Ё.Баатарбилэг: Нийгэм өөрчлөгдөөд байхад нэг л хөтөлбөрөөр “нүдээд” байж болохгүй
2019.08.28

Ё.Баатарбилэг: Нийгэм өөрчлөгдөөд байхад нэг л хөтөлбөрөөр “нүдээд” байж болохгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийг “Нэгдүгээр хүн” буландаа урьж, ярилцлаа.

-Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Та сайд болсоор хэд хэдэн асуудалд шинэчлэл хийсэн.   Энэ шинэчлэлүүд хөрсөн дээр хэрхэн бууж байгаа вэ?

-Бид энэ хичээлийн жилд хөтөлбөрийн шинэчлэл хийлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг баталсан.  Тухайлбал, сургууль, орон нутгийн удирдлагын зүгээс төлөвлөгөөт бус ажилд  багш нарыг дайчлах асуудал байсан. 

Энэ нь  багш нарын ажилдаа хандах хандлага, цаг хугацаанд сөргөөр нөлөөлж байв. Тэгэхээр яамны зүгээс багш нарыг  үндсэн чиг үүрэгт үл хамаарах ажилд татан оролцуулахгүй гэдгийг  журамд тусгаж өглөө. Үүгээрээ багшийн  эрх мэдлийг баталгаажуулж байна.   Сайдын тушаал гарсан учраас багш нар маань  хэний ч өмнөөс би энэ  үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ  санаа зовохгүйгээр хэлж болж байна.

-Ер нь таны зүгээс сургалтын “Цөм” хөтөлбөрийг өөрчлөх нь зүйтэй гэж  үзсэн.  Энэ өөрчлөлт боловсролын салбарт зайлшгүй шаардлагатай байна  уу?

-Тийм ээ.  Бид энэ хөтөлбөрийг хэдэн жил барьж ажиллах вэ. Цаг үе өөр болж байна. ОХУ, БНСУ гэхэд сургалтын хөтөлбөрийг жил болгон засч, сайжруулж, шинэчилж болно гээд хуульдаа тусгачихсан. Цаг үетэйгээ холбоотойгоор сурах бичгээ шинэчилж, хэвлэж болох тухай ч заачихсан байдаг.  Гэтэл манайд  засч сайжруулъя гэхээр өөрчлөх гэлээ гээд шүүмжлээд байдаг. 

Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, хүмүүсийн сэтгэлгээ хөгжиж байхад аль эртний хөтөлбөрөөрөө яваад байж болохгүй. Цаг үедээ зохицуулж сургалтын хөтөлбөрөө шинэчилж явахгүй бол нэг хөтөлбөрөөрөө 5-10 жил заадаг үе ард хоцорсон. Сургалтын хөтөлбөрт жил болгон сайжруулалт хийж байх ёстой гэсэн бодлогыг цаашид ч  баримталж ажиллана.

-Цаг үе өөр болж байна. ОХУ, БНСУ гэхэд сургалтын хөтөлбөрийг жил болгон засч, сайжруулж, шинэчилж болно гээд хуульдаа тусгачихсан. Цаг үетэйгээ холбоотойгоор сурах бичгээ шинэчилж, хэвлэж болох тухай ч заачихсан байдаг. Гэтэл манайд засч сайжруулъя гэхээр өөрчлөх гэлээ гээд шүүмжлээд байдаг.

-2019 оны хичээлийн жилд энэ өөрчлөлтийн эхний хэсгүүд орж ирж байна гэж ойлголоо.  Та ямар үр дүн хүлээж байна вэ?

-Бага ангийн сургалтын 30 гаруй хувийн агуулгын давхцалыг арилгасан. Дунд, ахлах ангид 8-9 хувийн давхцалыг арилгалаа. Давхцалыг арилгах тусам ачаалал буурна гэсэн үг. Ер нь манай ЕБС-ийн хүүхдүүд хэрэгтэй, хэрэггүй маш их хичээл орж байна. Ер нь цаашдаа хичээлээ сонгон суралцдаг чиглэл рүүгээ орохгүй бол хүүхдийн тархийг хогийн сав шиг  үзэж болохгүй. Урлаг уран сайхан сонирхдог хүүхдийг арван хэдэн хичээлээр бүтэн жил нүдэх хэрэг байна уу, үгүй гэдгийг бодох ёстой.

