Ө.Энхтүвшин: Хятадын 800 иргэнийг оруулж ирсэн нь надтай хамааралгүй
2019.11.25

Ө.Энхтүвшин: Хятадын 800 иргэнийг оруулж ирсэн нь надтай хамааралгүй

-Ө.Энхтүвшин сайд Хуан гэдэг хятадтай уулзаад казино байгуулах зорилгоор 800 Хятад иргэнийг оруулж ирсэн гэж байна?

-Тэр хятад хүмүүс визтэй орж ирсэн байгаа. 800 хятадыг оруулж ирэхдээ аль нэг компанийн юм уу, аль нэг хүний урилгаар орж ирдэг. 800 хүнийг оруулж ирэхэд бичиг баримтын бүртгэл хийж байгаа. Хөх хотын Консулын газар, Хонконгийн консулын газраас тодруулахад аяндаа гараад ирнэ. Энэ бол УИХ-ын гишүүд хоорондын бие биенээ дийлэх, нэр хүндийг унагах асуудал биш. Хоёр улсын хоорондын харилцааны асуудал үүсэх гээд байна. Энэ хэргийг хууль, тагнуул, цагдаагийн газар шалгаж байгаа. Албан ёсоор тайлан тайлбарыг гаргаж өгөх байх. Миний сонссон мэдээллээр Монголын 52 аж ахуй нэгж, байгууллагын урилгаар орж ирсэн 800 хятад иргэн байсан гэсэн мэдээ байгаа.

-УИХ гишүүн таныг нэр цохон хэлсэн. Та нэр төрөө сэргээлгэх үү?

-Монголын төр зохион байгуулсан гэж барин тавин хэлчихээд байхад надад хэлэх зүйл байхгүй. Тагнуулын байгууллага мэдэж байсан гэж ярьж байгаа. Энэ гишүүд хоорондын нэр хүндийн асуудал биш. Энд хоёр улсын харилцааны асуудал хөндөгдөж байна. Хариуцсан байгууллага нь шалгалтын үр дүнг та бүхэнд танилцуулна.

-Уулаа, Баяраа гэдэг хүмүүстэй та уулзсан уу? Ж.Батзандан гишүүн тэгж хэлсэн.

-Мэдэхгүй, би тийм хүмүүстэй уулзаагүй. Танихгүй. Гэхдээ надтай IT-гийн чиглэлээр хамтарч ажиллах саналтай байна гэж хүмүүс уулзсан.

-Казиногийн чиглэлээр биш үү?

-Үгүй. Надтай Хятадын гурван иргэн IT-гийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж ажиллах хүсэлтэй байна гэж уулзсан. Гэхдээ надад танилцуулсан санал нь тодорхойгүй, ойлгомжгүй, миний мэдэх салбарын бус санал байсан. Албан ёсоор албан бичгээр санал хүсэлтээ ирүүл гээд буцаасан.

Г. Баясгалан