С.Бямбацогт: Үндсэн хуулийг өөрчлөх боломж олдсон үед нь АН-ынхан дэм тус болох хэрэгтэй
2019.09.02

С.Бямбацогт: Үндсэн хуулийг өөрчлөх боломж олдсон үед нь АН-ынхан дэм тус болох хэрэгтэй

Эх сурвалж: Өглөөний сонин, Сэтгүүлч М.ХАНГАЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байгааг тохиолдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа. Чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн 150 гаруй зарч­мын зөрүүтэй саналыг хэлэлцэж байгаа юм.



-УИХ дахь ахмад гишүүдийн зүгээс шинэ гишүүддээ хандаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг анхааруулаад байгаа. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа үед гишүүд хуралдаандаа хэр хариуцлагатай оролцож байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-ын 57-оос доошгүй гишүүн оролцож байж хуулийг батлах, өөрчлөх ирц хүчин төгөлдөр болно. Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийг хэлэлцэж эхлэхээс эхлээд эцэслэн батлах хүртэлх хугацаанд 57 гишүүний босго байна гээд нарийвчлаад хуульчлаад өгчихсөн. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинэ Үндсэн хуулийг батлахад өндөр босго тогтоож байгаа юм.

1992 оны Үндсэн хуулийг баталснаас хойш 2000 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайн үед 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр өдрийн дотор хэлэлцэн баталсан байдаг. 2000 онд тэрхүү дордуулсан гэгдэх долоон өөрчлөлтийг дөрвөн цагийн дотор баталгаажуулж байв. Түүнээс хойш нэг нам дангаараа олонхын суудал авсан тохиолдол 2016 оны сонгуульд л гарлаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж энэ удаагийн УИХ-д эрх барьж буй 64 гишүүнд олдож байгаа гэж ойлгож болно. Ингээд үзэх юм бол Монголын ард түмэн 2000 оноос хойш 20-иод жилийн дараа Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг нэг намд олгож байгаа хэрэг. Дахиад цаашдаа 57-оос өндөр ирцтэйгээр гишүүд ойлголцон Үндсэн хуулийг өөрчилж чадах уу гэдэг асуудал том сорилт болж байна. Тиймээс бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг МАН-ын 64 гишүүний том үүрэг гэж ойлгож байгаа. УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа. Энэ бүхэнд УИХ-ын гишүүд маань өндөр хариуцлагатай оролцох ёстой.

-Зарим гишүүн хуралдаанд оролцохгүй байгаа нь гишүүд нэгдмэл байр сууринд хүрээгүйтэй холбоотой гэж ойлгогдож байна?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх явцад оруулж байгаа зүйл, заалт болгон дээр гишүүд маань өөр өөр байр суурьтай хандаж байна. Өөр өөр байр суурьтайгаас болоод дэмжинэ, дэмжихгүй гээд 57 гишүүний босго давж Үндсэн хуулийн санал хураалт явахад төвөгтэй байдал үүсэж байгаа нь үнэн. Хэдийгээр МАН-ын 64 гишүүн байгаа ч гарцаа байхгүй гачигдал, өвчин зовлонгийн улмаас зарим гишүүн ирэхгүй тохиолдол байгаа. Тодорхойгүй шалтгааны улмаас ирж амжихгүй гишүүд ч бий. Тиймээс АН-ын маань гишүүд идэвхтэй оролцоод явбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах бололцоо байна.

-АН-ын гишүүд Та бүхний байр суурийг дэмжиж байгаа юу?

-Харамсалтай нь АН-ын гишүүдийн байр суурь зөрөөд байна. Уг нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөл маань АН-ын өмнөх 47 гишүүний өргөн барьсан төсөлтэй 80-90 хувь нь үзэл баримтлалын хувьд адил агуулгатай байгаа. Үндсэн хуульдаа зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдгээ 2010 оноос хойш 10-аад жилийн турш үе үеийн парламент ярьж, өөрчлөлт оруулахаар эрмэлзэж ирсэн. Ингээд үзэх юм бол боломж олдсон үед нь АН-ынхан маань дэм тус болоод явах хэрэгтэй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжье гэж байгаа үед баталмаар байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард нийтийн амьдрал, эдийн засаг, нийгмийн хөгжилд маш том нэмэртэй өөрчлөлт болно гэж үзэж байгаа.

-Зарчмын зөрүүтэй саналуу­даас зарим нь чуулганы хуралдаан дээр уналаа. Ямар шалтгааны улмаас гишүүд дэмжихгүй байгаа юм бол?

