Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа
2020.02.04

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа

Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэлээр ахлуулсан баг өнөөдөр шинэ коронавирусийн халдвар гарсан нөхцөлд  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа. 

УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх эмнэлгийн ерөнхий захирлын тушаалаар шинэ корона вирусийн халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, тасагт орж ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай танилцууллаа.

Эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад өвчтөнд халдвар тархаахгүйн тулд тусгаарлах буюу улаан бүс, ариутгал халдваржуулалт хийх шар бүс, халдваргүй буюу ногоон бүс гэж ангилан ажиллаж байна. Эмч, сувилагч нар  тусгайлан бэлтгэсэн өрөөнд зориулалтын хувцас хэрэгсэлээ өмсөн улаан, шар бүсээр нэвтэрч хэрэгхэн ажиллах үзүүлэх сургалт хийж танилцуулав.

Амбулатори болон Яаралтай тусламжийн тасгаас сорьц авагдсан шинэ корона вирусийн сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр эмнэлгийн гадуур тээвэрлэх зураглал гаргасан байна. Мөн тусгаарлах хэсгээс амьсгалын дутагдал гүнзгийрсэн, зохиомол амьсгал үргэлжлүүлэх шаардлагатай өвчтөнг эрчимт эмчилгээний тасгийн тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхэд тус тус зураглал гаргасан байна.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “ Эмнэлгийн хэмжээнд шинэ корона вирусийн халдвар илэрсэн нөхцөлд хэрхэн ажиллах, хувцас хэрэгсэлээ өмсөж хэвших, хэрхэн ариутган халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл ханган ажиллаж байна. Одоогоор 40 ор бэлтгээд байна. Үүний сорьц өгсөн сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэгт 6, сорьц эерэг гарсан, амьсгалын дутагдалгүй, цусны эргэлт хэвийн өвчтөнд зориулсан 24, амьсгалын дутагдалтай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнд зориулсан 10 ор байна. Нэмэлтээр 15 ор гаргах боломжтой.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УНТЭ-ийн бэлэн байдалд сайн үнэлгээ өгч, өндөр бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ. Мөн тэрбээр “Хэрэв халдварын тохиолдол гарвал нэг өвчтөнтэй харьцаж 4-5 эмч, сувилагч улаан бүсэд  өдөрт 5 удаа нэвтрэн ажилладаг. Тэгэхээр нэг удаагийн хувцас хэрэгсэл, ариутгалын бодис маш их хэрэгтэй юм. Одоогоор нэг удаагийн хувцас хэрэгслийн хангалт хангалтгүй байгаа учраас  Засгийн газарт хандах болно ” гэлээ.