Н.Учрал: Оюуны өмчөө барьцаалж, зээл авч болно
2020.01.29

Н.Учрал: Оюуны өмчөө барьцаалж, зээл авч болно

Эх сурвалж. Үндэсний шуудан сонин, сэтгүүлч Б.БАДРАЛМАА

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

 
-УИХ-ын пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар Оюуны өмчийн тухай хуулийг баталсан. Хуулийг санаачилсан гишүүний нэг нь та. Энэ хуулийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс анх 1979 онд дэлхийн Оюуны өмчийн байгууллагад гишүүнээр элссэн. 1990 оноос хойш Монголд бизнесийн орчин өсөн нэмэгдэж, хувийн компаниуд олноор төрөн гарсан. Мөн гаднын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг болж, тухайн бизнес эрхлэгчид өөрсдийн барааны тэмдэгт, оюуны өмчийг хэрхэн хамгаалах вэ гэдэгт анхаарал хандуулах болсон. Манай бизнес эрхлэгчид ч өөрсдийн бараа, тэмдэгт, үйл ажиллагаа, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, зохиогчийн эрхээ хамгаалуулах шаардлага үүссэн.  Үүнтэй холбоотой оюуны өмчийн эрхийн хамгаалалт үүсэж, бүртгэл хийснээр давхцал үүсэх, оюуны өмчийн хулгай гарах, эрх нь зөрчигдөх зэрэг маргаантай асуудал гарах болсон. Оюуны өмчтэй холбогдсон харилцааг 30 жилийн турш Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг байв. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийн суурь харилцаа, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо гэж байгаагүй. Иймд дэлхийн оюуны өмчийн байгууллагаас шаардлага ирүүлж, манайхыг гишүүний үүргээ биелүүлсэнгүй, оюуны өмчийн байгууллага зөвхөн бүтээлийг бүртгэх үүрэгтэй байгууллага биш, тусдаа статустай байгууллага байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ингээд Улсын бүртгэл, оюуны өмчийн байгууллагыг салгах, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлууллаа.

-Энэ хуульд ямар чухал заалт оруулсан бэ. Оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж чадах уу?

-Оюуны өмчийн тухай хуулийг баталснаар зуучлалын үйлчилгээ үзүүлэх, оюуны өмчийн харилцаа бий болгох, худалдаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Цаашдаа оюуны өмчийн бүтээлийг албан ёсны И-патент цахим хуудсаар бүртгэдэг болно. Хиймэл оюун ухаан ашиглан код уншуулж бүтээл, бүтээгдэхүүнийг бүртгэснээр оюуны өмчийн давхардал гарахгүй. Жишээ нь, шинэ дуу гаргаж үүнийгээ хиймэл оюун ухаан ашиглан бүртгүүлснээр дараагийн ижил төстэй дууг бүртгэхгүй гэсэн үг.

Бүтээгдэхүүний ашигтай загвар, шинэ технологи, бараа үйлчилгээний тэмдэгт ч мөн ялгаагүй. Мөн оюуны өмчийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх байгууллагад татварын таван хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Ингэснээр оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх  боломжийг нээлттэй болгож байгаа юм. Оюуны өмчийг бүртгэх мэргэшсэн үнэлгээчид гэсэн статусыг бий болгоно. Мэргэшсэн үнэлгээчид зохиогчийн эрхийг хамгаалж, бүтээгдэхүүнийг үнэлнэ. Зохиогч бүтээлээ банканд барьцаалан зээл авах боломжтой. Оюуны өмчийн тухай хуульд бүтээл, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр нэлээд анхаарсан. Түүнчлэн оюуны өмчтэй холбоотой маргааныг шүүх дээр очихгүй шийдвэрлэдэг болно. Монголчууд шинэ технологи, бүтээгдэхүүний загвар гаргаж, түүнийгээ хамгаалуулах эрх зүйн орчин бүрдсэн.

-Хиймэл оюун ухаанаар бүтээгдэхүүн, бүтээлийг бүртгэдэг болно гэлээ. Бүртгэх технологи нь манайд бий юү. Хэзээнээс ашиглаж эхлэх вэ?

