Э.Хулан:

Хилийн чанадад байгаа Монгол хүүхдүүд Монгол Улсын баялаг юм


7 минут уншина
Э.Хулан: Хилийн чанадад байгаа Монгол хүүхдүүд Монгол Улсын баялаг юм

Монгол Улсын Гадаад харилцааны яамны судалгаагаар 140.000 гаруй Монгол иргэн гадаад улсад амьдарч байна. Тэдэнд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлэх мөн Монгол Улсын хууль, журмын дагуу нийгмийн хамгаалалд хамруулах, тусламж дэмжлэг үзүүлэх, эх орондоо эргэн ирж хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг сайжруулах, хэл, соёлоо өвлөн хадгалах зэрэг асуудлуудад анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бодитоор үүсээд байна. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсад 40.000 гаруй, АНУ-д 28.000, Австри Улсад 3000, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 910, Австралид 500 гаруй Монгол иргэд амьдарч байна. Энэ тооны цаан мөн л олон мянган Монгол хүүхдүүд бий. Тэдэнд эх хэл, эх орных нь тухай мэдээлэл, Монгол соёл, сэтгэлгээг төлөвшүүлж таниулах нь тэдний эцэг, эх, гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал болохыг хилийн чанадад байгаа Монголчууд хэлдэг. 

Vip76.mn сайт энэ чиглэлд анхаарч, зүрх сэтгэлээ зориулж яваа нэгэн эмэгтэйтэй ярилцаж, хилийн чанадад байгаа Монгол хүүхдүүдэд номоор дамжуулан эх хэл, Монгол соёлыг танилцуулж байгаа тухай нь дэлгэрэнгүй ярилцлаа. 


Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

- Сайн байна уу? Намайг Хулан гэдэг. Би гэр бүлийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдардаг. Би 2 найзтайгаа нийлээд “Leader” хэмээх компанийг үүсгэн байгуулж, бага насны хүүхдүүдэд зориулсан бүтээлүүдийг Монгол, Англи, Солонгос хэл дээр гаргаж байна. 2010 онд БНСУ-д суралцахаар оюутан болж ирсэн. Их сургуулиа төгсөөд Гэр бүл зохион, ээж болсон. Би Олон Улсын Харилцааны мэргэжил эзэмшсэн. Сүүлийн хэдэн жил уншлагын ментор буюу бага насны хүүхдийн ном унших дадал хэвшлийн талаар судалгаа хийж, өөрийгөө хөгжүүлэн ажиллаж байна. 

Leader book - ийн үүсгэн байгуулагчид

Яагаад бага насны хүүхдийн хэлний боловсролын чиглэлд ажиллахаар шийдсэн бэ?

- Анх ээж болоод, хүүхэд төрүүлээд, өсгөөд ирэхээр энэ асуудлыг илүү мэдэрдэг юм байна. Дээр нь хилийн чанадад амьдарч байгаа Монгол хүүхдүүдийн хэлний боловсрол алдагдаж байгаа нь маш харамсалтай санагддаг. Тиймээс хүүхдээ хэрхэн хос хэлтэй хүүхэд болгох вэ? Яаж Монгол сэтгэхүйтэй хүүхэд болгох вэ? Эргээд эх орондоо очоод нийгэм, соёлоосоо хоцрогдсон, гадуурхагдсан хүүхэд болохгүйн тулд хэлний асуудлыг нь бага наснаас нь шийдвэрлэж өгөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хэл нь хүнтэй л харилцах түвшинд байхад болдог зүйл биш юм байна гэдгийг ойлгосон. Надтай нэг зорилготой боловсролын чиглэл, баг насны хүүхдийн ном уншилгын чиглэлийн мэргэжил, сэтгэлтэй эмэгтэйчүүдтэй нэгдээд гадаадад оршин сууж байгаа Монгол хүүхдүүддээ зориулаад хэлний боловсролыг гэр бүлийн оролцоотойгоор дэмжих төслийг эхлүүлсэн. Энэ бол “Уншигчдаас удирдагч” гэдэг нэртэй. 