Байгалийн ухааны болон нийгмийн ухааны нэгдмэл хичээл гэж ерөнхий агуулгаар заагаад, түүгээр нь дүгнэдэг тогтолцоо руу орох хэрэгтэй юм. Тиймээс бид одооноос нэгдмэл агуулгаар хичээл заадаг багш бэлтгэх хэрэгтэй болж байна. Хими, физик, биологийн хичээлийг ерөнхий мэдлэгийнх нь түвшинд хамтад нь заадаг багшийг бэлдчихвэл орон тоо болон хичээлийн цаг, агуулга багасах давуу талтай. Харин үлдсэн цагтаа хүүхэд өөрийнхөө сонирхсон хичээлийг гүнзгийрүүлэн үзэж болно.Анагаахын сургуульд орох бол химийн хичээлээ түлхүү үздэг ч юм уу. Ингэвэл хүүхдэд илүү сонирхолтой байна. Цаг үе ч үүнийг шаардаж байна.

-Сурах бичгийн хүрэлцээ, чанарын асуудалд үнэндээ сэтгэл дундуур байдаг.    Энэ жил зарим сурах бичгийг түрээсээр хэрэглэнэ гэж байгаа юм байна.  Үүний давуу тал нь юу юм бэ?

-Бид сурах бичгүүдээ хэвлэх ч зардалгүй байсан. Ямартаа ч Азийн хөгжлийн банктай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж чадсан. 1-5 дугаар ангийн төрөөс үнэгүй олгогддог сурах бичгүүд нь хэвлэгдээд орон нутагтаа хүрчихсэн. Дунд, ахлах ангийн эмзэг бүлгийнхээ хүүхдүүдийн сурах бичгийг ч хэвлээд хүргүүлчихлээ. Одоо үлдсэн  нь ид хэвлэгдэж байна. Энэ жил сурах бичгүүд Арслантай гүүрний ойр орчим зарагдахгүй.

Учир нь сургуулиудад түрээсийн журмаар бүгд очно. Түрээсээр сурах бичгээ авчихаад дараа жил нь өгнө гэсэн үг шүү дээ. Харин түрээсийнхээ хөлсөөр сурах бичгүүдээ дахиж хэвлэх, шинэчлэх асуудлаа шийднэ. Өмнөх жилүүдэд сурах бичгийн хүрэлцээ хангамж маш муу байсан. Энэ жил сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана гэж ойлгож байна.  Мөн  сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор багш нарын заах аргын номуудыг хэвлэж байна. Багш нарынхаа тоогоор хэвлээд өгчихөж байгаа учраас хувилсан цаас тэврээд явах асуудал гарахгүй.

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бүтээн байгуулалтын биелэлт ямар байгаа вэ. Хугацаандаа орж амжихааргүй сургууль, цэцэрлэг байгаа юу?

-Энэ жил түүхэндээ байгаагүй олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байна. Урьдчилан тооцооллоор 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад орно. 21 мянган сурагчийн суудал нэмэгдэж байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн ор 13 мянгаар нэмэгдэж байна гэсэн үг. Үүнээс өмнө 2015 онд л хамгийн их буюу 24 сургууль, 58 цэцэрлэг ашиглалтад орж байсан юм билээ. Энэ жилийн хувьд маш том бүтээн байгуулалт хийгдсэн.  Гэхдээ нэг зүйлийг онцлоход хүүхдийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн жил 595 мянган ерөнхий боловсролын сурагчтай байсан.

