О.Баасанхүү: Н.Энхбаярыг МАН-ынхан шоронд хийж, би гаргасан
Эх сурвалж. Өглөөний сонин, Zindaa.mn, Сэтгүүлч Б.Төрбат
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг МАХН-аас гарах гэж байгаа гэх мэдээлэл байна. Бүр АН-д элсэнэ гэж сонслоо. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Энэ бол шинэ сэдэв биш.
-Намаасаа гарах өргөдлөө ирэх долоо хоногт өгөх гэж байгаа юм биш үү?
-Би өргөдлөө өгч барих талаар мэдэгдэл хийгээгүй. Би ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Би 2012 онд МАХН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Дараа нь 2016 онд Орхон аймагт нэр дэвшиж, хоёр дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Надад нэг онцлог бий. Тэр нь би ганцаараа. Өмнө нь бие даагч шиг байсан. Одоо ч хэвээрээ байна.
-Гэхдээ асуудлын гол нь хэнд байна вэ. Намд уу, танд уу?
-МАХН зүүн төвийн үзэлтэй боловч бүтэц, зохион байгуулалтын хувьд ардчилсан биш байна. Бодлогоо зөв тодорхойлохгүй байна. Шүүмжлэлийг хүлээж авахгүй байна. Хамтарч ажиллахгүй байна.
-Та үнэхээр Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг оруулж ирсэн юм уу. Үүнийг Н.Энхбаярт зориулсан, түүнийг нэр дэвшүүлэхгүйн тулд оруулж ирсэн заалт гэж ярих юм. Үүнд та хариулт өгөхгүй юу?
-О.Баасанхүү, Т.Аюурсайхан хоёр энэ заалтыг батлуулсан гэж ярьдаг. Тийм зүйл байхгүй шүү дээ.
-Анх та тэр саналыг оруулж ирээгүй гэж үү?
-Саналыг Т.Аюурсайхан гишүүн гаргасан. Би гаргаагүй. Намайг гэж бодоод байхаар нь би байнгын хороо, холбогдох газартай нь уулзаж ярилцаад заалтыг нь хүчингүй болгосон. Тэр ч битгий хэл чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталж байхад нь оролцоогүй. Миний оролцоогүйгээр 76 хувийн саналаар энэхүү заалтыг дэмжсэн биз дээ. Надад хамаатай байна уу, бод доо. Би ганц зүйлийг гайхдаг. МАН-ынхан Н.Энхбаяр гэдэг хүнийг шоронд хийсэн шүү дээ. Н.Энхбаярыг 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухад нь МАН 45 суудалтай эрх барьж байсан. Тэд шоронд хийсэн, би өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан. Шоронгоос нь гаргасан. Гэхдээ үүнийг би ганцаараа хийгээгүй. Одоо МАН энэ хүнийг сонгуульд оруулахгүй байгаа шүү дээ. Энд би ямар хамаатай юм. Тэр МАН-даа гомд л доо. Өөрийнхөө дүү нартаа гомд л доо. У.Хүрэлсүх, М.Энхболд, Г.Занданшатар хэн байдаг юм. Өөрөө МАН-ын дарга байсан хүн биз дээ. Харин би болохгүй бол дараагийн улс төрийн алхмаа хийдэг юм уу даа гэж бодож байна.
-МАХН-аас гарч, АН-д элсэхийг хэлж байна уу?
-Дараагийн алхам гэдэг нь намаасаа гараад намд орох шийдвэр биш. Гарч ч болно, гарахгүй ч байж болно.
-Тэгвэл Н.Энхбаяр таныг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэвэл яах вэ?
-Энэ хүн нэр дэвшүүлэхгүй гэвэл надад хувь хүнийхээ хувьд хэвлэл, олон нийтэд ярих зүйл гэж бий. Би ярих ёстой зүйлийнхээ 3-5-хан хувийг л ярьдаг хүн.
-БИ БҮХ ХҮНИЙ ӨРИЙГ ТЭГЛЭХ ЁСТОЙ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ-
-Ингэхэд Засгийн газрын өнгөрсөн даваа гарагийн ээлжит бус хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмжийг хүлээж авч, УИХ-д хуулийн төслийг өргөн барилаа. Таны хувьд ахмадуудыг алагчилж болохгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?