-Ер нь УИХ-ын гишүүд МАН, АН гэхгүйгээр энэ зүйл, заалт надад таалагдахгүй байна гэдэг байдлаар хандаж байна. Эсвэл хувь хүний өнцгөөс асуудалд хандаж байгаа нь анзаарагдлаа. “Надад ямар ашигтай юм, миний эрх ашиг, дараагийн сонгогдох бололцоог олгож чадах уу” гэдэг байдлаар хандаж байгаа нь харамсалтай.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий­лөгчийн оруулсан саналаас дахин унах юм бол хориг тавихад бэлэн байгаагаа зарласан. Улс төрийн энэхүү эгзэгтэй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Тийм. Уг нь зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 24 зүйл, 49 заалтаар санал өгсөн. Ерөнхийлөгчөөр ахлуулсан, Ерөнхий сайд орлогч даргаар нь ажилласан зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаад Ерөнхийлөгчийн тодорхой саналуудыг авсан. Аваагүй саналууд ч бий. Авсан саналуудаа “энэ саналуудын хүрээнд байх ёстой” гэж ярьж байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ирц, өгч байгаа санал, байр сууриас хамаарна шүү дээ. Тийм учраас өгч байгаа санал болгондоо гишүүд маань хариуцлагатай хандах хэрэгтэй. Үүний цаана ямар үзэл баримтлал, ямар агуулга, ямар эх орны хувь заяатай холбоотой асуудал байгаа билээ гэдгийг бодож асуудалд оролцохыг зөвлөх байна. Ингэж чадвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад өгөх боломж байгаа.

-Хэрэв хасагдах зүйл, заалт олон болбол яах вэ?

-2010 оноос хойш үе үеийн УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж байсан. Хамгийн эхлээд Д.Дамба-Очир нарын гишүүд,  дараа нь Ж.Сүхбаатар нарын гишүүд гээд олон удаа өргөн мэдүүлсэн. Хамгийн сүүлд 2015 онд Н.Батбаяр нарын 47 гишүүн өргөн мэдүүлсэн. Сүүлд Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл байна. Эдгээр төслүүдийн голлох чухал заалтууд нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хуультай холбоотойгоор зайлшгүй засаж, залруулах шаардлагатай зүйл, заалтуудыг хөндөж байгаа. Шигшигдээд, зөвшилцөөд үлдсэн зүйл, заалт болгон нь цаашид тодорхой хэмжээнд улс орны нийгэм, эдийн засагт ахиц дэвшил авчрах заалтууд гэж ойлгож болно. Тиймээс ганц нэгхэн заалт уначихлаа гэдгээс болоод хориг тавих, дэмжихгүй гэдэг нь зөв байр суурь биш болов уу. Яагаад гэвэл одоо хэлэлцэж байгаа зүйл, заалт болгон маш чухал. Зүйл, заалт болгон ард иргэдийн амьдрал, улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд хувь нэмрээ оруулна. Тийм болохоор хэт хатуу байр сууринаас битгий хандаасай гэж хүсэж байна.

-УИХ-ын гишүүдийн хариуцлага байд­лаасаа болоод саналаа өгч чадахгүй байна уу. Эсвэл төхөө­рөмжид саатал үүсээд байна уу?

-Энэ удаагийн УИХ өмнөх УИХ-ыг бодвол харьцангуй хариуцлагатай, ажил хэрэгчээр асуудалд ханддаг болсон. Өмнөх Их хурлын үед ирцээ бүрдүүлэх гэж хүмүүсийн өмнөөс картаа шургуулаад, хууль батлахдаа ирээгүй гишүүдийн өмнөөс кнопоо дараад баталчихдаг байсан. Хуулийг 39 гишүүн хүрэлцэн ирээд, 39 гишүүнээс 20 гишүүн хуулийг батлах бололцоотой байдаг хэдий ч 10 гаруйхан гишүүн ирээд “төгөлдөр хуур” тоглоод хууль баталдаг байсан. Үүнийг бидний нэр бүхий гишүүд санаачлаад хурууны хээгээр ирцээ бүрдүүлдэг, хурууны хээгээр саналаа өгдөг болгосон. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн ирцийн байдал сайжирсан. Хууль батлахдаа яг өөрөө саналаа өгдөг учраас заавал 20-иос доошгүй гишүүн хуулийг баталдаг болсон. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах 57 гишүүн байна гэдэг нь их өндөр босго. Цаашдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хуулийг ирсэн гишүүдийн олонхын саналаар баталдаг буюу 20 гишүүнээр хууль баталдгийг больё, нийт гишүүдийн олонхоор буюу 39 гишүүн хууль баталдаг больё гэсэн сайн заалтууд орж байгаа.