Энэ жил 644 мянган сурагчтай байна. 20 мянгаар суудал нэмэгдсэн ч сурагчдын тоо 50 мянгаар нэмэгдчихэж байгаа юм. Дараа жил дахиад ч нэмэгдэж таарна. Дээрээс нь цэцэрлэгийн хүүхдийн тоо өнгөрсөн жилийнхээс 10 мянгаар нэмэгдсэн. Монголын үрс олон болж байна л даа. Миний хувьд бэлгэшээж баярлаж байгаа. Яах вэ хүндрэлтэй асуудлууд гарна. Гэсэн ч хөрөнгө оруулалтаа нэмээд явахаас өөр аргагүй. Харьцангуй энэ жил өнгөрсөн жилүүдийг бодоход хувь гүйцэтгэл муугүй байлаа. Барилгын ажлуудаа сайтар явуулахын тулд хавраас эхлээд компаниудтай тулж ажиллалаа. Яамныхаа бүх хүн хүчээ энэ ажил руу дайчилсны хүчинд урагштай байлаа. Хамгийн сүүлийн үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын гүйцэтгэл орон нутагт 75, хотод 66, улсын дундаж үзүүлэлт 71 хувьтай байна. Гаднах барилгын ажил хоёр cap үргэлжлэхээр байгаа.

Одоо есдүгээр сарын нэгэн гэхэд зарим нь ашиглалтад орохшгүй ч гэлээ. Ядаж л 80, 90 хувьд хүрчихнэ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад том үзүүлэлт л дээ. Цэцэрлэгийн хүртээмж манайд 80-аад хувьтай байдаг юм. Орон нутагт харьцангуй сайн, нийслэлд яалт ч үгүй хүүхдүүд үлддэг. 10 гаруй байршилд түрээсийн цэцэрлэг ажиллана. Цөөнгүй байгууллага байгууллагын цэцэрлэг ажиллуулах гэж байна. Энэ мэтчилэн бүх боломжуудыг дайчилж байна. Засгийн газраас анх удаа цэцэрлэгийг түрээсэлж болно, түрээсээр цэцэрлэг ажиллуулж болно гээд тогтоол гаргачихсан.

-Ер нь манай ЕБС-ийн хүүхдүүдэд хэрэгтэй, хэрэггүй маш их хичээл орж байна. Цаашдаа хичээлээ сонгон суралцдаг чиглэл рүүгээ орохгүй бол хүүхдийн тархийг хогийн сав шиг үзэж болохгүй.

-Энэ хичээлийн жилээс эхлэн эцэг, эхтэй нь гэрээ байгуулна гэж байна.  Ямар учиртай юм бэ?

-Энэ мөн л анх удаагаа хийгдэж байгаа зүйл. Хувийн сургуулиуд гэрээ байгуулдаг гэдгийг та бүхэн мэднэ байх. Бидний зүгээс гэрээний маш сайн үлгэрчилсэн загварыг баталсан.Гэхдээ аймаг, сургууль бүр өөр, өөрсдийнхөө онцлогт тохируулаад нэмэлт хийж болох юм. Одоогоор гэрээнд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, хичээлийн бус цагаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй гэх зэргээр тусгаад байна.

Мөн 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг тусгасан. Хүүхдийн эрх, хамгааллын асуудлууд дандаа хичээлийн бус цагаар гардаг. Олон нийтийн газар, эсвэл гэртээ эзгүй орхигдсоноос үүдэн эрх нь зөрчигдөж, хохирч байдаг. Эдгээрээс үүдэн эцэг, эхтэй гэрээ байгуулахаар болсон.

-Их, дээд сургуулиудын хувьд ямар онцлогтой  жил болж байна вэ?

-Их, дээд сургуулиудыг нэгтгэх бодлого барина. Өмнө нь 200 гаруй их, дээд сургууль манай үйл ажиллагаа явуулж байв.  Одоо түүнээс 90 гаруй нь үлдсэн байсан. Би нэлээд хэдийг цуцалсан. Зарим сургууль хоорондоо нэгдсэн. Ер нь энэ янзаараа яваад байвал Монголын их, дээд сургуулиуд хаана ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Дэлхийн түвшинд хүргэж, ядаж ганцыг нь ч болов топ 1000 руу хэрхэн оруулж ирэх вэ гэдгийг бодох ёстой. Одоо олон улсад манай сургуульд 3000  орчимд эрэмбэлэгдэж байна.

Үүнийг ахиулахын тулд яалт ч үгүй томрох, сургуулиуд нэгдэх, хөтөлбөрийн давхцалыг арилгах хэрэгтэй. Их, дээд сургуулийн 700 гаруй хөтөлбөр бий. Тэрний 390-ээд нь буюу талаас илүү нь давхцаж байгаа. Тухайлбал, Хөдөө аж ахуйн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн сургууль, МУИС гээд энэ төрийн өмчит сургуулиуд бүгдээрээ бизнес, эдийн сургуультай. Гурвуулаа яг ижил хөтөлбөрөөр зааж байгаа. Бүгд ижилхэн санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсгөдөг. Үүний учир нь бизнес болгочихсонтой холбоотой. Угтаа төрийн өмчит сургуулиуд нэг л эдийн засгийн, хуулийн, гадаад хэлний сургуультай байх ёстой. Ер нь бол дэлхийн хэмжээний топ сургуулиудын оюутны дундаж тоо 40-80 мянга байна.

Дээрээс нь нэг сургууль бүх төрлийн салбар, сургуультай байгаа юм. Тиймээс яваандаа төрийн өмчийн их, дээд сургууль нэгдэж, бүтэц зохион байгуулалтаа сайжруулж байж л дэлхийн түвшинд өрсөлдөх хэмжээд хүрнэ. Тэгж байж профессоруудын баг нь утгаараа ажиллана, багш нарынх нь цалин хөлс, сургуулийн үнэлэмж, суралцагчдын сэтгэл ханамжийн баталгаа нэмэгдэнэ, хариуцлагажина. Нэгдсэн удирдлага тогтолцоотой учир зардлын үр ашиггүй байдал, буурна.  Одоо Монголын төрийн өмчийн их, дээд сургуулийн нэг оюутанд захиргааны юм уу, үйлчилгээний нэг ажилтан оногдож байна.

-Жилийн жилд  их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгддэг энэ  удаад  ч гэсэн 10 орчим хувиар нэмсэн байна?

-Сургуулийн зүгээс сургалтын төлбөр нэмэгдэж байгаа шалтгаанаа инфляц, элсэлт бага авсантай холбож тайлбарлаж байгаа. Энэ жил өмнөх жилүүдээс 50-60 хувиар бага элсэлт авлаа. МУИС, ШУТИС 5000 орчим элсэгч авдаг байсан бол 2000 гаруйг л авсан байна. Жилийн жилд 30 орчим мянган хүүхэд элсдэг юм. Энэ жил 10 гаруй мянган хүүхэд л элслээ. Энэ нь төрийн ч бай, хувийн ч бай их, дээд сургуулиудад маш том сорилт болно. Учир нь энэ сургуулиуд сургалтын төлбөр дээр амьдраад байгаа юм. Цаашдаа чанаржаад, нэгдээд, гадна, дотны төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилт авдаг болох хэрэгтэй байна.

-Үлэг гүрвэлийн музейн дотор хөрөнгийн маргаантай асуудал байгаа. Тэрийгээ шийдчих юм бол энэ өвөл хүүхдүүддээ энэ үзмэрүүдээ үзүүлчих боломжтой болно. Дээрээс нь Үндэсний номын сан баригдаж байна. Төсөв нь дутуу байгаа ч компанийг нь шахаж ажиллаж байна. Ирэх хавар ашиглалтад оруулахаар хичээж байна.

-Та ажлаа аваад таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Цаашид эрхийг нь цуцлах сургуулиуд бий юу?

