бага зардлаар олон төрлийн хагалгаа хийх орчин сайн бүрддэг юм байна. Эмнэлгүүдийн ачаалал ихэссэн өнөө үед ганц ч болтугай эмнэлэг ашиглалтад оруулж улсдаа хувь нэмрээ оруулах гэж зүтгэж яваа УИХ-ын гишүүн М.Билэгттэй уулзаж ярилцлаа.
-Та 2010 оноос хойш арав шахам жил өндөр хөгжилтэй орны стандартыг хангах “Эмнэлгийн барилгын цогцолбор барьж байгуулах” төслөө хэрэгжүүлэх зорилгоосоо ухарч шантралгүй олон бэрхшээлийг туулж төслийнхөө эхний хэсэг болох 120 ортой эмнэлгийн барилгаа барьж дуусгаад ашиглалтад орууллаа. Таны эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулж байгаа бүтээн байгуулалтаар олон монгол хүн бахархаж байна даа?
-Монгол Улсынхаа ард иргэдийг гадаад руу өндөр хөгжилтэй улсад очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэж аав, ээж, хань ижил, үр хүүхэд гээд ойр дотныхоо хэн нэгнийг дагуулан байр байшин, хашаагаа барьцаалж зээл авч, өр төлбөр тавин явж байгааг харахад үнэхээр сэтгэл эмзэглэдэг. Иргэдийнхээ нэгээхэн хэсгийг ч болтугай Монголдоо өндөр хөгжилтэй орны оношлогоо эмчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах гэж 2010 онд энэ төслөө санаачилж хэрэгжүүлэхээр эхэлж байлаа.
Зах зээлийн нийгэмд шилжсэн тэр үеэс ханьтайгаа хамт оёдолчин ч хийж, ганзагын наймаа, гахай үүрэх гэх мэт боломж гарц болгоныг хайж шантрахгүй, хөдөлмөрлөсөн зүтгэлийнхээ үр дүнгээр байгуулсан гэр бүлийн компанийнхаа бүх хуримтлалаар дэнчин тавьж Монголдоо өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарын менежмэнтийг нутагшуулахад хамгийн эхэнд тэдний шаардлагыг хангасан сав буюу эмнэлгийн барилгыг барьж байгуулах төсөл хэрэгжүүлэхээр арав шахам жил шантрахгүй ухрахгүй зүтгэлээ.
Үүний үр дүнд эмнэлгийн барилгаа барьж дуусгаад барилга байгууламж ашиглалтад оруулах Улсын комисст хүлээлгэж өглөө. Энэ төслөө хэрэгжүүлэх явцад надад олон бэрхшээл учирсаан. Энэ бүхнийг туулж цөхөрч, шаналж явсан тэр бүх агшинд миний төлөө чин сэтгэлээсээ хамт санаа зовниж, дэмжиж байсан олон олон найз, нөхөд, дүү нар болон Монголын ард иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлт хүмүүс маань “Орчин үеийн олон улсын стандартаар энэ эмнэлгийн барилгын ажил дуусч улсын комисс хүлээж авлаа” гэсэн мэдээллийг сошиалаар авангуутаа надад урам өгч талархал илэрхийлж байгааг уншаад энэ төслийг гацааж элдэв дарамт учруулж байсан шантаажчингуудаас болж миний сэтгэлд хурсан арав шахам жилийн хямралын соривжилт бүр арилчих шиг боллоо.
Монголынхоо эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар нийгэмд чиглэсэн энэ төсөл маань хэрэгжиж эмнэлгийн барилгыг Улсын комисс хүлээж авсанд миний зүгээс их баяртай байна даа.
-“Энэрмед” эмнэлгийг улс хүлээгээд авчихвал хавдрын гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал хоёр дахин буурах юм байна. Монголд хавдар гээч аюулын харанга дэлдэж буй үед чухам нүдээ олсон явдал юм даа?
-“Энэрмед” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь “Ачлал трейд” компани. “Ачлал трейд” ХХК нь өөрийн зуун хувийн хөрөнгө оруулалтаар энэ эмнэлгийн барилгыг бариад байна. Манай “Ачлал трейд” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулахаар дэлхийн өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголдоо нутагшуулах гарцыг бий болгох төслийг хэрэгжүүлэх судалгааг 2011 оноос эхлүүлж байлаа.
