Д.Тогтохсүрэн: Олон мандаттай систем учраас нэг мандаттай дөрвөн аймгийн мандатыг нэмнэ
2020.01.08

Д.Тогтохсүрэн: Олон мандаттай систем учраас нэг мандаттай дөрвөн аймгийн мандатыг нэмнэ

Тойрог, мандатын хуваарилалтын асуудлыг Их хурал хоёрдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэн батлах хуулийн хугацаатай.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн хүрээнд болон намын удирдах төвшинд тойрог, мандатын асуудлыг ярьж эхэлжээ. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь гэсэн нэг мандаттай дөрвөн аймгийн мандатыг нэмэхээр ярьж байгаа. Ингэхдээ зургаан мандаттай дүүргээс шилжүүлэх замаар зохицуулалт хийхээр ярьж байгаа аж. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-Мандат болон тойргийн асуудлыг УИХ-д хэзээ өргөн барих вэ?

-Ойрын хугацаанд сонгуулийн товыг зарлах ёстой. Хуульд ажлын өдөр байна гэж заасан. Тиймээс ажлын өдөр байх ёстой. Зургадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна гэж заасан. Мөн сонгуулийн тойрог, мандатыг тогтоох ёстой. Өмнө нь энэ системээр 2008, 2018 онд сонгууль зохион байгуулж байсан. Ингэхдээ аймаг, дүүргүүд нэг тойрог болж байсан. Одоо бол Сонгуугуулийн ерөнхий хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооныхон судалж байна. Удахгүй тойрог, мандатын тоо хоёроо УИХ-д өргөн барина. Ингээд хоёрдугаар сарын 1-нээс өмнө энэ асуудлыг Их хурал шийдэх ёстой.

-Тойргийн тоог нэмэх үү?

-Хуучин бол 26 тойрогтой байсан. Энэ зарчмыг ерөнхийд нь барих байх гэж бодож байна. Нийслэл зургаа, хөдөө 20 тойрог байх болов уу гэж бодож байна.

-Дөрвөн аймгийн мандатын тоог нэмнэ гэж байгаа. Тэгэхээр аль аль дүүргийн мандатыг хасах бол?

-Нийслэлийн мандатыг нэмэхгүй. Нийслэл одоо 28 мандаттай байгаа. Тиймээс нийслэлийн мандатаас хасъя гэж байгаа. Хуульд олон мандаттай гэж байгаа. Хоёр ба түүнээс дээш мандалттайг олон гэж байгаа. Тиймээс нэг мандаттай дөрвөн аймгийн мандатыг нэмэх байх гэж бодож байна. Одоогоор яг тэр дүүргийн мандатыг хасна гэж хэлэх боломжгүй байна. Одоо бидний ярьж байгаагаар олон мандаттай гэсэн учраас нэг мандаттай аймгуудын мандатыг нэмье гэсэн байр суурьтай байна.

Сэтгүүлч Л.Одончимэг