Замын-Үүдэд боомтын шинэчлэлийн барилгын шав тавих ёслол боллоо
2019.09.12

Замын-Үүдэд боомтын шинэчлэлийн барилгын шав тавих ёслол боллоо

Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх төслийн шав тавих ёслолын ажиллагаа есдүгээр сарын 12-нд боллоо.

Боомтын шинэчлэлийн барилга байгууламжийг БНХАУ-ын 201 сая юань буюу 75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих бөгөөд шинээр зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж сүндэрлэнэ.

Мөн өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин нэмэгдэх аж.

Ингэснээр хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж, Монгол Улсын гадаад худалдаа өргөжин, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ гэж албаныхан онцлов.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг дарга Н.Алдарбаяр, БНХАУ-ын Элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжунь болон Гаалийн ерөнхий газар, хилийн байгууллага, зөвлөх болон гүйцэтгэгч компанийн удирдлага, бусад төлөөлөл оролцов.