Эмнэлгийн барилга нь нийт 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын эмнэлгийн стандартыг хангасан байдлаар баригдсан онцлогтой. Энэ эмнэлгийн барилгын төслийг 2010 онд санаачилснаар өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангасан 120 ортой эмнэлгийн барилгыг ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм.
Хавдрын шинэ эмнэлгийн барилгын зураг төслийг япон стандартаар боловсруулж, гүйцэтгэлийг нь зуун хувь монгол инженерүүд хийсэн. Барилгын цахилгаан, халаалт, агааржуулалт, хөргөлт, хяналтын систем, газ хийн систем, дотоод холбоо, дохиолол зэрэг нь эмнэлгийн барилгын зориулалтаар бүтээгдсэн юм.
-Монголчууд “Онгироход олон юм орохгүй, орон барихад олон юм орно” гэдэгчлэн эмнэлгийн барилга барих гэж овоо ажил ундрав уу?
-Эмнэлгийн барилгын бүтээн байгуулалтад арав гаруй туслан гүйцэтгэгч компани, нийт 300 гаруй инженер, техник, гүйцэтгэлийн ажилчид оролцсон. Энэ төслийг хэрэгжүүлэх хүрээнд Японы эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж Японы эрүүл мэндийн салбарт менежмэнтийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн компаниар ТЭЗҮ хийлгэж, Японы эмнэлгийн барилгын стандартыг хангасан “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор барьж байгуулах” төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхэлсэн.
Төслийн эхний хэсэг болох “Оношлогоо эмчилгээний төв” 120 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг 2012 оны тавдугаар сард эхлүүлсэн ч эмнэлгийн барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сард дуусах үе шатандаа орсон.
-Манайхан барилгыг бол бараг шөнөдөө босгочих шахуу болсон. “Энэрмед” эмнэлгийн барилгын хувьд Японы эмнэлгийн стандартаар барьж буй болохоор гүйцэтгэл чанарын өндөр түвшинд байгаа нь тодорхой байх?
-Эмнэлгийн барилгад суурилагдсан салхивч агааржуулалт, хөргөлтийн систем, газ хийн систем, автомат удирдлага бүхий гэрэлтүүлэг холбоо дохиолол, хүчит төхөөрөмж, автоматик, халаалт, цэвэр бохир ус, сувилагчийн хяналтын систем гэх мэт орчин үеийн өндөр хөгжилтэй орны эмнэлгийн барилгын гол зүрх нь бол инженерийн шугам сүлжээний тоног төхөөрөмжүүд түүний угсралт суурилалт нь инженер техникийн ажилтнуудын өндөр мэдлэг чадвар, туршлага шаардсан ажил юм.
-Агааржуулалтын талаар өрөө бүрийг байнга хянаж, тохируулж байхаар шийдсэн гэсэн. Яг яаж шийдсэн бол?
-Өвөл, зуны туршид халуун болон сэрүүн агаарыг үлээлгэх системийг оператор нэгдсэн байдлаар 24 цаг хянаж, өвчтөнүүдийн байгаа байдал, ачааллаас хамаараад тухайн давхрын температурыг барьж байх боломжтой. Тухайлбал, хагалгаа хийж байгаа давхар өндөр температуртай байх шаардлагагүй бол өвчтөнүүдийн байрлаж буй давхар 20 хэм, агуулахын хэсэг 11 хэм гэх мэт байдлаар тохируулах боломжтой.
Мөн зургаагаас дээш давхарт буюу өвчтөнүүдийн байнгын байрлах давхруудад агаарын чанарын удирдлага хийж байгаа. Олон өвчтөн байх тусам агаарын чанар муудах тул дотор агаарыг байнгын сэлгэлт хийнэ. Нөгөөтэйгүүр гаднах агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүж оруулна. Энэ бүхнийг цогцоор нь хэлэхэд монголоор “ухаалаг барилга” гэдэг нэршил бүхий шат руу ахиад байна. Зургийг нь япон инженерүүд хийж, гүйцэтгэлийг ч мөн хянаж байгаа.