-“АйСиТи” группын “Айтүүлс” компани блокчэйн технологи дээр Хыөрөнгийн бирж байгуулсан. Уг хуулийг санаачлахдаа би тус компанийн залууст программ бүтээх санал тавьсан. Одоо загвар нь бэлэн болсон байна лээ. Саяхан “Дэмо”-г нь үзсэн. Энэ программ бэлэн болсны дараа өмнө нь бүртгүүлсэн зохиогчийн эрхийг архивлаж оруулна.

-Та тэтгэврийн шинэчлэл хийх шаардлагатай гэх санал гаргаж УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай тэтгэврийн сан 1995 оноос хойш уналтын байдалтай явлаа. Өнөөдөр тэтгэврийн сан алдагдалд орчихсон. Алдагдал орчиход байхад малчдын тэтгэврийн насыг наашлуулна гэх популист шийдвэрүүд гаргасан хэвээр байна. Гаднын бусад оронд тэтгэврийн сан нь хөрөнгө оруулагч болдог. Харин манайд эсрэгээрээ жил бүр 600 тэрбум төгрөгийг төсвөөс татаж байна. Тэтгэврийн сан алдагдлаа нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлээ нэмдэг, эсвэл тэтгэврийн насыг хойшлуулдаг. Энэ тогтолцоо цаашдаа хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.

Ер нь нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан, ажил олгогч аль, аль нь төлөх дургүй байдаг. Үр шимийг нь хүртэж чадахгүй  байгаа юм чинь аргагүй шүү дээ. Ихэвчлэн ипотекийн зээл авах, цалингийн  зээлд ороход хэрэг болно гэсэн ойлголттой шимтгэл төлж байна. Тэгэхээр бид үүнд шинэчлэл хийх цаг болсон. УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг хэсэг байгуулсан. Ажлын хэсэг эхлээд хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргана. Ингээд Засгийн газарт өргөн барих тогтоол санаачилна. Энэ тогтоолыг бид хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгаа. Мөн үүнтэй холбоотой бид Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барина.

-Тодруулбал?

-Тэтгэвэр авагч улсын болон хувийн тэтгэврийн сангаас мөнгө авдаг болно. Нийгмийн даатгалын санд төлдөг шимтгэлээсээ улсаас тэтгэвэр авна. Харин хувийн тэтгэврийн санд иргэд сайн дураараа хамрагдана. Уг нь энэ хуулийн төслийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам боловсруулсан байсан юм билээ. Гэхдээ миний боловсруулсан концепц  үүнээс арай  өөр. Жишээ нь, 19 хувийн нийгмийн даатгал төлж байгаа бол үүний дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд олгоно.

Ингэхдээ иргэдээс санал авах ёстой. Цаашдаа хувийн тэтгэврийн сан хуримтлал үүсгэж, хүмүүст бэлэн мөнгөнөөс гадна бонд, хувьцаа эзэмших эрх санал болгож болно. Хувийн тэтгэврийн сан байгуулчихвал таван жилийн дараа хуримтлал үүсчихнэ. Ингээд хуримтлал үүсгэснээр мөнгөө урьдчилж авах боломжтойгоос гадна үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээж болно. Ингэж тэтгэврийн санг  хөрөнгө оруулагч болгох хэрэгтэй. Энэ хууль одоо тэтгэвэрт гарчихсан байгаа хүнд зориулаагүй. Залууст, ирээдүйд хэрэгтэй. Өр биш өв үлдээдэг тогтолцоотой болно.

-УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойрог, олон мандат гэсэн тогтолцоогоор явуулахаар тогтсон. Тойрог, мандатын хуваарилалтыг энэ долоо хоногт шийднэ. Нийслэлийн мандатын тоог хасах нь зөв үү?

-Нийслэлийн мандатыг цөөлж, Сонгинохайрхан дүүргийг таван мандаттай болгоно гэж ярьж байна. Үүнийг би дэмжихгүй. Нийслэлийн хүн амын олонх нь буюу 328 мянган иргэн, 240 мянга сонгогч манай Сонгинохайрхан дүүрэгт бий.  Таван мандат энэ дүүрэгт багадна. Нийслэлээс сонгогдсон гишүүд багадаа 10 мянган хүний саналаар УИХ-д орсон. Гэтэл хөдөө орон нутгаас 4200 саналаар УИХ-д сонгогдсон хүн байгаа. Тооны зөрүү асар их байна. Хүн төлөөлж байгаа юу, газар нутаг төлөөлөх үү гэдгээ  тодорхойлох