2019.07.09
Идлэг шонхорын цахилгаанаас үүдэлтэй хорогдлыг бууруулна
Засгийн газрын хуралдаанаар идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол баталжээ.
Идлэг шонхор шувууг бахархалт шувуугаар тодорхойлж 2013 оноос таван жилийн хугацаанд ашиг олох зорилгоор гадагшаа гарахыг хориглосон байсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үргэлжлүүлэн таван жилээр сунгажээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ талаар хэлэхдээ “2013 онд хийсэн тооллогоор идлэг шонхор 7800 орчим байсан бол 2018 оны тооллогоор 10600 орчим болж нэмэгдсэн. Цаашид идлэг шонхорыг хамгаалах олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ялангуяа, цахилгааны утаснаас үүдсэн хорогдлыг бууруулахаар ажиллаж байгаа" гэлээ.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвийн 3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас хасах шийдвэрийг гаргажээ
.