-Улсын эмнэлгүүдэд ийм хийн хоолой хоёр л байдаг гэсэн. Харин энэ эмнэлэгт хэдэн хоолой суурилуулж байгаа вэ?
-Байхгүй гэхэд болно. Харин үйлчилгээний төвүүд гэвэл “Бодь” цамхаг, “Улаанбаатар” их дэлгүүр зэрэг барилгуудад ийм агааржуулалтыг шийдэж өгсөн. Харин CO2-ын хувьд нэлээд шинэлэг гэж хэлэхээр байна. Эмнэлэг гэдэг утгаараа агаарын чанарт ихээхэн анхаарч үүнийг шийдэж өгсөн.
Хүмүүс гоё цонх, гоё хаалга л хийсэн байвал тагнай ташин шогшроод байдаг.
Харин энэ мэт шийдлүүд хүний нүдэнд харагддаггүй ч дандаа оюуны бүтээл байдаг учраас өртөг өндөртэй. Энэ эмнэлгийн хувьд мэс заслын, сэхээн амьдруулах, хэвтэн эмчлүүлэх зэрэг олон өрөөнд таван төрлийн хийн шугам холбож өгч байна. Хоёр төрлийн шугам гарч байгаа бол дараахь давхарт хоёр төрлийн хий, таван төрлийн шугам гарсан байвал таван төрлийн хий тухайн давхар руу шахна гэсэн үг. Хэдэн төрлийн ямар мэс заслын өрөө байна гэдгээс шалтгаалж Б1 давхраас 12 давхар хүртэл суурилуулсан. Тухайлбал, энд агаар, вакум, хүчилтөрөгч, азотын исэл, нүүрсхүчлийн хий гэсэн таван шугам доороосоо дээшээ явна.
-Хавдрын эмнэлгийн шугамын холболт яг юугаараа онцлогтой байдаг юм бэ?
-Хавдар бол хавдар, арьс өнгөний эмнэлэг бол арьс өнгөний чиглэлээр өөр өөрийн гэсэн онцлог бүхий шугам холболттой байх ёстой. Энэ эмнэлгийн хувьд хагалгаа, оношлогоо, эмчилгээ бүгд байх учраас олон төрлийн хий ашиглана. Эмнэлгүүд хийн системтэй байдаг ч таван төрөлтэй тэр бүр байгаад байдаггүй, хоёроос гурав л байдаг.
Тухайлбал, Нэгдүгээр төрөх эмнэлэгт хагалгаанд орж байхад хүчилтөрөгч, гараад ирэхэд нь вакум гэх хоёр төрлийн л хий хэрэг болдог. Намхан барилгуудын хийн системийг тооцоолоход хялбар байдаг бол өндөр болох тусам тооцоолол улам нарийсдаг. Энэ бүхнийг япончуудын гаргаж өгсөн зураг, системийн дагуу хийсэн.
-Энэ хийнүүд яг юунд хэрэг болдог талаар яриач?
-Нүүрсхүчлийн хий гэхэд дурангийн хагалгаанд хэрэг болдог. Азотын хий байрын хэсгийг мэдээ алдуулж бага зардлаар жижиг мэс ажилбар хийдэг байх жишээтэй. Шүд авахад соруулаад байдаг жижиг төхөөрөмжийг тогоор биш, хийгээр ажиллуулдаг.
Мэс засал хийхэд хүний биеийн доторх хоёр ханыг хийгээр үлээлгэж хөндийрүүлж байж эмч хүн мэс заслаа хийдэг. Тэгэхээр аль болох олон хий орох тусам бага зардлаар, олон төрлийн хагалгаа хийх боломжтой гэсэн үг юм.
-Эрсдэлийг тооцож үзвэл, тог тасрахад энэ бүх систем ажиллах уу?
-Барилга өөрөө нэгдүгээр зэрэглэлийн барилга учраас хоёр талын эх үүсвэртэй, генератортай, серверийн тоног төхөөрөмжүүд өөрсдөө тог баригчтай.
Ер нь байнгын ажиллагаатай байхаар зохион байгуулж байна. Хамгийн гол нь барилгын бүх давхрын таазаар агааржуулалт, хөргөлтийн системийн, газ хүчилтөрөгчийн системийг, холбоо дохиоллын цахилгааны гэх мэт маш олон шугамын битүү угсралт хийгдсэн байгаа.