“Бяцхан хулгануудын тооны ухааны цуврал үлгэр” цуврал ном

“Бяцхан хулгануудын тооны ухааны цуврал үлгэр” цуврал ном

Боловсролын чиглэлийн бизнес эхлүүлэх болсон шалтгаан нь юу вэ?

- Энэ бол бизнес гэхээсээ илүү өөрт байсан асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Мөн гэр бүлүүддээ, хүүхдийн хөгжилд нь хувь нэмэр оруулах, өөрийн эзэмшсэн мэргэжилээ ашиглан эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүссэн учраас энэ төслөө эхлүүлсэн. Судалгаа хийгээд, таньж мэдээд ирэх тусам улам өргөжөөд, илүү ихийг хийх боломж нээгдэж байна. 

Хилийн чанадад байгаа Монгол хүүхдүүд бол Монгол Улсын үнэт баялаг юм. Энэ хүүхдүүд эх орондоо буцаж очоод шинэ урсгал, шинэ хөгжлийг бий болгоосой, Монгол хэлтэй, Монгол сэтгэхүйтэй шинэ хөдөлгөөнийг бий болгоосой гэж хүссэн учраас энэ ажлаа хийж эхэлсэн юм. Хүний оюуны потенциалыг бага наснаас нь зөв, зохистой үед нь ашиглаж, шилдэг лидер уншигч, анхаарлаа өндөр төвлөрүүлэх чадвартай, гүнзгий эрдэм мэдлэг, боловсролтой Монгол иргэдийг бий болгохыг хүссэн юм.
Монгол зохиол, соёлын талаарх бүтээлүүдийг хэрхэн энэ хаэлбэрт шилжүүлэх боломжтой вэ?

- Монголын ном, зохиол хэвлэн, гаргаж байгаа компаниуд бидэнд санал тавьж байгаа. Бид орчуулга, дуу оруулалт хийх, хэрхэн хэвлэх зэрэг судалгаагаа хийгээд эхний түвшинд яригдаж байна. Цаашлаад номуудаа уламжлалт байдлаар, контент байдлаар хүргэнэ. Зөвхөн орчуулгын ном ч биш Монгол зохиолчдын бүтээлийг гадаадад байгаа Монголчууд болон гадаад уншигчдад хүргэх боломжтой гэж харж байна. 

Яагаад номыг сонгосон бэ?

- Монгол гэр бүлүүд, эцэг эхчүүдэд ном уншлагын дадал хэвшил бага байдаг. Ялангуяа хүүхдэд ном уншлагад зориулсан зүйлс их бага байдаг. Хүүхдийг сургуульд ороод бичиг сурсных нь дараа л ном уншуулах гээд байдаг. Гэтэл ном нь харилцааг бий болгодог. Номоор дамжуулаад гадаад хэлийг хүүхдэд зааж болдог. Эх хэлийг нь заая. Эхийн хэвлийд байхаас нь төрөлх хэлийг нь заая. Эх хэлний боловсролыг нь алдагдуулахгүйгээр гадаад хэлийг хэрхэн зааж болох тухай бид судалж үзсэн. Мөн эцэг эхчүүд хэрхэн цаг гаргаж, ямар аргаар хос хэлийг хүүхэддээ зааж болохыг судалсны үндсэн дээр бид 3 хэл дээрх номуудаа гаргасан. Энэ нь 3 хэлээр номын эх бичвэрийг бичээгүй. Сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан энэ асуудлаа шийдсэн. БНСУ нь дэлхийд технологийн дэвшилээрээ тэргүүлж байгаа улс. Энэ утгаараа БНСУ-ын Say pan гэх үзгийг олсон. Энэхүү үзгийн тусламжтайгаар номынхоо эх бичвэрийг Монгол хэл дээр бичсэн ч номынхоо дээд өнцөгт байрлах Монгол, Солонгос, АНУ-ын далбааны зураг дээр үзгээрээ дарахад тухайн хэлээр номын бичвэрийг үзэг уншиж өгөх юм.  


