Ц.Гарамжав: Гишүүдийн тоо, парламентын хугацаатай холбоотой саналыг буцааж татах нь зөв
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.
ГИШҮҮДИЙН тоог 108, 99, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААГ ТАВАН ЖИЛ БОЛГОХ УУ ГЭДЭГ НЬ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БИШ
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр нэгдсэн зөвшил-цөлд хүрэхээр УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв дэх өдрөө хуралдаж байна. Ямар асуудлуудаас болж тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа юм бэ?
-УИХ-ын 62 гишүүний өргөн барьж хэлэлцүүлж буй төсөлд Ерөнхийлөгч 49 санал өгсөн.
Тиймээс Ерөнхийлөгчийн саналуудыг төсөлтэй уялдуулахаар зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Харин зөвшилцлийн ажлын хэсгийнхний санал нэгдсэн зарим шийдвэрийг гишүүд дэмжихгүй байна.
Мөн сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо зэрэг асуудалд нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байна. Тиймээс талуудыг байр суурь, тодорхой саналаа баталгаажуулж, бичгээр санал өгүүлэхээр боллоо.
Саналын зөрүүтэй нэлээд их асуудал байгаа учраас гишүүдийн саналыг бүр тодорхой байдлаар авах шаардлага үүссэн гэхэд болно. Мөн зарим гишүүний зүгээс Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөл хийх хэрэгтэй гэсэн санал гаргасан.
Цаг хугацаа, нийгмийн шаардлага тулгараагүй зохицуулалтуудыг төслөөс буцааж татах нь зөв гэсэн санал ч гарч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал өргөн хүрээнд буюу 30 хувьд хүргэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.
Ялангуяа санал нэгдэж, зөвшилцөж чадахгүй байгаа зохицуулалтуудыг буцааж татсан нь дээр байх.
-Буцааж татах боломжтой, санал нэгдэж чадахгүй байгаа зохицуулалтуудыг тодруулахгүй юу?
-Жишээлбэл, гишүүдийн тоог 108, 99, парламентын хугацааг таван жил болгох уу гэдэг нь тулгамдсан асуудал биш. Гишүүдийн тоог нэмэх асуудал нь улс орны нийгэм, эдийн засаг, хүн амын нөхцөл байдлаас шалтгаална шүү дээ.
Хүн ам нь ихсэж, олон тойрог, бүстэй болчихоод гишүүдийн дутагдалд орчихсон биш. Хэрвээ хүн ам нь өсөж, олон тойрог бүстэй болсон бол гишүүдийн тоог нэмэх шаардлага үүссэн гэж болно. Гэтэл одоо гишүүд дутагдаад байгаа зүйл алга. Гишүүд ажлаа дийлэхгүй байгаа ч юм биш. Парламент ажлаа дөрвөн жилдээ багтааж хийж чадахгүй байна уу гэвэл үгүй.
Ер нь, парламентын дотоод зохион байгуулалтыг сайжруулах, хурдтай ажиллуулах шаардлага бий. Ингэхгүй бол маргалдаж, зөрчилдсөөр ихэнх хугацаагаа алдаж байна. Ялангуяа, улстөрчдийн гаргаж буй алдаанаас болж зөрчилдөж, маргалдсаар ихэнх цагаа барах юм.
Миний бодлоор парламентын хугацааг таван жил болгосон ч улстөрчдийн зөрчил, маргаан арилахгүй. Ялгаагүй шүү дээ. Харин алдаа, зөрчил гаргахгүйгээр улс орон, ард иргэдийн амьдрал руу чиглэсэн сайн шийдвэрүүд гаргаж, далайцтай ажилладаг байх хэрэгтэй. Ингэж байж парламентын үйл ажиллагаагаа сайжирна уу гэхээс хугацааг нэмснээр сайжирна гэж байхгүй. Харин зайлшгүй хөндөх шаардлагатай, нийгэмд тулгамдсан олон асуудал байна.
-Та зайлшгүй хөндөх шаардлагатай гэдэгт ямар зохицуулалтуудыг хамааруулж байгаа юм бэ?