-Эмнэлгийн хүчин чадлын талаар яриач, та?
-Эмнэлгийн амбулаториор өдөртөө 500, жилдээ 150 мянган хүн үйлчлүүлэх, жилд 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Эмнэлгийн нэг давхарт хүлээн авах, түргэн тусламж, эмийн сан байрлах юм. Хоёроос гурван давхарт амбулатори, үзлэгийн хэсэг, дөрөвдүгээр давхарт шинжилгээ, таван давхарт мэс заслын өрөө, зургаан давхарт ариутгал халдваргүйжүүлэх хэсэг, долдугаар давхарт эрчимт эмчилгээний өрөөнүүд байгаа. Эрчимт эмчилгээний өрөөнд хийн таван систем суурилуулсан.
Наймаас аравдугаар давхарт хэвтэн эмчлүүлэгчийн тасаг байх юм. Нэг өрөөнд зургаан хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Хүсвэл VIP өрөө ч сонгож болно л доо. Орчин цагт хүн бүхний сонголт янз бүр шүү дээ. Зургаан хүн нэг өрөөнд хэвтэхдээ агаар орчны тал дээр ямар нэг санаа зовох шаардлагагүй орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг. Эмчлүүлэгчдийн өрөө нь 50 м.кв, ор болгоны дээд хэсэгт хүчилтөрөгчийн систем, өрөөнд нь хөргөлтийн систем байрлуулах юм. Эмнэлгийн 11 давхарт ресторан үйлчилгээний газар, 12 давхарт оффис байрлана. Давхар бүрт агаар шүүх төхөөрөмжтэй. Эмнэлэг бүхэлдээ автоматжсан учраас хэн нэгэн эмч, сувилагч дуудах шаардлагагүй. Ердөө ганцхан товчлуур дарахад л хангалттай.
Та бүхэн гадаадын кинон дээрээс товчлуур дараад эмч, сувилагчаа дуудахыг өчнөөн харсан даа, яг л тийм зохион байгуулалттай юм. За тэгээд эмнэлэг маань А, В, С гэсэн гурван хэсэгтэй. В,С хэсэгт эмчилгээ, үйлчилгээ байх бол А блок нь эмч, ажиллагсдын сургалт, судалгааны орчин байхаар төлөвлөсөн. Яаралтай үед эмнэлгийн дээр нисдэг тэрэг буух боломжтой. Дотроо усан бассейнтэй, гурван давхар хүртэл урсдаг шаттай. Мөн эмнэлгийн бохир зөөх, ариутгасан эд зүйл зөөх, үйлчлүүлэгч явах зэрэг найман төрлийн лифттэй юм.
-“Энэрмед” эмнэлгийг даруйхан улс хүлээгээд авчихвал олон хүний амь нас аврагдах юм даа?
-Монгол Улсад өдөрт 12, жилд 4300 орчим иргэн хавдрын улмаас амь насаа алддаг гэсэн статистик мэдээлэл бий. Энэ бол 3.2 сая хүн амтай, хөгжиж буй орны хувьд аюулын харанга гэхээс аргагүй. Хавдрын өвчлөл 20-30 жил манай улсад өсөлттэй байхаар судалгаа ч гарсан юм билээ. ХСҮТ-ийн ачааллаас үүдэж, хагалгааны тов хүлээх зуураа хавдартай иргэд нас барах, өвчин нь эдгэрэхгүй түвшинд шилжих харамсалтай тохиолдлууд гарсаар байна даа.
ТӨРИЙН БАРЬЖ ЧАДААГҮЙ ХАВДРЫН ЭМНЭЛГИЙГ М.БИЛЭГТ ГИШҮҮН БҮТЭЭН БОСГОЛОО
ТАЛАРХЛЫН СЭТГЭГДЛҮҮДЭЭС...