-Би улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан хүн улс төрийн шийдвэр гаргах ёстой. Гэхдээ нөгөө талаараа би хуульч хүн. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг харах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг нь нийт ард түмний өмч гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх үүрэгтэй. Энэ утгаараа тэтгэврийн зээлээ тэглэж байгаа зээлтэй хүн, зээлээ төлсөн хүн болон зээл аваагүй иргэдэд тэгш хуваарилах шаардлагатай юм. Хамгийн гол нь, тэтгэврийн зээлийг хэрхэн, яаж тэглэх гээд байна гэдэг нь анхаарал татаж байна. Шууд хэлэхэд, Монгол Улсад мөнгө байхгүй. ОУВС-гийн хөтөлбөрт яагаад хамрагдав гэдгийг дахин бодож үзэх ёстой. Монгол Улс өнөөдөр 29 тэрбум ам.долларын өртэй байна. Бид өр, зээлээ заавал төлөхгүй бол газар нутгаа алдана л гэсэн үг. Энэ бол олон улсын хууль.
Гэтэл 2021 онд "Чингис", "Самурай" бондын болон МАН-ын тавьсан өр ар араасаа төлөгдөж эхэлнэ. Ийм үед хамгийн эхэнд мөнгө олдсон тохиолдолд улсын өр, дараа нь иргэний өр гэсэн зарчмаар дарах хэрэгтэй. Энэхүү зарчмаар би бүх хүний өрийг тэглэх ёстой гэж хэлж чадахгүй байгаа юм. Чадахгүй байна гэдэг нь эсэргүүцэж байгаа гэсэн үг биш. Эсэргүүцэх гэдэг нь огт болохгүй гэсэн үг юм. Үнэхээр боломж байгаа бол хуулийн дагуу шийдээд л явах ёстой. Тэр утгаараа өнөөдөр хууль зүйн үүднээс ямар байна вэ гэдгээ харах хэрэгтэй гэсэн санаа юм. Өнөөдөр Монгол Улсад зургаан том банк байна. Нийт тэтгэврийн зээлтэй иргэний бараг 70 орчим хувь Хаан банк, 15 орчим хувь нь Төрийн банканд байна. Үлдсэн нь бусад банканд байгаа юм. Энэ тохиолдолд Хаан болон Төрийн банк хүлээж авах уу гэдэг нь сонин. Үүнийг асуух хэрэгтэй. Учир нь, өрийг л солих процесс юм. Банк ямар байр суурьтай байгааг мэдэхгүй. Одоо хүртэл ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй байна. Тиймээс өмнөөс нь хариулах хэцүү юм.
-Гэхдээ Монгол Улсын төсөвт ямар нэгэн хүндрэл гарахгүй, тодотгол хийхгүй. Гагцхүү "Салхитын мөнгөний орд"-ыг эдийн засгийн эргэлтэд оруулж түүгээрээ тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яриад байгаа шүү дээ. Энэ тооцоо, судалгаа хэр бодитой, боломжтой юм бэ?
-Миний тооцоолж байгаагаар "Салхитын мөнгөний орд" газрын цэвэр ашиг нь 122 тэрбум төгрөг. Харин 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай орд юм. Түүнээс 800 тэрбум төгрөг биш шүү. Яаж тооцохоороо 800 тэрбум төгрөг гэж яриад байгааг мэдэхгүй байна.
-Та Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй нь танилцсан уу?
-Үгүй. Хараахан танилцаагүй байна. Гишүүдэд тодорхой хугацааны дараа тараагддаг. Гэхдээ мэдэгдлээс харахад нэг ноцтой заалт байна билээ. Тэр нь миний сэтгэлийг зовоож байна.
-Ямар заалт билээ?
-Тэтгэврийг гурван сараар урьдчилж өгөх заалт. Урьдчилж өгч байгаа нь асуудал юм. Энэ бол маш аюултай.
-Яагаад тэр вэ?