Say pan ашиглан ном унших

Гадаад хэл гэдэг бол сонсгол хамгийн чухал байдаг. Хүүхэд тухайн үгийг сонсох, дадал хэвшил, мэдрэмжийг бий болгох хэрэгтэй. Эцэг эхчүүд гадаад хэл заана гэхээрээ тухайн хэлний Цагаан толгойноос эхлээд заагаад байдаг. Гэтэлд үгүй юм. Бага насны хүүхэд бол ном уншингаа амьд харилцааг бий болгон эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, шинэ үг сурч, хэлний мэдлэгээ нэмэдүүлэх, цаашлаад эх хэлээ ч орохигдуулахгүй суралцах боломжтой юм. Тиймээс бид эхний удаадаа “Бяцхан хулгануудын тооны ухааны цуврал үлгэр” гэсэн 10 цуврал номоо гаргаж эхэлсэн. 

Монгол үлгэр, Монгол хүүхдийн ном зохиолыг бус яагаад орчуулгын номыг сонгосон бэ? 

- Таны хэлсэн шиг асуулт, саналууд бидэнд их ирдэг л дээ. Гэхдээ гадаад хэлний суурьтай, тухайн улсдаа төрж, өсөөд, сурч боловсорч байгаа Монгол хүүхдүүдийн хувьд шууд Монгол хэл, соёлыг ойлгох нь хэцүү, хүнд байдаг. Тиймээс эхлээд хүүхдийн сэтгэхүйд ойр байх орчуулгын ном, зохиолыг ашигласан. Цаашдаа хэрэглэгдэхүүнүүдээ нэмэх зорилготой ажиллаж байгаа. Бидний гаргасан цуврал ном нь хүүхдийн сонирхолыг татах үүднээс жүжиглэлттэй дуу оруулгатай хийгдсэн. Мөн Монголын зах зээлд байгаа хүүхдийн номуудад судалгаа хийж үзээд Монголд байхгүй төрлөөр номоо гаргахыг хүссэн. Хүүхдийн ном гэхээрээ л хүүхэд өөрөө л унших зориулалттай гэж боддог. Харин бид энэ номоо гэр бүлийн ном болгохыг хүссэн. Ээж аав нар хүүхэддээ ном уншиж өгдөг. Номоор дамжуулж харилцааг үүсгэх, бүтээлч ажил хийж, ямар тоглоом тоглох боломжтой зэргийг номондоо оруулсан. Тиймээс гэр бүлийн харилцааны ном гэж хэлж болно. 

Say pan үзэгний давуу тал нь юу вэ? 

- Энэ үзгээр зөвхөн манай номыг уншдаггүй. Say pan гэсэн тэмдэглэлтэй 30 мянга гаруй боловсролын хэрэглэгдэхүүн бий. Тэдгээрт бүгдэд ашиглах боломжтой. Жишээ нь ханын наалт, Дэлхийн бөмбөрцөг, Газрын зураг гэх мэт. Монгол, Солонгос, Орос, Англи, Вьетнам хэл дээр маш олон хэрэглэгдэхүүнийг танихад ашиглаж болно. Зөвхөн ном уншаад зогсохгүй гэр бүлдээ хэрэглээ болгоод гадаад хэлийг сурах боломжтой. Энэ үзэг өөрөө бичлэг хийх боломжтой, 16gb, 32gb-ын багтаамжтай 2 төрөл байдаг. Өөрийн сурч байгаа гадаад хэлээ үзгэндээ сануулж бичлэг хийгээд, хаана ч авч яваад түүнийгээ сонсоод хэлний мэдлэгээ сайжруулах бүрэн боломжтой юм. 

Гурван хэл дээрх ном одоогоор хэдэн цуврал гараад байна вэ?

