Н.Учрал гишүүний санаачилсан хууль Ерөнхийлөгчид сайшаагдав
Монгол Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийг, дагалдах хуулиудын хамт баталсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 12 сарын 03-ны өдөр Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьсан юм.
Учир нь Өмгөөллийн тухай хуульд 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын хуульчдын холбоонд бүрэн шилжсэн Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахаар заагдсаныг дэмжих боломжгүй байна гэж Ерөнхийлөгч үзжээ.
Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн албан бичигт УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар онцгойлон дурьдсан юм.
Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга З.Энхболд уншиж, танилцуулав.
Нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй ижил төрлийн 2 холбоо ажиллах нь ямар үр дагаварт хүргэдэгийг 2 хуваагдан маргаж, эрх ашгаараа тэмцэлдэх болсон спортын холбоод, тэр дундаа үндэсний бөхийн холбоодын жишээнээс тод харж болно. Эдгээр холбоодын маргаан салбар бүрт тухайн салбарын мэргэжилтэн болоод ажилтан, ажиллагчдын эрх ашгийг тэгш хангаж хамтран хөгжих боломжийг олгосон мэргэжлийн холбоог төр хуулиар байгуулж өгөх шаардлагатай болсон гэдгийг бүрэн харуулж өгсөн.
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан салбар бүрт мэргэжлийн нэг холбоо байх үзэл баримтлал бүхий Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороо болон гишүүдийн олонх хэлэлцэхээр дэмжсэнийг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсэн байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Гэсэн ч Н.Учрал гишүүний санаачилсан мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар давхардсан чиг үүрэгтэй, ижил төрлийн олон холбоод нэг салбарт байгуулахгүйг хуулиар зохицуулан өгөх юм.
Ц.Соёлмаа
Vip76.mn