-Энэ жил эрх зүй, бизнесийн удирдлага, эрүүл мэнд, багшийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг дээд сургуулиудад аттестатчилал явууллаа. Төрийн, хувийн гэлтгүй маш чанаргүй үзүүлэлт үзүүлж байна. Учир нь ийм аттестатчилал хэзээ ч хийж байгаагүй. Энэ аттестатчилал цаашид тогтмол явагдана гэж ойлгож болно.

-Боловсролын зээлийн сангаар суралцсан 13 мянган хүний дипломыг чөлөөлөх асуудал яригдаж байна.  Үүнийг сонгуультай холбож тайлбарлах асуудал ч байгаа.  Энэ асуудлаар тайлбар өгөхгүй юу?

-Энэ сангийн зорилго нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өнчин, хагас өнчин, сурлага сайтай хүүхдүүдийг мэргэжилтэй болох боломжийг олгох юм. Төр тэдэнд тусалж байгаа хэрэг. Сан учраас гэрээ байгуулдаг. Онц сурвал, эсвэл төгсөөд энэ мэргэжлээрээ улсад таван жил ажиллаж, нийгмийн даатгал төлбөл сургалтын төлбөрөөс чинь чөлөөлнө гэдэг.

Энэ мэтчилэн гэрээнийхээ нөхцлийг биелүүлчих юм бол төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Энэ гэрээний үүргүүдийг биелүүлсэн хэр нь чөлөөлөгдөөгүй 2008-2016 оны төгсөгч байсан. Тэд нийлээд 13 мянгад хүрсэн хэрэг.Тэд бүгдээрээ дотоодын их, дээд сургуулиудыг төгссөн юм.  Харин гадаадад төгсөөд ирсэн дарга, цэргийн хүүхэд хамрагдах нь гэсэн ойлголт байхгүй.

Өмнө нь салбарын сайд нь Засгийн газраар оруулаад чөлөөлүүлдэг байсан. Харин 2012 онд гарсан Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу зээлийн сангаас чөлөөлөх асуудлыг УИХ-аас баталсан журмаар шийддэг болсон. Тэр журмаа яагаад ч юм үе үеийн сайд нар оруулаагүй юм билээ л дээ. Одоо бид бэлдсэн журмаа УИХ-д оруулах гээд хүлээж байна.

-Энэ жил түүхэндээ байгаагүй олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байна. Урьдчилан тооцооллоор 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад орно. 21 мянган сурагчийн суудал нэмэгдэж байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн ор 13 мянгаар нэмэгдэж байна. Үүнээс өмнө 2015 онд л хамгийн их буюу 24 сургууль, 58 цэцэрлэг ашиглалтад орж байсан юм билээ.

-Музейн асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байна.  Бүтэээн байгуулалт нь хэдийгээр хийгдэж, бид музейтэй болох вэ?

-Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих юм. Барилга, байшинтай холбоотой шүүхийн маргаанууд байгаа. Шүүхийн үйл явц нь дуусаж, тодорхой шийдвэрүүд гарчихвал намраас тендер нь зарлагдаад, гүйцэтгэгч зэрэг нь тодроод ажил эхлэх боломжтой. Байгалийн түүхийн музейн оронд Чингис хааны музей барина. Түүний зураг төсөл нь бэлэн бий. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулчихвал мөн л намраас ажлыг нь эхлүүлэх бодолтой байна. Үлэг гүрвэлийн музей, Байгалийн музей хоёрыг нэгтгэсэн.

Цаашдаа ч хамтад нь байлгана. Угтаа олон улсын жишигт ч нэг дороо байдаг. Нөгөө талаараа манай Байгалийн музейн 90 мянган үзвэр зургаа дахь жилдээ агуулахад хадгалагдаж байна. Түүнийг шинээр музейтэй болтол олон нийтэд үзүүлж, нар, салхи үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Тийм байтал үүн дээр улс төр хийгээд л байгаа юм. Ийм явган улс төр хэрэггүй гэж өмнө нь сайд байсан хүмүүст хэлчихмээр байна. 

