Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаанд асуудал байгаа юм биш, хэргийг шийдэхгүй байх сонирхол байна
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Уг хуулийн төсөлд хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтууд орсон. Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас тодрууллаа.
-Эрүүгийн хуульд тусгасан хэргийн хөөн хэлэлцэх хугацааг засах хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэж амжих уу?
-Энэ асуудлыг хэлэлцэх гэхээр чуулган, Байнгын хорооны ирц бүрдэхгүй байна. Хоёр долоо хоногийн өмнө би Байнгын хороог гурван өдөр дараалан зарлаж, Эрүүгийн хууль болон дагалдах таван хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оруулахаар болсон. Гэтэл дахиад л чуулганы ирц хүрээгүй. Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Ингэхдээ одоо хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад байгаа хэргүүдтэй холбоотой хуулийн өөрчлөлтийн дагаж мөрдөх журмыг тусгана. Энэ журам гарснаар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хэрэгсэхгүй болохгүй.
-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар улсад хоёр их наяд төгрөгийн хохирол учруулсан томоохон хэргүүдийг хааж магадгүй гэсэн мэдээлэл байсан. Ийм асуудал үүсэх үү?
-Энэ асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Асуудал хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа юм биш, хэргийг шийдэхгүй байх сонирхол хууль хүчний байгууллагад байна. Тухайлбал, Жаст группын ерөнхийлөгч Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьж зээл авсан гэх хэрэгт 2013 онд эрүү үүсгэж шалгаж эхэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл үүнийг шийдээгүй хэвээр байна. Долоон жилийн хугацаанд бүх бичиг баримт, холбогдогчид нь тодорхой энэ хэрэг шийдэгдсэнгүй. Үүнийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гэж байгаа нь өрөөсгөл. 2017 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад ажлыг хэсгийг би ахалсан. Манай ажлын хэсгээс одоогийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг огт хөндөөгүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлгийг хийх үед тухайн үеийн Байнгын хорооны дарга 31 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөх санал гаргасан. Үүнтэй уялдаж, хууль зүйн техникийн хувьд эдгээр хууль эцэслэн батлагдахдаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль хүчин төгөлдөр болсноор хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж баталсан. Үүнийг би санаачлаагүй, ажлын хэсгээс ийм саналын томьёолол гараагүй гэсэн үг.
-Хууль санаачлагч ажлын хэсгээс энэ саналыг дэмжихгүй байж болох байсан?
-Бид хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой болохгүй заалт орж байна гэж 2017 оны гурав, дөрөвдүгээр сард 400 гаруй хуульчдыг цуглуулж зөвлөгөөн хийсэн. Энэ зөвлөгөөнөөс гаргасан санал, шийдвэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн. Харамсалтай нь, 1.7 жилийн хугацаанд яамнаас уг хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг УИХ-д өргөн бариагүй. Түүнчлэн хууль санаачлах бүрэн эрхтэй УИХ-ын гишүүдийн хэн нь ч энэ талаар зөвлөмж гаргаж, төсөл санаачлаагүй. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж хардаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг би чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэж хэлж байсан. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд тухайн үед намайг “Амь насанд чинь халдана шүү” гэж заналхийлж байсан.
-Хөөн хэлэлцэх хугацааг заслаа гэхэд хэрэгсэхгүй болсон хэргүүдэд дахин ял оноох боломжгүй гэж зарим хуульч үзэж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Үүнийг хүн бүр өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлах юм бол маргаантай асуудлууд шийдвэрлэгдэхгүй. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тодруулах нь зөв байх.