Төвөд оронтой соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах боломжтой
2019.09.26

Төвөд оронтой соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах боломжтой

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны дэд дарга Мэн Шиаолин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны соёл, шинжлэх ухааны салбарт өрнүүлж болох харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тухайлбал, Чингис хаан музейн Богд хаадын хэсгийг Төвөдөд төрсөн Жавзандамба хутагтуудад холбогдох үзмэр, дурсгалаар баяжуулах, төвд хэлээр бичигдсэн монгол эрдэмтдийн бүтээлийг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж, хэвлүүлэх, Төвөдөд хадгалагдаж буй хуучин монгол бичгээр бичигдсэн ном, судруудыг судалгааны эргэлтэд оруулах талаар ярилцав.

Эцэст нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарт, ялангуяа Төвдийн өндөр уулсын ба монгол орны Алтай, Хангайн нурууны сарлаг үхрийн үүлдэр угсаа, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд хамтран судалгаа хийх боломж байгааг талууд онцоллоо.

Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарьд, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны нарийн бичгийн даргын орлогч Дань Зэн Лүнь Жү, Соёлын тэнхимийн бодлого зохицуулалтын газрын дарга Ли Шиун зэрэг албаны хүмүүс байлцав.