“Тавилан муутай хавдар өвчнийг оношлох, эмчлэх бизнесийг ашиг олох гэсэн хүн бүр барьж авдаггүйг дэлхийн болон манай орны туршлага харуулж байна. Энэ санаачилга бол нийгмийн хариуцлагаа ухамсарласан, олон хүүхэдтэй жирийн малчны охин, компанийн эзэн хүний гаргаж чадах хүн ардаа гэсэн сэтгэлийн өргөл гэж би хүндэтгэн дэмжиж байгаа. Тийм ч учраас хавдрын эмнэлэг барьж байхад төрөөс анхаарал тавих хэрэгтэй. Монгол Улс өнөөдөр гурван сая хүн амтай. Гэтэл манай улсын хэмжээнд 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай хавдрын эмнэлэг л ажиллаж байна. Статистик баримт сөхөхөд хортой, хоргүй хавдар туссан хүний тоо 300 мянгад хүрсэн харамсалтай мэдээ бий. Үүнээс харвал Монгол Улсад хавдрын 10 эмнэлэг ч байсан илүүдэхгүй. Монголын хүн амын нас баралтын хоёрдахь шалтгаан бол хавдар. Одоо ажиллаж буй хавдрын эмнэлэг ачааллаа даахгүй байгаа үед хувийн хөрөнгөө хавдрын шинэ эмнэлэг барихад зориулсан хүмүүнлэг, нийгмийн хариуцлагын үүргээ тэргүүнд тавьсан эрхэм гишүүний үйлсийг эмч хүний хувьд дэмжиж зөвлөн хамтарч ажиллаж байсны хувьд Улсын комисс эхний ээлжийн барилгыг нь хүлээн авсанд баяр хүргэж цаашдын бүтээн байгуулалтанд амжилт хүсье!”
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН Д.МӨНХӨӨ
“Маш их сайхан мэдээ байна. Юуны өмнө гишүүндээ томоос том баяр хүргэе! 2004 оноос Билэгт гишүүнийгээ мэднэ. Хэн хүнд байгаад байдаггүй, зорьсондоо заавал хүрдэг, тууштай хөдөлмөрч, дайчин шаргуу, бүтээлч зан чанар энэ шавилхан эрхэм эмэгтэйд бий. Ямархуу саад бэрхшээлтэй тулгарч, яаж зүтгэж, хичнээн удаагийн шүүх цагдаа болж энэ ТОМ АЖИЛ-ын ард гарсныг би гадарлана. Гэхдээ тэр хэнд ч бууж өгөөгүй, хэнд ч мөнгө өгч хахуульдаагүй. Олон олон нойргүй шөнө, олны тусын тулд гэсэн чин сэтгэлийнхээ хүчинд ард нь гарчээ. Та өнөөдөр зүгээр л уйл. Шүд зуун зүтгэсэн зорилгоо биелүүлснийхээ төлөө өөрийгөө, хань, үр хүүхэд, хамтран зүтгэгчдээ шагнаж уйл. Танд зөвхөн Баянхонгорчууд төдийгүй МОНГОЛТҮМЭН баярлаж байгаа!”
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ
“М.Билэгт гишүүний байдаг бүхнээрээ дэнчин тавин байж босгосон эмнэлгийг Улсын комисс хүлээн авчээ. Билэгт танд баяр хүргэе. Та өнгөрч буй дөрвөн жилд эрх барьсан Засгийн газраасаа ч илүү ажиллаж, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барьж өгч гавьяа байгууллаа. Ямар ч зөвшөөрөлгүй хэрнээ орон сууц барих гээд суурь тавьчихсан байсан газрыг авч, хулхидуулж, хэл аманд орсон ч ямар ч байсан зориулалтын дагуу эмнэлэг барина гэж арав гаруй жил зүтгэхдээ олон саадтай тулж, ёстой л говийн бүсгүйн гүргэр гүжирмэг зангаар давлаа даа. Бас ЖДҮ-дээгүй, жирийн иргэдийн амсдаг хүнд суртлыг бүгдийг амсаад бизнесийн өндөр хүүтэй зээлээр ажлаа явуулсаар эмнэлгээ барьсантай нь маргах хүн өнөөдөр байхгүй биз ээ!”
СЭТГҮҮЛЧ ХАЙДАВЫН УЯНГА
“Гучин жилд төрийн барьж чадаагүй хавдрын эмнэлгийг М.Билэгт гишүүн бүтээн босголоо”
ӨДРИЙН СОНИН