-Энэ бол Монгол Улсын тэтгэврийн санд жинхэнэ утгаар нь аюул учруулна. Нэг үгээр хэлбэл, хоосолно гэсэн үг. Яагаад гэвэл цалин болон тэтгэврийн зээл бол ирээдүйд орж ирэх орлогоос нь хамаарч банк урьдчилаад мөнгийг нь иргэдэд өгдөг. Ирээдүйд ирж байгаа орлого нь хүн нь нас барсан тохиолдолд батлан даагчаас нь нэхдэг, амьд байвал хууль учраас байнга мөнгө нь орж ирдэг юм. Энэ ч утгаараа найдвартай эх үүсвэр гэж үзээд банк урьдчилж хувийн хөрөнгөө өгч байна гэсэн үг. Одоо бол урьдчилж өгөх боломжгүй болохоор банк нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг урьдчилж өг гэсэн л санаа байна. Энэ чинь автоматаар тодорхой сард бүх хүний тэтгэвэр гурав дахин өсөх боломжтой. Гэтэл Монгол Улсын түүхэнд тэтгэврийг гурав дахин нэмж байсан тохиолдол байхгүй. Энэ тохиолдолд нийт тэтгэвэр авдаг иргэд тэтгэврээ нэг зэрэг урьдчилж авна гэвэл яах юм. Өгөх мөнгө нь байхгүй, тийм боломж ч байхгүй шүү дээ. Энэ бол жинхэнэ поп заалт.
-БИ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАЖ БОЛНО-
-Таныг дээрх асуудалтай холбогдуулан хуулийн төсөл санаачилсан гэж сонссон. Хэзээ өргөн барих вэ?
-Би хууль өргөн барина гэж ярьсан. Хуулиа өргөн барихын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулсан. Албан бичгийн хариугаа нэхэж, шаардаж байна.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд явуулсан албан бичгийн тань агуулга нь юу вэ?
-Тэдний тооцоо, судалгааг нь харах хэрэгтэй байна. Учир нь, Монгол Улс дотоодын банкаа эрсдэлд оруулж болохгүй. Арилжааны банк нь хэнийх байх нь хамаагүй доголдолд орох л юм бол сүйрнэ. Тэгэхээр арилжааны банкуудыг доголдолд оруулахгүй үндэслэл байгаа эсэхийг харах хэрэгтэй байна. Тиймээс шаардаж, асуугаад байгаа юм. Нөгөө талаараа зарчмаа хараач ээ гэдгийг хэлээд байгаа юм. Зарчмаа харахын тулд дөрвөн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, хууль зүйн маргаан дууссан уу. Учир нь, аливаа бондод орж байгаа хөрөнгө нь маргаангүй байж босдог. Хоёрдугаарт, бонд хүлээн авагчид нь зөвшөөрч байгаа нь үнэн үү. Шууд дарамтлах, тулгах байдлаар шийддэг. Тэр нь сүүлдээ хэвийн системийг алдагдуулах вий. Гуравдугаарт, ялгаварлаж болохгүй. Хэнийг ч ялгаварлахгүй байх нь Үндсэн хуулийн зарчим. Дөрөвдүгээрт, ТЭЗҮ нь хэр бодитой вэ, 800 тэрбум төгрөг гэдэг нь үндэслэлтэй юу. Үүнийг л асуугаад байгаа юм. Миний хууль бэлэн байна. Гэхдээ энэ дөрвөн асуудал ойлгомжгүй байна.
-Та намаасаа ганцаараа сонгогдсон. Өөрөөр хэлбэл, танд улс төрийн шийдвэр гаргах эрх зүйн орчин байхгүй. Дээр нь, Засгийн газар танаас түрүүлээд хуулиа өргөн барьчихлаа. Энэ тохиолдолд танд ямар боломж байгаа вэ?
-Үнэн. Ажлын хэсэгт орж ажиллаж болно. Шүүсийг нь шахаад шийдэлцээд явна л гэж бодож байна.
-Танай МАХН-аас тэтгэврийн зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөг олгох ёстой гэж мэдээлэл хийсэн. Шаардлага тавьсан. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?
-Сонгуулийг хуулийг эргэж харах ёстой. Энэ бол маш чухал хууль. Сонгуулийн жил эхэлчихсэн. Нэр дэвшихгүй бол хамаагүй хүссэнээ ярь. Хүссэнээ амла. Нэр дэвших бол тэр яриад байгаа зүйл өөрийн чинь эсрэг болно шүү. Энэ утгаараа өнөөдөр би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд л ярих эрхтэй болчихсон байна. Давуулсан амлалт өгөх, давуулсан шаардлага тавих боломжгүй.