Тэгээд ч Үлэг гүрвэлийн музейн дотор хөрөнгийн маргаантай асуудал байгаа. Тэрийгээ шийдчих юм бол энэ өвөл хүүхдүүддээ энэ үзмэрүүдээ үзүүлчих боломжтой болно. Дээрээс нь Үндэсний номын сан баригдаж байна. Төсөв нь дутуу байгаа. Компанийг нь шахаж ажиллаж байна. Ирэх хавар ашиглалтад оруулахаар хичээж байна. Үндэсний урлагийн их театр байгуулахаар зураг төслийг нь хүлээж байна. Зураг төсөл бэлэн болчихвол төсөвт сууна.

-Театруудын барилга хуучирсан, нурж унахад бэлэн болсон асуудал бий.    Бүтээн байгуулалтыг удахгүй эхэлнэ гэсэн байна лээ?

-Дуурь болон Драмын театр, Үндэсний номын сан гэсэн энэ гурван түүхэн барилгыг яг одоогийнхтой нь ижил хэлбэр, өнгө зүсээр барина. Гол нь шинээр барина. Яаж ч бэхжүүлж, хүчитгэх гээд боломж муутай. Бид эдгээрийг л Европын сонгодог архитектураар, байгалийн чулуугаар хийгдчихсэн, мянган жилийн настай барилгуудтай жишээд байгаа юм.  Тэд нар чинь байгаль цаг уурын маш тааламжтай нөхцөлд байдаг барилгууд юм. Манайх шиг -40, +40 хэм хүрээд байдаггүй шүү дээ. Мэргэжлийнх нь архитектурууд ч нүүрэн хэсгийг нь авч үлдэх тухай ярьж байсан Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болоод бусад нөхцөл байдлыг харгалзан үзээд ойлгож байгаа байх.

-Үндэсний бөхөөс допинг илэрсэн асуудал яригдаж байна.  Салбар яамны зүгээс энэ асуудал ямар нэгэн арга хэмжээ авах эрхзүйн зохицуулалт бий юу.  Мөн допингтой холбоотой тусгай  төсөв гаргасан гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Биеийн тамир, спортын газар дээр байдаг допингийн төсөв нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байгаа манай их спортын тамирчдын допингийн шинжилгээ өгөх л зардал байдаг. Бодвол баяр наадамтай холбоотой допингийн асуудлыг ярих байх. Ер нь цаашдаа энэ асуудлыг хаана хянах эсэхийг ярих хэрэгтэй. Дээрээс нь манай бөхчүүд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Юу хэрэглэвэл допинг болох вэ гэдгийг бүгдээрээ л мэддэг, мэдээллүүд нь ч байдаг юм билээ шүү дээ. Олон түмнийг хуурч болохгүй. Хаана, хаанаа л хариуцлагатай байх хэрэгтэй байгаа юм.

-Шинжлэх ухааны хүрээлэнгүү­дийн бүтцийг өөрчлөхөөр болжээ.  Хэрхэн өөрчлөх вэ.  Энэ салбарт асуудал нь юу байна вэ?

-Бүтцийг нь өөрчлөх тогтоол гарчихсан. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед зардал хэмнэнэ гэх нэрийдлээр хүрээлэнгүүдийг нэгтгэж, цомхотгосон. Зарим хүрээлэнгүүдийн байрыг өөр байгууллага руу шилжүүлж, хүрээлэнгийн газрыг нь компани аж ахуй руу шилжүүлсэн явдал гарсан. Нэгтгэж байгаа нэрийдлээр байгууллагын өмч хөрөнгөд л халдсан юм. Үүнийг л бид зассан. Ирэх сарын 27-нд шинжлэх ухааны ажилтны улсын зөвлөгөөн хийнэ. Ерөнхий сайд эрдэмтэдтэй уулзана. Үүгээр манай эрдэмтэд дуу хоолойгоо өргөн барих байх. Мөн Ерөнхий сайдын санаачилгаар хүрээлэнгүүдийн нэгдсэн байр, лаборатори цогцоор нь барих асуудал яригдаж байна.