УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ нэгдсэн хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Энэ үеэр УИХ–ын гишүүн Ц.Даваасүрэн:
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хууль зөрчиж, хоёр асуудлыг зөрчсөн байдаг юм. Нэг нь, Эрдэнэтийн 49 хувийг мөн УИХ-тай зөвшилцөхгүйгээр шийдчихсэн. Дубайн гэрээ мөн адил. 4.7 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөхгүйгээр Дубайд очоод байгуулчихсан.
Гэтэл орж ирсэн энэ тогтоолын хоёрт нь хууль бус төлөвлөгөөг хуульд нийцүүлэн сайжруулсан гэсэн байна. Оюутолгойн гэрээг би анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг нь. Одоо ч гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Ингэлээ гээд надад ямар ч хариуцлага оногдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүнийг алдааг би хэзээ ч зөвтгөж чадахгүй.
“Turquoise Hill Resources” Монголын баялгийг барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгочхоод, тэр мөнгөө буцаагаад манайд зээлүүлчихсэн. Энэ чинь луйвар биш өөр юу юм. Өнөөдөр энэ зээлд төлж байгаа хэмжээ нь манайд татвар төлж байгаа төлбөрөөс нь өндөр.
Хэрэв шударга шүүх гэж байдаг бол энэ нь цэвэр дээрэм. Гүний уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй, энийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан учраас айлын талд одоо алдах юм байхгүй. Цаг хугацаа тэднийг шүүнэ. Оюутолгойн асуудлыг гадаад талаас айж шийдэж болохгүй. Цэвэр луйврын хэлэлцээр болсон.