Сүхбаатар дүүргийн X хорооны 24 дүгээр цэцэрлэгийн барилгын явц 98 хувьтай байна
2019.08.14

Сүхбаатар дүүргийн X хорооны 24 дүгээр цэцэрлэгийн барилгын явц 98 хувьтай байна

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажил тэр дундаа нийслэлийн Сүхбаатар дүүрэгт барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг цувралаар мэдээлж байгаа билээ.

Сүхбаатар дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан сургууль, дөрвөн цэцэрлэг, нийслэлийн төсвөөр нэг цэцэрлэг, дүүргийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барих ажил үргэлжилж байгаа юм.

Эдгээрээс хичээлийн шинэ жил эхлэхэд ашиглалтад орох боломжтой нэг л цэцэрлэг байна. Тодруулбал, энэ нь тус дүүргийн X хорооны 240 хүүхдийн ортой 24 дүгээр цэцэрлэг юм. Уг цэцэрлэгийн барилгыг “Сан-Эрчим” компани барьж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгааг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн хэллээ. Тэрбээр “Барилгын ажил хэвийн явагдаж байна. Одоогийн байдлаар тулгамдсан асуудал байхгүй. Энэ сарын 31-нд улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн. Одоогоор дотор 00-н өрөөний плитануудыг наасан. Гадна тохижилтын ажил үргэлжилж байна.

Ерөнхийдөө томоохон ажил нь бүгд дууссан. Цахилгааны холболт, ангиудын зүлгүүр, будгийн ажлыг бүрэн хийж дууссан” гэлээ. Уг нь өнгөрсөн зургадугаар сарын байдлаар тус дүүрэгт хичээлийн шинэ жил эхлэхэд ашиглалтад орох боломжтой дөрвөн цэцэрлэг, нэг сургуулийн барилга байсан ч олон хоног үргэлжлэн орсон бороо, төсөв санхүүгийн асуудал зэргээс шалтгаалж эдгээр барилгыг ашиглалтад оруулах хугацаа нь хойшилсон байна.

Тухайлбал, Нэгдүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил санхүүжилтийн улмаас түр зогсчээ. Мөн 54 дүгээр цэцэрлэгийн А байрны өргөтгөлийн барилгыг өнгөрсөн жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч зоорийн давхарт ус нэвчсэнээс үүдэн өнгөрсөн тавдугаар сараас ажил нь зогссон байна.

Улмаар ус нэвчилтийг зогсоох ажлын хөрөнгийг шийдвэрлэсний зэрэгцээ энэ сарын 10- нд ажлаа дуусгахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажлын гүйцэтгэгч “Тералинк” компани болон холбогдох албаныханд үүрэг өгсөн байна. Гэсэн ч одоогоор ажил нь эхлээгүй байгаа аж.

Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт давхардсан тоогоор нийт 47 байгууллагын 61 их засварын ажил байгаа бөгөөд одоогийн байдлаар бүрэн дууссан ес, гүйцэтгэлийн шатанд 23, ажил эхлээгүй 29 ажил байна. Засварын ажлын явц 31.6 хувьтай байгаа аж.