Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит V дугаар хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Хуралдааны протоколыг салбар чиглэлээр хэлэлцэн тохирох уулзалтыг өнөөдөр /2019.06.27/ ХХААХҮЯ-нд зохион байгуулж байна.
Хоёр орны Засгийн газрын хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 2013 онд зохион байгуулж байсан түүхтэй. Энэхүү хуралдааныг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Беларусийн талаас Аж үйлдвэрийн сайд ахладаг.
Бүгд найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 04 дүгээр сарын 19-нд Монгол Улсад айлчилж, Монгол Беларусын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай үзэглэсэн юм. Энэ хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох юм.
Мөн Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх асуудлыг Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороо дэмжсэн. Улмаар энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэр гарах юм.