У.Хүрэлсүх: Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстаны харилцаанд шинэ хуудас нээлээ
2019.10.11

У.Хүрэлсүх: Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстаны харилцаанд шинэ хуудас нээлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр тус улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн  тус улсын анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхав.

Монгол Улс, Бүгд Найрамдах казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөөр байна.

Энэ харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, соёл, боловсрол, олон нийт, хүмүүнлэг гээд бүх салбарт эрчимжүүлэн гүнзгийрүүлэхээр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотгов. Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстан Улсын харилцаанд шинэ хуудас нээж, хоёр ард түмний найрамдлыг улам бататгана гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглээд 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалыг 30 дахь Ерөнхий сайдын хувиар хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын үеэр хоёр улс олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид НҮБ болон олон улс, бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд бие биенээ дэмжиж, харилцан уялдаатай оролцож байх талаар ярилцав. Мөн боловсрол, мал эмнэлэг, газар тариалан зэрэг салбарт хамтран ажиллах, терроризмтэй тэмцэх, нийслэл хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ оны зургаадугаар сараас Улаанбаатар-Нурсултан хотын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн нь хоёр улсын иргэд, нэн ялангуяа бизнес эрхлэгчид, жуулчдын харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Айлчлалын хүрээнд болох Монгол, Казахстаны бизнес форум худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллаганд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.