-Засгийн газартай холбоотой зохицуулалтууд буюу Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, “давхар дээл”-ийг тайлах, шүүхийн тогтолцоог шинэчлэх зэрэг нийгмийн шаардлагатай өөрчлөлтүүд байна. Шинэ Үндсэн хууль баталснаас хойш 30-аад жил өнгөрлөө.
Нийгэм, эдийн засаг ч их өөрчлөгдсөн. Цоо шинэ ардчилсан нийгэм байгуулчихлаа. Гэхдээ нийгмийн тогтолцоо, эдийн засгийн харилцаагаар тогтохгүй ард иргэдийн амьдрал ахуйд тулгамдсан асуудал олон байна. Тиймээс бид Үндсэн хуулийн төслөө ард нийтээрээ ярилцаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Нийгмийн хөгжил, улс орны эрх ашгийн үүднээс зөв өөрчлөлт хийх шаардлага бий.
Ялангуяа, эдийн засагтай холбоотой зохицуулалтууд байна. Байгалийн баялгийг ард түмэндээ хэрхэн тэгш хуваарилах вэ ч юм уу. Өмнө нь Үндсэн хуульд эдийн засагтай холбоотой зохицуулалт нэлээд бага тусгасан юм билээ.
Харин энэ удаа эдийн засгийн зохицуулалтуудаа голчлон тусгах талаар санал гаргасан. Манай улс баялаг ихтэй учраас парламентаараа дамжуулж баялгийн хуваарилалтаа зөв хиймээр байна. Баялгийн сантай болохын зэрэгцээ тэгш хуваарилалтын зарчмуудыг бий болгомоор байна.
Мөн гүйцэтгэх засаглал болоод парламент хоорондын холилдсон тогтолцоог арилгая. “Давхар дээл”-тэй гишүүдтэй болохоор Засгийн газрыг хянах УИХ-ын хяналт суларчихаад байгаа юм.
УИХ-ын гишүүн өөрөө Засгийн газрын гишүүн хийхээр нийгэмд их зөрчил гарч байгааг гишүүдээс түрүүнд ард түмэн олж харчихаад шүүмжлээд байгаа юм. Энэ тогтолцоог арилгамаар байна. Мөн орон нутаг, шүүхтэй холбоотой өөрчлөлтүүдийг нарийн хиймээр байна.
ОРОН НУТАГТ АХ ДҮҮ, ТАНИЛ ТАЛААРАА ТОМИЛОГДСОН, ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ ДАРГА ОЛОН БОЛСОН
-Орон нутагтай холбоотой зохицуулалтуудыг хасах гэж байгаа гэсэн үү. Ямар зөвшилцөлд хүрсэн бол?
-Орон нутгийн томилгооны тогтолцооноос болж олон асуудал үүсэж байгааг ард иргэд ч хэлж байгаа.
Тухайлбал, ах дүү, танил олонтой нь сонгогдож байна гэдэг. Ах, дүү, танил талаараа томилогдсон, үүрэг хүлээх чадваргүй, ард иргэдийн эрх ашиг биш, өөрсдийн эрх ашгийг хамгаалах сонирхолтой дарга олон болсон байна. Ийм байдлыг Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр арилгах ёстой.
Аль шатны даргыг нь сонгох уу, алийг нь томилох уу гэдгийг энэ удаа тодорхой болгосон бол орон нутгийн өөрөө удирдах зарчимд зөв алхам болох байлаа. Гэхдээ орон нутагтай холбоотой зохицуулалтуудыг хасах юм шиг байна.
-Шүүхийн тогтолцоотой холбоотой зохицуулалтуудад та ямар байр суурьтай байгаа вэ?
-Шүүхийн тогтолцоонд асуудлууд бий. Бид шүүх засаглалын тогтолцоонд маш шүүмжлэлтэй байдаг. Ард нийтийн зүгээс ч их бухимдалтай байгаа. Шүүх засаглалыг шударга зөв болгохын тулд тодорхой өөрчлөлтүүд хийж байгаа.
Жишээлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхээс гадна УИХ, ард иргэдийн төлөөллийг оруулъя гэж байгаа юм. Ингэж шударга ёс, эрүүл уур амьсгалыг бий болгох гэж оролдож байгаа юм. Гэхдээ Дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаатай томилно гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Ингэж болохгүй л дээ. Миний бодлоор дөрвөн жил байхад асуудалгүй гэж бодож байна.
-Ерөнхийлөгч шүүхтэй холбоотой заалтуудыг өөрчлөхгүйгээр хуучнаар явуулах саналтай байгаа юм билээ. Харин зөвшилцөх ажлын хэсгийнхэн хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчилж, бусдыг нь гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн өөрчлөлтөөр явуулж байгаа гэсэн. Үүнийг дэмжиж байгаа юу?
-12 жилийн хугацаатай шүүгч томилох нь буруу гэдэгтэй санал нэгдсэн. Тиймээс хугацааг хэлэлцэхээ больё гэсэн.
Тэр ч байтугай шүүгчээ хоёр жилийн хугацаагаар томилдог шүүх засаглалтай орон олон байдаг. Нэг хариуцлагагүй нөхөр томилогдчихоод хугацаандаа дулдуйдаад ажлаа өгдөггүй байж болохгүй. Тиймээс нэгдсэн саналтайгаар 12 жил гэдгийг болиулсан.
Ерөнхийлөгч шүүх тогтолцоог одоо байгаагаар үргэлжлүүлэх санал гаргасан. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн зохицуулалтыг гишүүдийн олонх нь дэмжиж байгаа.
-Парламентыг 99 гишүүнтэй болгох нэгдсэн саналд хүрэх нь үү гэсэн таамаг байна. Бүлгийн хуралдааны үеэр гишүүдийн байр суурь ямар байна вэ?
-Санал хуваагдалтай байна. Гишүүдийн тал хувь нь 76 гишүүнтэй байя гэж байна. Гишүүдийн тоог нэмж болно. Гэхдээ бид нийгмээ мэдрэх хэрэгтэй байна шүү дээ. Ард түмний санал асуулгаар иргэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжээгүй.
Харин эсрэгээрээ гишүүдийн тоог цөөлөх санал олон байсан. Тиймээс бид ард түмний саналд дүгнэлт хийх хэрэгтэй. Ард түмэн гишүүдийн тоог нэмэхийг зөвшөөрөхгүй байна. Тиймээс одоохондоо гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэж харж байна. Харин намууд гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжиж байгаа юм билээ.
Тэд парламентад аль болох олон намын төлөөлөл, үзэл бодлыг оруулъя гэдэг үүднээс гишүүдийн тоог нэмье гэж санал гаргасан юм шиг байна лээ. Гэхдээ бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар ард нийтийн санал асуулгын дүнг баримтлах ёстой.
ТОМСГОСОН ТОЙРГООР СОНГУУЛЬ ЯВУУЛАХ НЬ ЗӨВ. ГЭХДЭЭ ГИШҮҮД НАМ ДОТРОО ӨРСӨЛДӨНӨ ГЭЖ АЙГААД БАЙГАА ЮМ
-Сонгуулийн тогтолцооны асуудлаар талууд шийдэлд хүрч чадахгүй байгаа гэсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн тогтолцоо их маргаантай байна. Пропорциональ болон мажоритар системийн холимог хувилбарыг санал болгосон. Ингэхдээ 108 гишүүнтэй болж, 54 нь пропорциональ тогтолцоогоор, 54 нь мажоритараар сонгогдъё гэсэн.
Дараа нь 99 гишүүнтэй болбол 76 нь сонгогдож, 23-ыг нь жагсаалтаар оруулахаар ярьж байна лээ. Харин намын бүлгийн өнөөдрийн (өчигдрийн) хурлын үеэр гишүүдийн тал хувь нь жагсаалт хэрэггүй гэж үзсэн. Ард иргэдийн хэлэлцүүлгээр пропорциональ тогтолцоог дэмжээгүй. Тиймээс жижиг мажоритар системээр сонгууль явуулах хүсэлтэй гишүүн олон байх шиг байна.
