2019.09.02
Тавьдугаар цэцэрлэг бяцхан шавь нараа шинэхэн байрандаа угтан авлаа
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1550 цэцэрлэгт 175 мянган хүүхэд багачууд суралцаж байна. Улсын хэмжээнд 2019 онд 93 цэцэрлэг ашиглалтад орох бөгөөд энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Будаг нь ханхалсан шинэхэн байраа хүлээн авч буй Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг оролцлоо.
Хүн амын нягт суурьшилтай Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны хүүхдүүдийг хамран сургадаг тус цэцэрлэг ийнхүү 12 бүлэгт 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ байртай болсноор зэргэлдээх 61, 204 дүгээр цэцэрлэгүүдийн ачаалал буурах юм.
Салбарын сайд хэлсэн үгэндээ “Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 14455 хүүхдийг шинээр хамруулах боломж бүрдэж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 88.1 хувьд хүрч байгааг дурдаад салбарын яам сургалтын хөтөлбөрөө сайжруулах, багш нараа сурган чадавхжуулах ажлуудыг үе шаттай хийж байна, мөн эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, гуравласан гэрээ байгуулж ажиллана” гэдгээ илэрхийллээ.
280 хүүхдийн хүчин чадалтай шинэ байр биеийн тамирын болон бялдаржуулах урлаг, дуу хөгжмийн нэмэлт танхимуудтай бөгөөд барилгын ажлыг улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийжээ.