Л.Болд: Мөнгөний сонгууль хиймээргүй байна
2019.12.17

Л.Болд: Мөнгөний сонгууль хиймээргүй байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. Түүнээс Сонгуулийн тухай хуулийн төсөл болон ШИНЭН-ын байр суурийг тодруулав.


-Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар ШИНЭН-ын зүгээс ямар саналтай байна вэ. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөл, 50:26 тогтолцоо нь шинэ нам, залуу улс төрчийг гаргаж  ирэх хувилбар  болж чадах уу?

-Сонгуулийн тухай хууль нь аль нэг намын эрх ашгийг хангахаасаа илүүтэй ард түмний төлөөлөл УИХ-д томилогддог, сонгогчдын тэгш эрхийг хангадаг, хууль зөрчдөггүй, төрийн эрх ашгийг худалдаж авдаггүй байх нь чухал. Тиймээс бид парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд бусад намын дуу хоолой болох нь зүйтэй гэж харж байгаа. Үүнтэй холбоотой улс төрийн 20 гаруй намтай нэгдэж, сонгуулийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Мөн өнгөрсөн пүрэв гарагт эдгээр намууд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, саналаа эцсийн байдлаар батлан Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж буй ажлын хэсэгт шаардлага хүргүүлэхээр тогтлоо.

-Намууд нэгдэн дээрх хуулийн төсөлтэй холбоотой ямар шаардлагыг хүргүүлж байгаа вэ?

-Олон нам нэгдсэн учраас олон чухал санал гарсан. Гэхдээ энэ бүгдийг нь хуульд тусгаж чадахгүй ойлгомжтой. Тухайлбал, туслах ухуулагч гэж олон хүн цалинжуулж үүнийхээ хэрээр авилгын сүлжээ үүсгэдэг байдлыг цэгцлэх нь зүйтэй. Сонгогчдын бүртгэлийн асуудал эргэлзээтэй болж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа маш богино, шинэ хүн, шинэ улс төрийн хүчин танигдах нөхцөлийг хангаж чадахгүй зэрэг олон эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Хэрэв бүх саналыг тусгах юм бол ач холбогдол багатай саналыг авч, хамгийн хэрэгтэй чухал саналыг нь үлдээх магадлалтай. Иймд бид гаргасан саналуудаа нэгтгэж, таван үндсэн хэсэг болгосон.

-Энэ талаар тодруулбал?

-Нэгдүгээрт, сонгуулийн тойргийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ажилладаг тогтолцоог халж, бүх намыг тэгш эрхээр хангах  ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, сонгуулийн санал тоолдог хар хайрцагт итгэдэг хүнгүй болсон. Бүх хэсэгт биш юм аа гэхэд зарим хэсэгт луйвар ордог. Тиймээс хар хайрцгаар тоолуулсан саналаа дахин хяналтын тооллогод оруулах нь зүйтэй гэх зарчмын саналыг гаргасан. Гуравдугаарт, сонгогчдын тооны асуудлыг шийдэх хэрэгтэй. Тодруулбал, хотын сонгогчид нэг хүнийг олуулаа сонгодог бол, хөдөөгийн сонгогч цөөхүүлээ нэг хүн сонгодог. Энэ нь сонгуулийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байгаа юм. Тэгэхээр тойрог нь хаана байхаас үл шалтгаалан сонгогчдын тэгш эрхийг хангах ёстой. Дөрөвдүгээрт, намууд нэгдэн эвсэхийг сонгуулийн хуульд хязгаарлаж оруулж ирдэг, сөрөг хүчнийг бутарган, өөрсдөдөө давуу байдал үүсгэдэг тогтолцоог халах ёстой. Тавдугаарт, сонгуулийн сурталчилгааг 45 хоног болгох нь зүйтэй. Сонгуулийн сурталчилгаа явуулах хугацааг арав гаруй хоног гэсэн байна. Энэ богино хугацаанд нэр дэвшигчид тойргуудаараа бүрэн орж чадахгүй. Шинэ улс төрийн нам, дэвшигчийн хувьд өөрийгөө таниулах боломжгүй, тэгш бус байдал бий болгож байгаа юм. Эрх баригчид өөрсдийн эрх ашигт нийцсэн сонгуулийн хууль боловсруулах юм бол том эсэргүүцэлтэй тулгарна.

-Тэгэхээр сонгуулийг яаж явуулбал зөв болно гэж харж байгаа юм бэ?

-Сонгуулийн үеэр мөнгө тараадаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Мөнгөний сонгууль хиймээргүй байна. Ер нь сонгуулийн сурталчилгааг зурагт, сонин хэвлэл ашиглахгүй маш энгийн ойлгомжтой зохион байгуулж чадвал иргэд өөрийн төлөөлөл болох хүнээ сонгож, зөв парламент гарах боломж нээгднэ.  Тэгэхээр зөвхөн нэр дэвшигчийг таниулан сурталчлах зурагт хуудас тарааж, тухайн нэр дэвшигчид иргэдтэйгээ уулзаж, өөрийгөө таниулах журмаар сонгуулийн сурталчилгааг хийх хэрэгтэй.

-Танай намын зүгээс Монгол Улсын 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дөрвөн хоригоос нэг хоригийг ньхүлээн авахаар боллоо. Ерөнхийлөгчийн хоригийг үндэслэлтэй гэж үзсэн юм уу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлыг бид эсэргүүцэж, хамгийн түрүүнд мэдэгдэл хийж байсан. Бид ард иргэдтэй хөдөө орон нутгаар уулзалт зохион байгуулах үеэр олон хүн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр бид ард түмнийг төлөөлж төрд сууж байгаагийн хувьд эсэргүүцэн хууль санаачлахаар төлөвлөлсөн. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьж, хууль санаачлах шаардлагагүй боллоо. Тэгэхээр бид дараа дараачийн ажилдаа анхаарал хандуулахаар ажилласан.

-Ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаалыг ШИНЭН болон УИХ-ын нэр бүхий гишүүд зохион байгуулсан. Тун удахгүй нэг жилийн ой болох гэж байна. Бид энэ үеэр улс төрийн нам эвсэл, ТББ-ыг нэгтгэсэн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж  байгаа. Бүх ард түмэн дуу хоолойгоо хүргэх боломжтой. Мөн энэ үеэр сонгуулийн тухай хуульд бидний оруулсан саналыг хүлээж авсан эсэх асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Оны дараа бид татварын ачааллыг буруулах чиглэлээр хэлэлцүүлэг хийж, иргэдээс санал сонсох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.