-Жижиг тойргоор сонгууль явуулахаар төсвөө үр ашигтай хуваарилж чадахгүй байна гэдэг шүү дээ?
-Тийм. Жижиг мажоритар хувилбар төсвийн хувьд ашиггүй л дээ. Уг нь парламентын гишүүн хууль тогтоож, биелэлтэд нь хяналт тавихын зэрэгцээ нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой. Жишээлбэл, одоо Зөрчлийн хууль зөрчилтэй байгаа талаар ард иргэдээс олон санал ирж байна. Үүнийг харж, мэдэрч нийгэмдээ хэрэгтэй эрүүл, зөв хуулийг гаргах ёстой. Харин хууль тогтоолын хажуугаар аж ахуйн ажил хийнэ гэдэг тохиромжгүй санагдаад байгаа юм.
-Төсвийн хуваарилалт талаасаа томсгосон тойргоор сонгууль явуулах нь тохиромжтой гэдэг. Та томсгосон тойргийг дэмжиж байгаа юу?
-Томсгосон тойргоор сонгууль явуулах нь зөв. Гэхдээ гишүүд нам дотроо өрсөлдөнө гэж айгаад байгаа юм. Үүнийг намын дотоод зохион байгуулалтаар зохицуулж болох л асуудал. Томоохон бүсчилсэн тойргууд зүгээр л дээ.
-Баялгийн сан байгуулах тухай зохицуулалтыг хэрхэн тусгаж байгаа вэ?
-Баялгийн сан байгуулах талаар гишүүд санал нэгдэж байна лээ. Монгол Улс уул уурхайн баялагтай учраас тэндээс олж байгаа орлогоосоо сан байгуулъя гэсэн. Харин орлогоо ямар урсгалаас бүрдүүлэх, тэгш хуваарилалтаа хэрхэн хийх зэргийг органик хуулиудаараа зохицуулна. Ямар ч гэсэн сантай болно гэдгийг нийтээрээ дэмжиж байна гэж ойлгож байгаа.
-Байгалийн баялаг ард түмний өмч үү, төрийн өмч үү гэж нэлээд маргах шиг болсон. Энэ талаар нэгдсэн шийдэлд хүрсэн үү?
-Байгалийн баялаг, ард нийтэд өмчлүүлснээс бусад газар нутаг хэний өмч байх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Зөвшилцлөөр төрийн ба нийтийн өмч байна гэсэн саналыг оруулсан байна лээ. Миний хувьд “Ийм байж болохгүй. Монгол Улсын баялаг бол улсын буюу нийт ард түмний өмч байх ёстой” гэсэн саналыг гаргаж байгаа.
Сүүлд бүлгийн хурлын үеэр төрийн өмч байна гэж томьёолохоор тогтсон. Төр бол ард түмний төлөөлөл учраас төрийн өмч гэж томьёолж болох ч цаашдаа өнөөдрийнх шиг нөхцөл байдалтай байвал зөрчилдөөн үүснэ гэж харж байна. Тиймээс төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн үеэр байгалийн баялаг нийт ард түмний бөгөөд төрийн өмч байна гэж оруулахаар санал өгнө.
-Ардчилсан намын зөвлөлөөс ард түмний санал асуулгыг заавал явуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Та ч гэсэн ард иргэдийн саналыг баримтлах ёстойг хэллээ. Анх төлөвлөж байхдаа төслийн хоёр-дугаар хэлэлцүүлгийг долоодугаар сард хийж, ирэх аравдугаар сард ард нийтийн санал асуулга явуулна гэж байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн саналыг төсөлтэй уялдуулж, зөвшилцөнө гэсээр наймдугаар cap дундаа орчихлоо. Тэгэхээр ард нийтийн санал асуулга явуулах хугацаагүй болчих вуу даа?
-Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэнэ. Ер нь, ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарах байх. Тиймээс бид энэ сардаа багтааж зөвшилцөлд хүрч амжвал аравдугаар сардаа ард нийтийн санал асуулга явуулж болох байх. Хугацаа байна л даа.