-Хариуцлагагүй УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай заалтыг гишүүд дэмжинэ гэж үзэж байна уу?

-УИХ-ын гишүүдийн хариуцлагатай холбоотой заалт буюу Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцсан бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэл болно. Үүнд Улсын Их Хурлын тухай хууль болон Үндсэн хуулиараа УИХ-ын гишүүд үнэхээр өргөсөн тангаргаа биелүүлж чадахгүй бол ард түмнийг хууль ёсоор төлөөлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзэн түүнийг эргүүлэн татдаг болно. Үүнийг органик хууль буюу Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулаад явах бололцоотой болно. Ийм байдлаар УИХ-ын гишүүд маань сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй бол эргүүлэн татах асуудлыг одоогийн орж байгаа нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуульд бий болгон гишүүдийг хариуцлагатай болгох зорилт тавьж байгаа.

Засгийн газрын гишүүдийг ч хариуцлагажуулж байгаа. Засгийн газрын гишүүнийг УИХ-аас томилдог байсан бол УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхий сайдыг нь УИХ-аас томилдог байя, Ерөнхий сайд нь сайд нараа УИХ-д танилцуулаад өөрөө томилдог байя гэж байгаа юм. Танхимдаа ажиллаж байгаа сайд нартаа Ерөнхий сайд нь хариуцлага тооцож чаддаггүй байдлыг үүгээр арилгана. Ерөнхий сайдтайгаа таардаггүй сайд нар ажиллаж байсан олон жишээ бий. Тиймээс Ерөнхий сайд нь парламентын өмнө бүрэн хариуцлага хүлээдэг байя, харин сайд нараа өөрөө томилж, хариуцлага тооцож чаддаг болгоё гэсэн агуулгатай заалт. Танилцуулна гэдэг нь царайг нь харуулаад өнгөрнө гэсэн үг биш. Асуулт асуух, захиа даалгавар өгөх боломж нь УИХ-д байгаа. Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг бүгдийг нь УИХ батална. Дээрээс нь Засгийн газрын гишүүн нь УИХ-д тангараг өргөнө. Ингэж байж Засаг нь засаг шиг, парламент нь парламент шиг ажиллах боломж бүрдэнэ. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг сунжрах шинжтэй боллоо. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хэзээ дуусгах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Яг хэдийд батлагдахыг хэлж мэдэхгүй байна. Зүйл, заалт болгон дээр хамтатган хэлэлцэнэ. Гэхдээ зүйл, заалт болгон дээр УИХ-ын гишүүд саналаа хэлэх эрхтэй. Саналаа хэлэхдээ 10 минут хүртэлх хугацаагаар үг хэлэх дэгтэй. Тэгэхээр цаг хугацааны хувьд баримжаа хэлэхэд эрт байна. Ямар ч байсан хэлэлцээд явж байна. 1992 онд 14 хоногийн дотор Үндсэн хуулиа батална гэж Ардын их хурал цуглаж байсан юм билээ. Гэтэл 76 хоног хуралдаж байж Үндсэн хуулиа баталж байсан. Тийм болохоор урьдчилж тааварлаж хэлэх арга алга. Үндсэн хуулийн зүйл, заалт болгон Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийн амьдралтай холбоотой учраас гишүүн болгон саналаа хэлээд нээлттэйгээр олон түмэндээ мэдээлэл өгөөд явах нь зөв.

-Үндсэн хуулийг батлахын тулд зарим гишүүнийг шахаанд оруулсан гэх яриа гараад байгаа. Барьцаалагдсан гишүүд гэж хэнийг хэлээд байгаа юм бэ?

-Барьцаалагдсан гэх зүйл байхгүй. Бид МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээсээ асууж батална гээд суулгачихсан. Тиймээс ард нийтийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Ямар нэгэн барьцаа шахаанд орж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байх шаардлага байхгүй гэж бодож байна.

-Үндсэн хуулийг өөрчилсний дараа энэ удаагийн УИХ тарж, арваннэгдүгээр сарын 26-нд сонгууль зарлахаар тохиролцсон гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өгсөн. Та энэ мэдээлэлд тайлбар өгнө үү?

-Тэрийг би мэдэхгүй. Тийм зүйл байх ч үгүй.