Олон улсад IPO хийх гэж буй багийнхан хэн бэ?
2019.07.04

Олон улсад IPO хийх гэж буй багийнхан хэн бэ?

Амралтын өдөр редакцийн томилолтоор өмнийн говийг зорьж, “Эрдэнэс-тавантолгой"- ХК-ийн уурхайтай танилцлаа.

Тус компани Цанхийн уурхайгаасаа Гашуунсухайтын авто зам хүртэл 8,2 км хүнд даацын, хатуу хучилттай авто зам барьж ашиглалтанд оруулснаа энэ өдөр \2019.06.30\ нээлтийг хийсэн юм. Аймаг орон нутаг, захиалагч, гүйцэтгэгч компанийн удирдлагууд нээлтийн ёслолд оролцлоо. Уурхайгаар орсных, ажилчидтай уулзаж, ажлын орчин нөхцөл, цалин хангамж, компанийн удирдлагуудын талаарх сэтгэгдэл, компанитай холбоотой сонин хэвлэл, сошиал орчинд цацагддаг зарим мэдээллийн талаар уурхайчдын санаа бодлыг битүүхэн сонирхож, тандаж явлаа. “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн уурхайчид ажилдаа дуртай, компанидаа хайртай хүмүүс байдаг нь анзаарагдсан. Компанийнхаа талаар муу үг амнаасаа унагах хүн таарсангүй.

Амралтын өрөөний массажны сандал дээр сууж байсан, өөрийгөө Жаргалсайхан гэж танилцуулсан ажилтан болон биллиард тоглож зогссон 5 залуу уурхайчинтай хэдэн минут хөөрөлдөхөд, “14 хоног ажиллаад, 14 хоног амардаг, ийм нөхцөлтэй компани Монголд байхгүй, цалин хөлс дажгүй”, “Б.Ганхуяг захирал цалин болон шөнийн цагийн нэмэгдэл, ХАБ-ын нэмэгдэл гээд сайн нэмэгдүүлсэн, аргагүй энэ компанид анхнаас нь ажилласан, уурхайг эхлүүлсэн, уурхайчдынхаа дундаас гарсан удирдагч болохоор ажилчдынхаа нөхцөл байдлыг маш сайн мэддэг” гэхчлэн компаниа, захирлаа магтаж байна.

Уурхайчдын дундаас гарсан удирдагч

Миний хувьд анх удаа нүүрсний, тэр тусмаа Төрийн өмчит “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн уурхай явахдаа урьдчилаад сайн мэдээлэл авах гээд “гүүгл ахаас” асууж үзтэл голдуу л компанийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны ногдол ашиг, IPO гаргах явцтай холбоотой эерэг мэдээллүүд гарч ирж байсан. Сөрөг гэж хэлж болох ганц хоёр мэдээллийг сонирхож үзвэл 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой эдийн засагч Наранбаатарын ярилцлага, мөн компанийн дэд захирлуудын томилгоо, IPO хийх багийнхны мэдлэг чадвар сул байна гэсэн агуулгатай байлаа.

Хувьцааныхаа 30 хүртэл хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж, том төслүүддээ хөрөнгө босгох үүрэг чиглэлийг УИХ-аас тус компанид өгсөн. УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын хариуцаж авсан гол ажлын нэг энэ. Гэвч энэ ажлыг хариуцсан баг нь ажилдаа тэнцэж байгаа юу? гэсэн эргэлзсэн нийтлэл олоод харчихсан нь уурхайд очсон хойно ч сэтгэлээс гарахгүй байлаа.

Тиймээс энэ тухай асууж тодруулчих санаатай уурхайчидтай ярилцаж үзтэл гүйцэтгэх захирал, уурхайн захирлаасаа бусдыг нь сайн мэддэггүй нь илт. Ашгүй энэ үеэр бидэнтэй хамт томилолтоор явсан Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга М.Амарбаяр орж ирж таарсан юм. Өрөөнд байгаа уурхайчдын ажил төрлийг асууж, зарим ахмадуудтай тоглоом шоглоом хийгээд, цаад өрөөнд биллиард тоглож буй залуусыг “за өмнөх тэмцээнд хэн нь аварга болсон, аваргатай нь бооцоотой тоглоноо” гээд мань хүн их хөгжилтэй явна. Биллиард тоглох залуусыг харж зогсонгоо М.Амарбаяр даргаас IPO гаргах ажлынх нь талаар, хэн хариуцдаг, ямар хүмүүс байдаг талаар ерөнхий мэдээлэл авлаа.

Мэдээж Б.Ганхуяг захирал ерөнхийд нь хариуцаж байгаа.
Тэрээр 2007 оноос хойш тавантолгойг төсөл байхаас нь хариуцаж, компанийг цаасан дээр босголцсон таван хүний нэг.

Мэргэжилтнээс нь эхлээд, хэлтсийн дарга, дэд захирал, үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирал хүртэл бүх шат дамжлагаар нь явсан “СЕО” гэдгийг хэвлэлийн дарга нь тодотгож байна. Гэхдээ IPO-г яг гардан хариуцдаг нь Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр. Интэрнэтээс олж үзсэн “сөрөг мэдээллээ” хэлвэл М.Амарбаяр дарга инээснээ “Цогтоо захирал чинь үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн талаар Монголдоо “асс”-уудын нэг шүү дээ, чи салбарынхнаас нь асуугаад үзээрэй” гэж байна. Тэгснээ, “Т.Цогтбаяр захирлын удирдлаганд 4 хэлтэс үйл ажиллагаа явуулдаг, тэр хэлтсийн дарга нар, гол мэргэжилтнүүдийнх нь товч намтрыг би өөрт чинь өгье, тэгээд зарим хүмүүсийн шүүмжлээд байгаа шиг мэдлэг чадваргүй, англи хэл ч үгүй хүмүүс ажиллаад байна уу, үгүй юу гэдгийг нягталж үзнэ биз.

Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, дэд захирал Т.Цогтбаяр хоёр англиар чөлөөтэй ярьдаг хүмүүс, бусад дэд захирлууд ч муулж бичээд байгаа шиг хэл ус, мэргэжлийн туршлагаараа гологдох хүмүүс биш, уг нь тэд сургаар бичиж байхаар манай хэлтэст хандвал нууцаас бусад бүх л мэдээллийг өгдөг юм” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ингээд түүний өгсөн мэдээлэл, интэрнэт орчинд хайлтаар гарч ирсэн мэдээллүүдийг харьцуулж, IPO хийх багийн талаар нь товч мэдээлэл бэлтгэснээ сонирхуулья.

Стратеги хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр:

Хан-уул дээд сургуулийг Бизнесийн удирдлага, Хэрэглээний математчикч мэргэжлээр төгссөн. Тайванийн Үндэсний Ченг Кунгийн их сургуульд “Үнэт цаасыг нийтэд санал болгох тухай зохицуулалтын харьцуулсан судалгаа” сэдвээр мастерийн зэрэг хамгаалж, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, үнэт цаасны зах зээл, санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр Япон, Тайвань, Швед, Хонгконг, Солонгос зэрэг улсуудад семинар, сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлжээ. Компанийн тухай хууль, Үнэт цаасны кзах зээлийн тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг энэ чиглэлийн хууь тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдэд орж ажилласан, М.Амарбаяр даргын хэлснээр үнэхээр хөрөнгийн зах зээл, үнэт цаасны чиглэлээр Монголдоо тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг бололтой. Тэрээр Үнэт цаасны хороо болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэргэжилтнээс гүйцэтгэх удирдлага хүртэл мэргэжлээрээ ажилласан туршлагатай, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, аудитын хорооны дарга гишүүн, Үнэт цаасны мэргэжлийн сургагч багш гээд салбартаа бол цол гуншин, намтар түүх нь баялаг нэгэн байна.

Үнэт цаасны бүртгэлийн хэлтсийн дарга Н.Мандуул:

Брэндайзын Их сургуульд МВА, Америкийн Их сургуульд ВМ хамгаалж, Дэлхийн банкны засаглалыг дэмжих төсөлд дотоодын зөвлөх, Сангийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Монголын хөрөнгийн бирж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг ажил алба хашиж байсан байна.

Төслийн удирдлагын хэлтсийн дарга Э.Батбаяр:

СЭЗДС, АНУ-ын Деврайн Их сургуульд Магистр, мөн Харвардын их сургуулийн Удирдлагын сургуулийг төгсөөд Сангийн яаманд мэргэжилтэн, Хөрөнгийн биржийн дэд захирал зэрэг албыг хашиж байсан Э.Батбаяр хэмээх залуу ажиллаж байна. Тэрээр Сангийн яаманд ажиллаж байхдаа НӨАТ-ын буцаан олголтыг санаачилж, хуулийг нь гардан хийлцсэн юм байна.

Маркетинг борлуулатын хэлтсийн дарга С.Амгалан:

 АНУ-ын Торонтогийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, Торонтогийн хөрөнгө оруулалтын санд 10 гаруй жил ажиллаж, 2015 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэс-Монгол” ХХК-д газрын захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай санхүүч, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн.

Бизнес төлөвлөлт, инновацийн хэлтсийн дарга С.Ашидмөнх:

ШУТИС, Япон улсын АOTS сургуулийг тус тус дүүргэж, “Монголросцветмет” ХХК-д санхүүч, ерөнхий эдийн засагч, Төлөвлөлт, эдийн засаг, судалгааны хэлтсийн дарга, 2009-2012 онд ACI Монголын санхүүгийн зах зээлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс-Оюу толгой” ХК-д Санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан.

Үнэт цаасны бүртгэлийн хэлтсийн ахлах шинжээч Ш.Амаржаргал: 

Ленинградын их сургууль, АНУ-ын Колорадогийн Уул уурхайн их сургуулийг Эрдэс баялгийн эдийн засагч, Английн Абердиний их сургуулийг эрх зүй, хуулийн ухааны бакалавраар тус тус төгсөөд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт лабораторийн мастераас ерөнхий диспетчер хүртэл дэвшиж, АНУ-ын Peabody Energy компанид Үйл ажиллагаа, бизнес хөгжил хариуцсан менежерээр 2015 он хүртэл ажиллаж байсан туршлагатай.

Үнэт цаасны бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Тулга:

Монголын санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн гэх мэтчилэн IPO хийх ажлыг хариуцаж буй багт дэлхийн топ их сургуулиудыг төгсөж, АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, Австрали,Хонгконг зэрэг орнуудын банк, санхүүгийн байгууллага, томоохон компаниудад ажиллаж байсан ажлын өндөр туршлагатай мэргэжилтэн, залуус ажиллаж байгаа юм байна.