2019.08.16
Энэ оны төсвөөр хийгдэх ёстой сургууль, цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Хуралдаанд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан 19 сургууль, цэцэрлэг, олон улсын тусламжийн хөрөнгөөр баригдах 1 цэцэрлэг, нийт 20 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах шаардлагатай байснаас өнөөдрийн байдлаар 16 байршлын газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.
Баталгаажсан кадастрын зураг, гэрээ гэрчилгээ гараагүй байсан долоон байршлын асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн хугацаанд бүрэн шийдвэрлэсэн талаар хуралдааны үеэр мэдээлэв. Одоогийн байдлаар Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн барилга барих газрын асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна.