Овоо доо, аварга аа
2019.10.10

Овоо доо, аварга аа

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, сэтгүүлч Б.Эрхэс

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ УИХ дахь Ёсзүйн дэд хороог удирдахаар болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тэр дарга шиг дарга байх гэж хичээж байх юм. Хэдийгээр дэд хороо ч гэлээ тэнд ажилладаг есөн гишүүн бусаддаа үлгэр жишээ байх ёстой гэсэн зүй ёсны шаардлага тавьж, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг хасах санал гаргав.


“АН-ынхаан та нар чуулганы хуралдаа ч суудаггүй энэ гишүүнээ хасаж өгөөч. Оронд нь өөр хүн оруулж ирж болохгүй юу” хэмээгээд нэрийг нь хасах саналаа оруулж байна билээ. Зөв байна, аварга аа. Эр хүн зоригтой бол юу гэдэг билээ. Энэ эрч хүчээрээ ажиллаж, парламент дотор бугшсан олон идээ, бээрийг шахаж гаргамаар байна шүү.

Ингэхийн тулд л Ёс зүйн дэд хороо байдаг биз дээ. Тийм ажил хийх гэж л нэгээр нь дарга тавьж, нэг хэсгийг нь гишүүн гэж томилдог байлгүй дээ. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн УИХ-ын гишүүн нэр бүхий гурван гишүүний асуудлыг АТГ-т шалгуулахаар явж буй залуусын төлөөллийг ч саяхан хүлээн авч уулзсан байсан. “Үнэхээр ийм асуудал байгаа бол эдгээр гишүүдийн ёсзүйн асуудлыг хөндөнө” гэдгээ хэлж байна билээ. Овоо доо. Бэлгэдлийн төдий дэд хороо ингэж нэг амь орох гэж. Төв цэнгэлдэх, Бөхийн өргөөнд үлгэрлэж явсан шигээ жудаггүй, журамгүй залуу гишүүдэд улстөрч хүн ямар байх ёстойг тултал нь үлгэрлэж үзүүлээч, та. Төрийн түшээ хүний зангараг, ёсзүй ямар хэмжээнд байх ёстойг яс, маханд нь шингэтэл залуу гишүүддээ ойлгуулмаар байх юм.

Хэчнээн удаа сонгогдсон, хэр хэмжээнд үнэлэгдсэн улстөрч билээ дээ. Харин өөрөө хууль бус зүйл, худал хуурмагаас хол байдаг юм шүү. Монгол төрийн энэ том суудалд зүгээр ч нэг суудал бөглөсөн улстөрч байгаагүй харуулах алтан боломжийг олигтойхон шүүрч, парламентын танхимд ёс зүйг төлөвшүүлээрэй. Цаашлаад иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүдийн ёсзүйн асуудлыг бас ярьмаар байх юм. Танхимдаа дуудаж оруулаад бурууг нь ил тод ярьж, бусдын боломжоос хулгайлахгүй болтол нь хашраагаад өг. Тангаргаа зөрчсөн улстөрчдийн бүрэн эрхийн асуудлыг ч УИХ руу оруулж ирсэн ч яадаг юм. Аваргын зангаргаа харуулна шүү, та.