- “Бяцхан хулгануудын тооны ухааны цуврал үлгэр” ном нь нийт 10 цуврал. 9 ширхэг үлгэрийн ном, 1 хөтөч номтой. Хөтөч ном нь номыг хэрхэн ашиглах заавар биш 9 үлгэрийн номынхоо агуулгыг 3 хэл дээр бүгдийг нь оруулсан. Тиймээс нэг ном, нэг үзгээр хаана ч явсан хүүхдийнхээ хэлний мэдлэгийг дэмжих, гэр бүлийн харилцааг бий болгох боломжтой юм. 

“Бяцхан хулгануудын тооны ухааны цуврал үлгэр” ном хэр их эрэлттэй байгаа вэ? 

- Монголчуудын соёлын нэг онцлог бол гэр бүлээрээ амьдрах, гэр бүлсэг хүмүүс шүү дээ. Гадаад ажиллаж, амьдарч байгаа Монгол гэр бүлүүд номыг маань маш сайн мэддэг болсон. БНСУ-д амьдарч байгаа олон Монгол гэр бүлүүд ч ихээр хэрэглэдэг болж байна. Монголд ч гэсэн танигдаж эхэлж байна. Одоо Австрали, Швед, Япон зэрэг улсад байгаа Монголчууд их хандаж байна. Хилийн чанадад гэр бүлээрээ амьдарч байгаа Монголчууд тухайн улсад төрсөн, бага насандаа очсон, тухайн улсын соёл, боловсрол дунд хүмүүжиж байгаа хүүхдүүдийнхээ Монгол хэл, соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлд их анхаарах болсон. Энэ нь эргээд маш бэрхшээлтэй асуудал учраас энэ чиглэлд анхаарч, зүрх нь цохилж явдаг болсон. 

Номоо хаана, ямар стандартаар хэвлүүлдэг вэ?

- Бид номоо БНСУ-д хэвлүүлж байна. Олон улсын хүүхдийн номын стандартыг шингээж байна. Номын будаг байгалийн самрын тосны будгаар хийгддэг учраас бага насны хүүхдэд хоргүй. Хавтас нь хатуу учраас урт хугацаанд хэрэглэх боломжтой. 

Танай номыг бүрэн хэрэглэхийн тулд 10 цуврал номоос гадна Say pan үзгийг заавал авах хэрэгтэй юм байна. Үзэгний үнэ ханш хэр вэ?

- Say pan үзэг нь зөвхөн манай номоор төдийгүй дэлхийн олон оронд тухайн орны ном зохиол, хэрэглэгдэхүүн дээр ашиглагддаг учраас түгээмэл танигдсан бүтээгдэхүүн болсон. 10 цуврал ном маань багцаараа 90,000 вонн буюу 200,000 орчим төгрөг, Үзэгний хувьд 16gb, 32gb гэсэн батгаамжаасаа шалтгаалан өөр үнийг санал болгож байгаа. 32gb үзэг маань 149,000 вонн буюу 340 орчим мянган төгрөгийн үнээр борлуулж байна. Энэ үзгийг аваад нэг удаа хэрэглэхгүй. Маш олон бүтээл, боловсролын хэрэглэгдэхүүн дээр олон хэл дээр ашиглах боломжтой бөгөөд дуу хураагуур болон бичлэгээ хадгалах, дахин давтан сонсох гэх мэтээр урт хугацаанд ашиглагддаг давуу талтай юм. Монголд авахыг хүссэн захиалга сүүлийн үед нэмэгдэж байгаа. Бид захиалгыг нь аваад илгээмжээр гэр бүлүүддээ хүргэж байна. 

Дараагийн бүтээл юу байх вэ?

- Хэдхэн хоногийн дараа шинэ бүтээлээ бид хэвлэлтээс хүлээж авна. Энэ бол дадал хэвшлийн тухай ном байгаа. Дадал хэвшил гэж юу вэ? Хүүхэд эцэг эхийнхээ оролцоотой хэрхэн зөв дадал хэвшлийг эзэмших ёстой вэ? гэдгийг энэ үзгээ ашиглан олон хэл дээр уншиж, сонсох боломжтой ном юм. 

Ярилцсан Ц.Соёлмаа